-Монгол охин таньд санал тавьж, энд тоглооч ээ гэхэд та нэг их удаан
бодолгүй зөвшөөрсөн юм билээ. Зөв цагт нь, зөв газар нь урьсан болохоор тэр үү?
-Би урьд Монголд очиж тоглох юмсан гэж
хэдэн удаа оролдож байсан ч бүтээгүй. Яг товлох гэхээр л ямар нэг юм нь бүтэхээ
больчихно, эсвэл виз гарахгүй, эс би өөрөө завгүй болчихдог. Гэхдээ хэзээ нэгэн
цагт энэ биелнэ гэдэгт бол итгэлтэй байсан. Тэр үед Оюунномин гэж охин надтай
холбогдож, тоглолтын талаар санал тавихад, “Зах, дахиад нэг удаа оролдоод үзье”
гээд түүнд хөтлөгдсөн. Юу болохыг нь харж л байя гэж бодоод зөвшөөрсөн хэрэг.
-“Гоодаль” сэтгүүлд өгсөн ярилцлагадаа та энд ирээд “Монгол соёл, ялангуяа
язгуур урлаг нь хэрхэн өөрчлөгдсөн болохыг мэдэхийг хүсэж байна” гэсэн байсан.
Та хайснаа олов уу?
-Наяад оны эхээр буюу анх уртын дуу дуулж
эхлэх үедээ монгол уртын дуучдын дууг хайж, сонсдог байлаа. Өвөрмонголынх ч бас
ялгаагүй. Тувагийн буюу бидний дуулдаг хэв маягтай ерөнхийдөө төстэй байсан нь
дөнгөж эхэлж буй надад сонин бөгөөд дотно санагдсан. Дараа нь бүр донтох шахаж,
маш олон дуу, хөгжим сонсоод ирэхээр ер нь шинэ хэв маяг эрэлхийлж, өөр байх
юмсан, гэхдээ бас үндсэн соёлыг нь нугачихгүйг хүсэх болсон. Жишээ нь, Тувагийн
уртын бараг л бүх дууг хүчтэй хоолойгоор эхэлж, цааш хөвөрдөг байсан бол одоо
энэ нь өөрчлөгдсөн. Тийм болохоор Монголд бас яаж вэ гэдгийг нь үзье гэсэн нь ч
энэ удаагийн аялан тоглолт маань шахуу хуваарьтай байсан болохоор завдал
таарсангүй.
-Монгол дахь анхны тоглолт бусад аялан тоглолтоос тань өөр байсан болов уу.
“Mother earth, father sky”-д дуулах дуугаа сонгоход соёлын эсвэл
дотоод сэтгэлийн нөлөө байсан уу?
-Тувагийн иргэн би бээр Монголын хэдэн
зууны түүхийг хэрхэн харж буйгаа гаргаж харуулахыг хичээж, дуунуудаа сонгосон.
Тэгэхдээ бүр эхнээс нь одоог хүртэлхийг шүү. Тийм ч болохоор “Old melody”-гоо дуулсан, дараа нь хөөмийтэй, тэгээд
электро хөгжимтэй хослуулан дуулсан болохыг та бүхэн анзаарсан байх. Монгол
соёл зугуухан өөрчлөгдөж байна, язгуур урлаг ч ялгаагүй. Бас би!
-Та Европт, өөрийн тань хэлсэнчлэн “Хойд эхийн хот”-доо олон удаа тоглосон.
Харин одоо Монголд ирээд байна. Тоглолтын тайз, үзэгчдийн угсаа гарал өөрчлөгдөөд
ирэхээр ямар нэг ялгаа гарах юм уу?
-Анхны тоглолт байсан болохоор ямар нэг
дүгнэлт хийх хэцүү. Тэдэнд миний дууг сонсох, надад монгол үзэгчидтэй
холбогдоход цаг хугацаа хэрэгтэй. Гэхдээ надад сэтгэгдэл төрсөн. Европын үзэгчдийн хөгжмийн боловсрол өндөр,
акдемик талдаа, тэд сайнаас муу хүртэл маш олон янзын уран бүтээл сонсож,
“хатуужсан” хүмүүс. Харин энэ тоглолтод ирсэн монгол үзэгчид миний дотор руу
өнгийх гээд байсан. Энэ хүн юу бодож байгаа юм, юу боддог болохоор ийм дуу
гараад байна гэхчлэн дотор руу минь тэмүүлсэн нүд, чихийг би олж харсан. Тийм
болохоор хэдийгээр бидний эхний учрал байсан ч тоглолт халуун дотно болсон
байх. Өөрөөр хэлбэл европчууд ойлгодог, харин монголчууд мэдэрдэг хүмүүс.
Тоглолтын эхлэл хэсэгт тэд алмайрсан, эргэцүүлсэн шинжтэй, ихэнх нь нүдээ аниад
ямар нэг “тэнэг төсөөлөл”-д автчихсныг харсан, тэгээд би “Алив ээ, бүжиглэе”
гэхэд бүгд л доргиж, бүжиглэж эхэлсэн. Гол нь энэ тэдний үнэн сэтгэл хөдлөл
байсан болохоор тайзан дээр байхдаа би “Yeah, би чадлаа. Би тэдэнтэй уусаж чадлаа” гэж өөртөө
хэлсэн. Сайхан мэдрэмж. Би Азийн хэд хэдэн оронд тоглож байлаа. Япончууд
болохоор сэтгэл хөдлөлөө илэрхийлэл дургүй. Миний тоглолт ямар ч хашгираан,
алга ташилтгүй нэг тийм уйтгартай болдог. Харин хятадууд маш олуулаа ирдэг,
намайг мэдэрч чаддаг хэрнээ гаднаа шал “худлаа” сэтгэл хөдлөл үзүүлдэг. Хаа нэг
зарим нь толгойгоо, зарим нь гараа савчуулчихсан л зогсоно, өөр юм байхгүй. Тэд
орилдоггүй, бүжиглэдэг ч үгүй. Магадгүй маш их хараа хяналттай байдаг болохоор
тэд ийм байсаар дасчихаа биз.
-Таны тоглолтод “Алтан ураг” хамтлаг оролцсон. Ёстой л төгс зохирсон хослол
шиг санагдсан гэж үзэгчид ярьж байлаа. Та ч бас тэдний тухай ам сайтай байсан.
Та дараа тэдэнтэй хамтарч уран бүтээл хийх талаар ярьсан тохирсон юм бий юү?
-Юу гээч, би Монголд
ирсэн хойноо л “Алтан ураг” гэдэг хамтлагтай хамтарч гурван дуугаа толилуулах
болсноо мэдсэн. Тэгтэл тэд намайг ирэхээс ч өмнө гурван дуу бэлдээд,
өөрсдийнхөө тоглоод сурчихсан байдаг байгаа. Би гайхсан, бас баярласан. Хамтарч
ердөө нэг хоног бэлтгэл хийсэн хэдий ч тоглолтын дараа хүмүүс хэлэхдээ “Яг л
насан туршдаа хамт тоглосооор ирсэн юм шиг гаргууд зохицож байсан” гэж хэлсэн (инээв). Тэдний хөгжимчид чадварлаг юм билээ. Өөрсдийгөө
сайн хөгжүүлж, ардын хөгжмийн зэмсгээс өшөө олныг ашигладаг болоод ирвэл Азид
тэд тэсрэлт болж чадна. Одоохондоо бидэнд хамтарсан гурван дуу л байна. Цаашдаа
хамтарч ажиллаж, нийлж уран бүтээл туурвих тухайд бол ярьсан зүйл одоогоор
байхгүй ч миний хувьд бол нээлттэй байгаа шүү гэдгээ хэлье.
-“Моханик”, “Unicorn” хамтлагууд таныг дууг коверлож байх үед та дээд давхраас маш няхуур ажиглаж
байсныг би харсан.
-Өөрийнх нь дууг өөр хэн нэгэн дуулж байхыг харах
нь ямар ч уран бүтээлчид сонирхолтой байдаг. Би тэр дууг зохиосон, тиймээс тэр
дууны үг аяас гадна “сүнс”-ийг нь ч мэднэ. Харин тэд сүнсийг бас намайг тийм ч
сайн мэдэхгүй. Тэд эдгээр дууг өөрсдийн стильд оруулаад дуулсан болохоор энэ
бараг л хоёр өөр дуу болчихож байгаа юм. Тэр залуу хамтлагууд сайн байсан.
Надад ч үзүүштэй байсан болохоор би дуустал нь сонссон хэрэг. Дараагийн удаа би
сайтар судалж байгаад монгол дуунаас коверлож дуулж магадгүй. Тийм санаа бол бий.
-Энд байх зуураа та шинэ дууны санаа олсон уу?
-Улаанбаатар их чимээтэй хот юм. Энэ бүх
чимээг нь сэтлээд, цаана нь байгаа нам гүмд нь хуримтлагдсан “сүнс”-ийг
чагнахыг хичээж байгаа. Чагнасныгаа дотроо хадгалаад л байгаа. Хүмүүсийг нь,
хэлийг нь бас ажиглаж байна. Буцаж очоод цуглуулсан бүхнээ эргэн санаж байгаад
дуу бичнэ ээ.
-Ер нь юу таныг өнөөдрийг хүртэл дуулуулаад байна вэ?
-Миний сэтгэл хөдлөлүүд.
-Таны хувьд энэ дэлхий дээрх хамгийн гайхалтай эгшиг, аялгуу юу вэ?
-Байгалийн өөрийн нь гаргадаг эгшиг,
аялгуу бүхэн гайхамшигтай. Бүр илүү гайхалтай нь байгалийн нам гүм байдал. Зөвхөн
байгаль бид хоёр л нэгдэж, нэгэн цул болох тийм орчинд, ялангуяа шөнө өвсөн
дэрлэн дээш харж хэвтээд оддыг ажиглах нь миний хийх дуртай зүйлсийн нэг. Шөний
нам гүм бол маш хөгжимлөг орчин.
-Хэдэн жилийн өмнө Тувагийнхаа нэгэн сэтгүүлд өгсөн ярилцлагадаа та
хэдийгээр 60 хүрч байгаа ч өөрийгөө 30 настай бүсгүй гэж мэдэрдэг тухайгаа
ярьсан байсан. Одоо таны “дотоод нас” өөрчлөгдсөн үү?
-Албан ёсны бичиг баримт дээрхээр бол би
56 настай. Харин би өөрийгөө хэдэн настай гэж мэдэрдэг гээч.
-За?
-Ммм..., (ямар нэг зүйл тооцоолж байгаа мэт хэсэг дуугүй
суув). Дөрвөн мянга...долоон
зуун... за байз... 76 юм байна. Би 4776 настай. Энэ бол миний биеийн бус
сүнсний маань нас. Заримдаа бас би яг л гурван настай бяцхан охин шиг болчих үе
ч бас бий. Урлаг бүтээдэг хүмүүс ер нь ийм мэдрэмжийг мэдэрдэг. Хөгшин хүн шиг,
эсвэл залуу эр шиг болчихно. Жишээ нь, “Old melody” дуугаа бичих үедээ би өөрийгөө 30 настай бүсгүй
гэж мэдэрж байсан.
-Харин таны Монгол дахь тоглолтыг зохион байгуулсан, “Харгислалын театр”-ын
дарга Д.Оюунномин гэх залуу бүсгүйн тухайд та юу мэдэрсэн бол?
-Тэр хэтэрхий залуу, бас хэтэрхий хүчирхэг
юм билээ. Бидний нөхцөл байдал өөр, тэр тоглолтын зохион байгуулж, би тоглох
ёстой байсан болохоор Д.Оюунномин маш завгүй байсан байх. Тоглолтын зардлыг
олох, ивээн тэтгэгч хайх, хэвлэлийнхэнтэй холбогдох, техник хэрэгслийг зэхэж,
бэлдэх гээд энэ бүхэн хэцүү гэдгийг би мэднэ. Тиймээс бидэнд яг тухтай суугаад
ярилцах боломж хомс байсан. Гаднаа бол тэр бүх юм амархан бүтэж байгаа мэт, ер
нь юу ч болоогүй юм шиг л намуухан, бас төв харагдсан. Харин дотроо яаж шатаж
байгаа нь би мэдэрсэн л дээ. Намайг урьж, энэ тоглолтын санааг гаргаж, бүх
ажлыг зохицуулж байгаа хэрнээ тэр надаас юу ч асуугаагүй. Гэхдээ түүний дотор
надаас асуух, надтай ярилцах маш их зүйлс байна даа гэдгийг би харсан. Тэр яг
энэ хэвээрээ цааш явбал маш сайн менежер болж чадна. Бас Д.Оюунномингоос би
өөрийнхөө залуу насыг олж харсан...
-Та хөгжмөөс өөр юу сонирхдог вэ.
-Өнгөрсөн сард би БНХАУ-д өөрийн уран
зургийн анхны үзэсгэлэнгээ дэлгэсэн. Урьд Итали, ОХУ-д жижиг хэмжээний
үзэсгэлэн гаргаж байсан л даа. Би зургуудаа кофе, шоколад эсвэл цай зэрэг ондоо
өгөгдлийг ашиглаж бүтээдэг. Бас чулуун дээр зурдаг. Энэ байгальтай холбогдох
нэг арга маань. Зураг зөвхөн харагдаж байдлаараа хүнийг татах биш үнэрээр,
дэвсгэрээрээ санааг минь дамжуулах нь их үр дүнтэй гэж би боддог. Өөр гэвэл би
хувцас загвар, калиграф сонирхож, бас аялах дуртай. Удахгүй ӨМӨЗО-ны Өрөмч, мөн
Түвд рүү аялахаар төлөвлөж байгаа.
-Аялахаар очихдоо та тухайн газар нутгийн юуг нь хамгийн түрүүнд үзэхсэн
гэж боддог вэ?
-Тэр орны хэл нь яаж сонсогдох бол гэдгийг
мэдрэхийг хүсдэг. Би хэлийг нь мэдэхгүй ч сонсогдох байдал, аялгуулаг чанар нь
сонирхолтой. Мөн хоолны соёлыг нь үзэж, орчин үеийн урлагийн төлөөлөл болсон
уран бүтээлчидтэй нь уулзаж, бас ямар ч шашины бай хамаагүй, сүмээр нь заавал
ороод гардаг.
Энэ хүрээд бидний ярилцлага
өндөрлөв. Заримдаа бид өөрийн мэдэлгүй хэн нэгнээс маш их зүйлийг хүсэж,
хүлээсэн байдаг. Тэгээд юу ч үгүй хоосон буцах нь ч бий, эсвэл урьд өөрт байсан
бүхнээ хөсөр хаяад, хүсэж хүлээснийхээ хариугаар өөрийгөө дахин бүтээх болдог...
Saixan yariltslaga bolson bna! Toglolt ch mun adil gaixaltai bsan bas mundag ch xyn! Amjilt!
ReplyDeletetogloltiig uzeguide haramsah shaltgaanud ymr ih garch bnaa
ReplyDeleteИх гоё ярилцлага болжээ
ReplyDeletesaihan yriltsalga bolson bn d-_-b. zolig gej mongold bsn ch boloosoi vzeh bsn ym togloltiin
ReplyDeleteМонголд байсан бол ямарч эргэлзээгүйгээр тоглолтыг нь үзэж, өөртэй нь хурамхан зуурч атугай уулзах байлаа. Одоо хааяа нэг санааширсан үедээ уран бүтээлийг нь анирдан суухаас хэтрэхгүй байх шив дээ.
ReplyDelete