Apr 9, 2012

Тэнгэрийн орноос хүүгээ сайн явааг хараад тэсгэл алдахдаа буугаад ирж мэдэх миний аав

Тэнгэрийн оронд та минь хэрэгтэй болоод явчихсан. Тэгэхдээ эргэж ирэхгүй гэдгийг нь би мэдсээн. Бие нь хол ч сэтгэлд үргэлж ойр. Би ч гэсэн таниас холдохыг хүсээгүй. Амьдралын хүнд бартаан дунд торойтол орхиод явчихаагүйг нь тань мэдэх болохоор сэтгэлдээ таны гэх орон зайг дүүрэн үлдээсэн.Та ч бас намайг мартаагүй гэж итгэсэн. Тэнгэрийн орноос хүүгээ сайн явааг хараад, тэсгэл алдахдаа буугаад ирж мэдэх аав минь…
Би оргилдоо мөнгөн хяруутай, одонд шүргэн алдсан Алтайн хөх хайрханы бэлээс нь урган өндийсөн жижигхэн шар толгод билээ. Хөрстийн дээвэр, тэнгэрийн багана болсон тэр хайрхан намайг цас бороонд жиндүүлэхгүй, хүйтэнд дааруулж, халуунд халаахгүй ер л хорвоогийн түмэн зовлон бэрхшээлээс нөмөрлөн хамгаалж, би эрх дураараа айх аюулгүй жаргалын оронд байгаа юм шиг л байдагсан. Хоног өдөр өнгөрөх тусам би хайрханы бэлээс хад асгатай, өнгө өнгийн цэцэгстэй уул болон өсөж байлаа ч тэрхүү хайрханы хажууд үргэлж толгод хэвээрээ торойн харагдана. Би аав шигээ сүрлэг Алтайн хөх хайрхан болохыг хүснэ.
Хоног өдрүүд харвасан сум шиг өнгөрсөөр, би ч өндийсөөр. Ойроос аавын минь өндөр оргилд хэсэг бүдэгхэн цагаан хяруу татах болов. Тэр цагаан хяруу бага багаар нэмэгдэх агаад аавыг минь улам сүрлэг, ханхар уужуу харагдуулна. Ингээд би аав шигээ өндөр хайрхан болох хүсэл дээрээ ихээ цагаан хярууг бас нэмэв.
Сүүлийн хэдэн шөнө бороо тасралтгүй шаагилаа. Тэнгэр нэг л таагүй, загнах мэт том том бараан үүлс хөшилдөж, нудрага мэт том дуслууд дээрээс асгарна. Мэдээж би аавынхаа сүрлэг ханхар биед нөмөрлөгдсөн болохоор юунд ч санаа зоволтгүй тайвуухан нойрсоно. Үе үе аавын минь биеэс тасарсан хэсэг хэсэг чулуу дээрээс унан нойрыг минь сэрээх боловч хэзээний уужуу тайван аавын минь тэргүүн дээрх мөнгөн хяруу нүднээ тусаж, би ч мөрөөдөлдөө бүүвэйлэгдэн унтсаар.
Гэнэт нэг их сүрхий чимээ гарах үест би сэрлээ. Нөгөө сүрлэг өндөр хайрхан догширон тонгочиж, хад чулуу нь хэдэн зүгт үсчин бутарч, тэнгэр хурмаст догширон хилэгнэв үү гэлтэй аянгын гялбаа, галт сум мөндөр шиг нижигнэн тэр гэхийн завдалгүй өнөө сүрлэг хайрхан нурж одох нь тэр.
Үүр цайж байсан ч нар алга. Харин бороо, бороо л шуналтайгаар асгаран орж тэр сүрлэг хайрханы нурж унасан эрэмдэг биеийг нэг мөсөн арилган одох нь гэлтэй заналтайгаар шаагина. Тэр өдрөөс хойш бүх зүйлс өөрчлөгдсөн. Бороо ямар жихүүн, салхи ямар ширүүн, цас ямар хүйтэн байдгийг би биеэрээ мэдрэв. Хором мөч бүхэнд аавын минь нөмөр, дэм надад үгүйлэгдэж байлаа. Одоо би энэ бүгдэд хэдийнэ дассан.
Тулж ирэх хэцүү хүнд бүхэнд хөл алдалгүй яг л аав шигээ тайвуухан, тэгээд сүрлэг, ханхар байдаг болсон. Би чинь аав шигээ сүрлэг Алтайн хөх уулсын үргэлжлэл шүү дээ.
2009 оны намар.

3 comments:

  1. энийг ямар нэгэн уралдаан тэмцээн юмуу ямар нэгэн тайз, эс бол сонин сэтгүүлээс харсан санагдаж байна. тэсгэл алдаад буугаад ирж мэдэх миний аав гэсэн нь их таалагдлаа,, ээждээ зориулж бичсэн зүйлээ чамд уншуулмаар санагдлаа

    http://sweetheart.blog.gogo.mn/read/entry75619

    ReplyDelete
  2. Үнэхээр гайхалтай, үг үсэг бүрт нь сэтгэл зүрх шингэсэн гайхалтай бүтээл болжээ. Чамд амжилт хүсье

    ReplyDelete
  3. үг үсэг бүр нь сэтгэлд хүрлээ. аавыгаа санаж байна

    ReplyDelete