Jul 6, 2012

Сонгодог солирол


Rio grande lounge”-д инди рок урсгалаар тоглодог “Fun.” Хамтлагийн “We are young дуу эгшиглэнэ. Буурал түүхтэй, саарал хот минь бороон дуслын товших хэмнэлд уусан, байгалийн нэгэн яруухан үзэгдэл нүдний өмнө хөвөрч авай. “Амьдралын үнэ цэнэ урьд байгаагүй, ирээдүйд ч мөн дахин учрахгүй сэтгэл гэгэлзүүлсэн тэр л агшнаар хэмжигддэг юм даа” хэмээсэн Дилана Женсоны үгэнд одоо л би итгэж байна. Инди рок урсгалийн хөгжим сонсонгоо сонгодог урлагийн тухай ярина гэдэг шарсан махтай оройн хоолны араас мөхөөлдөс идэж буй мэт авцалдаагүй санагдаж мэдэх л юм. Гэвч дахин учрахгүй ийм л гойд мэдрэмжийг хойноос л би ирсэн шүү дээ.  
Сибелиуагийн хийлийн концертийн амьд амьд тоглолтын бичлэгээрээ 1982 оны “Грэмми”-ийн шагналд нэр дэвшиж, сонгодог урлагийн олимп хэмээдэг П.И.Чайковскийн нэрэмжит уралдаанаас анхны мөнгөн медалийг эх орондоо авчирч байсан Америкийн хийлч Дилена Женсон Монголд хүрэлцэн ирсэн, тэгээд бүр яг одоо өмнө минь сууж байна.
“Хоёр настайгаасаа хийл хөгжим тоглосон болохоор би өөрийгөө хийлч Дилана гэдгээсээ өөрөөр бодож, төсөөлж чаддаггүй. Хийл хөгжим бол миний амьдралын бүх юм. Магадгүй би дэлхий дээр хийл хөгжим тоглохоор л ирсэн байх” хэмээгээд тэр бороон дусал бөнжигнөн урсах цонхны зүг удаан ширтлээ. Тэгээд цааш нь “Ээж минь сонгодог урлагт дурлагч байсан учраас манай гэрт үргэлжидл Бахын юм уу, Чайковскийн хөгжим эгшиглэдэг байв. Нэг удаа аав маань ахаасаа хуучин хийл авчирч, надад өгсөн. Хэдээ хоёрхон настай байсан хэдий ч гартаа барьсан анхны хөгжим болох хийл миний амьдралын нэг хэсэг болох нь дээ гэх совин төрж байсныг мартадггүй. Би бүр үүгээр анх тоглосон аязаа одоо ч санадаг гээч. “Twinkle, twinkle little star...”. Хоёр настайд охинд төрсөн тэр мэдрэмж, совин худлаа биш байгаагүй. Гэхдээ тэр найман насандаа анхны бие даасан тоглолтоо хийж, 12-тойдоо Коста Рикагийн хүндэт иргэн болж, 20-хон насандаа Филадельфийн оркестртой хамт дэлхийд алдартай Карнейгийн тайзнаа Сибелиусагийн хийлийн концертийг тоглоно гэж төсөөлөөгүй нь лавтай. 1981 онд хийсэн эл тоглолт нь мэргэжлийн хүрээнд дуулиан тарьж, сонгодог урлагийн шүүмжлэгч Эдвард Доунес түүнийг “Хейфецээс хойших хамгийн шилдэг нь” хэмээн үнэлж байсан удаатай. Түүний хувьд хамгийн мартагдашгүй тайз хэзээ байсан бэ гэж асуухад тэрбээр “Би маш олон тайзыг мэднэ. Гэхдээ уран бүтээлч хүн агшныг л мэдэрч амьдардаг. Сонгодог хөгжмийн үнэ цэнэ урьд болоогүй, ирээдүйд тохиохгүй тэр агшинд л байдаг юм” гэлээ. Харин тэр өдгөө Монголын тайзнаас өөрийн карьер дахь бас нэгэн торгон агшныг мэдрэхээс иржээ. Ингэхэд дэлхийн шилдэг 10 хийлчийн тоонд багтдаг энэ эрхэмсэг хатагтай яаж яваад Монголд ирэх болсныг хэлэхээ мартаж. Дилана Женсонд цорын ганц монгол шавь байдаг нь Ч.Дэлгэрцэцэг буюу бидний мэдэх хийлч Дээгий юм. Түүний урилгаар Дилана Монголд ирсэн бөгөөд маргааш Тусгаар тогтнолын ордны тайзнаа “Чайковскийн үдэш” нэртэй дан хийлийн, хамтарсан тоглолт зохион байгуулн. “Багшийгаа Монголд авчирч, хамтран тоглоно гэдэг миний хувьд олон жилийн мөрөөдөл байсан. Харин тэр урилгаас минь татгалзалгүй хүрэлцэн ирсэнд баяртай байна. Монголд өмнө нь Чайковскийн хийлийн концертийг гурван бүлгээр нь тоглож байсан удаагүй, бас Дилана шиг алдартай хийлч ирж байгаагүй учраас энэ онцгой үдэх байх болно” хэмээн Ч.Дэлгэрцэцэг ярилаа. Дилана, Дээгий хоёр хамтран Төрийн шагналт, Ардын жүжигчин Ж.Чулууны “Уулын горхи” аязыг тоглохоор бэлтгэж байгаа гэнэ. “Өмнө нь би Монголын тухай маш олон зүйлийг сонсож байсан. Яагаад ч юм сэтгэлд тэгтлээ буудаггүй байв. Гэтэл Ж.Чулуун хөгжмийг сонсоод өөрийн эрхгүй нулимс урссан. Тэр мөчид Монгол орон бүхэлдээ нүдний минь өмнө харагдаж, сайхан бүхнийг нь мэдэрсэн” гэж хэлэхэд Диланагийн сэтгэл ихэд хөдөлсөн болохыг анзаарлаа. Тэрбээр “Уулын горхи” аязын нотыг Дээгийгээс олж өгөхийг хүсэж, үүнийг Америк даяар түгээхийг хүсэж буйгаа хэлсэн гэнэ. Дилана саяхан Хөгжим бүжгийн коллежийн сурагчидтай уулзалт хийсэн бөгөөд АНУ-д байдаггүй хийлийн ансамбль Монголд буйг хараад атаархсан тухайгаа ч нуугаагүй.
Биднийг ярилцах зуур гадаа бороо хувингаар цутгах мэт асгарсан хэвээр байв. Хүчирхэг, догшин, эрчимлэг хэмнэл хаа эргэн тойрноо нүргэлнэ. “Бороо миний сэтгэлийг тийм ч их хөдөлгөдөггүй. Харин би хүчтэй салхи, шуурганд дуртай. Байгалийн ийм хүчирхэг үзэгдэл амьд буйг минь мэдрүүлдэг” хэмээн Дилана хэлээд “Чиний хувьд ямар вэ?” хэмээн Дээгийгээс асуулаа. Дээгий харин “Би нарны хүн. Нарны эрчим бол энэ дэлхийн хамаг л гайхалтай бүхэн шиг санагддаг. Харин бороотой өдөр би яагаад ч юм хөнгөн гунигт автчихдаг. Миний зан араншин тухайн өдрийн цаг агаараас шууд хамааралтай байдаг гэж найзууд маань хошигнодог юм” гэлээ. Бороо мөддөө зогсох янзгүй, бидний яриа ч дуусах болоогүй байна. 

Диланагийн хувьд аавынх нь авчирсан хийл амьдралыг нь өөрчилсөн Дээгийгийн түүх тун ч хөгжилтэй санагдсан шүү. “Долоон настайдаа би Хөгжим бүжгийн коллежийн төгөлдөр хуур, хийлийн ангид шалгалт өгөөд хоёуланд нь тэнцсэн. Тэр үед төгөлдөрийн хуурын сурагч гэртээ заавал өөрийн гэсэн төгөлдөр хууртай байх ёстой, харин хийлийн ангийнханд нь сургуулиас хөгжмийг нь өгдөг байсан юм. Энэ шалтгаанаар ээж минь намайг хийлийн ангид орохыг зөвлөсөн юм даа” гээд тэр инээлээ. Энгийн мэт үйл явдал, санамсаргүй хувь тохиол хэн нэгний амьдралыг орвонгоор нь өөрчилж дөнгөдөг нь гайхмаар юм даа.  Rio grande lounge”-аас гарч, борооны ус туучин байж ажил дээрээ ирээд шууд л “Youtube”-ээр Дилана Женсоны хийлийн аязуудыг хайж олоод, хэсэгтээ л сонсож суулаа. Яагаад “New York concert review”-ийн егзөр шүүмжлэгч Харрис Гоулдсмит Диланагийн тоглохыг сонсоод “...Түүний гарын эрчимлэг хөдөлгөөн нь аялгууг бүр ч хүчирхэгжүүлж, утгыг гүнзгийрүүлж, зүрх догдлуулам болгож байна. Түүний тоглолт гүн илэрхийлэлтэй, өө сэвгүй байлаа...” хэмээн уулга алдсныг ойлголоо. “Чайковскийн үдэш”-ийн тайзнаа миний саяын үзсэн бичлэг өөр хэмнэлээр, өөр илэрхийллээр, яг өмнө минь амилна гэж бодохоор яарах сэтгэл улам бүр төрж байна.
Бас “Хийл хөгжим одоо чиний өөдөөс харж суугаа Дилана Женсон хэн бэ гэдгийг хэлж өгөөсөн, түүнийг бүтээсэн, түүнийг амьдруулж байгаа бүхэн юм. Тийм ч учраас би хийл хөгжимд өөрийгөө бүрэн өгсөн” хэмээн Диланагийн хэлсэн үг санаанаас гарч өгдөггүй. Гэрийн зүг шавхай туучин гүйж явахад сэтгэл нэг л дүүрэн оргиод. “Амьдралын үнэ цэнэ урьд байгаагүй, ирээдүйд ч мөн дахин учрахгүй сэтгэл гэгэлзүүлсэн тэр л агшнаар хэмжигддэг” нь л үнэн байх...

2 comments:

  1. addicted in your articles

    ReplyDelete
  2. мэдрэмжтэй, хөөрхөн болжээ, эрхэм дүүгийн бичлэг...

    ReplyDelete