Jul 18, 2012

Мисия



Польшийн уран барималч Годебскагийн охин Мисия Серт эцэг шигээ сэхээтэн биш, бас авъяасыг нь ч дуурайгаагүй хэрнээ урлагт магадгүй эцгээсээ ч илүү ихийг өгсөн байх. Түүний амьдарч байсан цаг үед Парис хот урлагийн диваажин, өнгө будгаар цохилсон хэмнэлтэй дагшин газар байлаа. Харин Мисия урлагийг ивээгч охин тэнгэр, хатан хаан мэт байсан гэлцдэг. Өдгөө Парисийн “Musee d’Orsay”-д “Мисия, Парисийн хатан хаан” нэртэй үзэсгэлэн нээлтээ хийх гэж буй юм билээ.
Мисия өөрөө юуг ч бүтээгээгүй, тэрбээр амьдралдаа нэг ч уран зураг зураагүй, баримал урлаагүй. Гэвч 1890-1930-аад оны Парисийн урлаг, хөгжим, уран зохиол, бүжиг, театр, хувцас загварын ертөнцийн онгод, охин тэнгэр нь Мисия байсан гэдэг. Түүний нөлөөн дор, түүнд зориулсан, түүний тухай гэх сэжмээр гарцаагүй холдогддог хэрэг. Өнөө ба мөнхийн цаг хугацаа, түрэмгий ба эмзэг хонгор, жавхаалаг ба битүүлэг гэхчлэн эсрэг тэсрэгийн нэгдэл болсон сэтгэл булаасан энэ эмэгтэйн гоо үзэсгэлэн бүхнийг бишрүүлж байв. Мисия бол амьдарч асан үедээ хамгийн олон удаа хөрөг зургаа зуруулсан эмэгтэй. Бурхан түүнд төгөлдөр хуурын авъяас заяасан гэлцдэг. Тэрбээр төгөлдөр хуурыг гаргууд сайн тоглодог, бүр төрөлхийн авъяастай байсан хэдий ч үүнийгээ цааш хөглөөгүй юм. Тэр бурханы заасан замаар биш, өөрийн хүссэнээр явахыг илүүд үзжээ.
Францын нэрт зохиолч, шүүмжлэгч Марсель Прүст түүнийг “Түүхийн дурсгал” хэмээдэг байв. Марсел өөрийн хамгийн алдартай “Алдагдсан цагийн эрэлд” романыхаа хэрэгт дурлагч авгай болон олон эрийн хайрыг булаасан залуу гүнжийн дүрийг гаргахдаа Мисиягаас санаа авсан гэдэг. XX зууны дэлхийн суут хөгжмийн зохиолч Эрик Сати Мисияг “илбэч” хэмээн дуудаг байжээ. Мөн Коко Шанелийг дурдахгүй өнгөрч боломгүй. Зарим судлаач Мисия, Коко Шанель хоёр амрагийн харьцаатай байсан хэмээдэг бөгөөд тэрбээр залуу охин Коког урлагийн ертөнцтэй анх холбосон аж. Мисия түүнд нэрийн үнэртэн гаргахыг зөвлөсөн бөгөөд хожим Коко хамгийн алдартай нь болох “Chanel No.5”-аа худалдаанд гаргажээ.
Мисмя 1872 онд Санкт-Петербургт, Польш эцэг, Бельги, Оросын эрлийз эхийн гэр бүлд мэндэлсэн. Түүний эх нь Мисияг хэвлийдээ тээж байхдаа Бельгиэс оргон зайлж, Оросын тэсгим хүйтэн уур амьсгалын туулан Петербургт ирээд төрхийн хүндрэлээр нас барсан ч, азаар Мисия амьд үлджээ. Мисия залуудаа эмэгтэй “нэг нөхөр, нэг ч нууц амраггүй” цэвэр ариун амьдрах ёстой хэмээн найз нөхдөдөө ярьдаг байж. Харин тэр амьдралынхаа турш гурван ч удаа гэрлэж, цөөнгүй уран бүтээлчидтэй нэр холбогдсон байдаг. Эх нь нас бармагц аав нь Бельги, Францаар хөндлөн тэнэж, энэ зуур өвөө нь Мисияд төгөлдөр хуур зааж өгдөг байлаа. Тэр Бетховений хөгжмийг гойд сайн тоглодог байсан гэлцдэг. 1983 онд Тади Натансонтой гэрлэсэн бөгөөд өөрийгөө 21-тэй гэдэг ч үнэндээ 15 нас дөнгөж хүрээд байжээ. Тади нь утга зохиолын “La Revue Balanche” сэтгүүлд ажиллаж, түүний нөлөөгөөр Мисия урлагийн мэдлэгээ гойд цэнэглэж амжсан байна. Тэдний Парисын захад байдаг зуны гэрт алдартай хөгжмийн зохиолч, уран зураач, зохиолчид олноор ирдэг байсан гэнэ. Хожим Америкийн төгөлдөр хуурч Артур Гоулд, Роберт Физдэйл нар Мисиягийн талаар “Парисийн урлагийн хүрээлэл доторх хамгийн нөлөө бүхий эмэгтэй” хэмээсэн байдаг. Энэ чухаг хүрээлэл дундаас цөөнгүй эр, тэр дундаа Тулуз Лотрека, Вюйар, Боннар, Уаллотон Мисияд хайр сэтгэлээ илчилж, зургийг нь зурж кайф авдаг байсан гэдэг. Эдэн дундаас бүрэг, даруу Вюйар гүнзгий дурласан бөгөөд, “Мисиягийн хүзүү” (La Nuque de Misia) зураг хамгийн алдартай нь болжээ. Тади, Мисия хоёрын хайр сэтгэл хөрч, тэрбээр өрөнд орсон нөхрөө хаяад өдөр тутмын сонины магнат, баян эр Альфред Эдвардстай гэрлэв.
Мисия баян эрийн мөнгийг уран бүтээлчдэд хамгүй цацдаг байжээ. Алдарт зураач Рэнойроор өөрийн хөргийг 10000 франкаар зуруулсан байна. Ягаан өнгийн цэцэг үсэндээ хатгаж, өвөр дээрээ бяцхан нохой суулгаад үл ялиг инээвхийлсэн төрөх бүхий эл зураг Рэйнорын сор бүтээлийн нэгд тооцогддог. Эдвардын мөнгийг үрж ханаад, Мисия бисексуаль жүжигчин эмэгтэйтэй хэсэг зуур явалджээ. Түүний гэрлэсэн гурав дахь бөгөөд сүүлийн эр хүн Каталаны зураач Иосеф Мариа Серт байсан. Энэ гэрлэлт Мисияд авангард урлагийн ертөнцийг нээсэн хэмээн түүхчид үздэг. Тэрбээр Оросын “Ballets Russes” –ийн захирал Сергей Дягилевтэй шадарлаж, Стравинскийн “Хаврын тайлга” болон “Диваажин” балетийг тоглуулахад оролцжээ. Энэ үед Мисия Пабло Пикассотой танилцаж, хожмоо түүний хүү Паблогийн загалмайлсан эх нь болсон гэдэг.
Мисиягийн амьдралын сүүлийн мөчүүд бараан өнгөтэй байлаа. Тэр морфинд донтож, Коко Шанелийн хамт Швейцар руу аялж, энэ явцдаа түүнд дахин дурлаж шуугиан тарьжээ. Түүний хувьд сүүлийнх болох Венецийн аяллын үеэр авахуулснаас өөр гэрэл зураг ховор. Тэр нөхөр Иосеф Сертлээ ухаангүй хайртай байсан хэдий ч Серт өөр эмэгтэйг даган оджээ. Мисия 1950 онд Парист нас барсан бөгөөд Коко Шанель түүнийг цэцэг дэвссэн орон дээр хэвтүүлсэн  эцсийн замд нь үджээ. Түүний үхэл урлагийн хүрээнийхнийг цочирдуулж, Мисияд зориулсан уран зураг, хөгжим, зохиол олноор хэвлэгдсэн байдаг. Суут хөгжмийн зохиолч Равель “Вальс”, “Хун” гэх хоёр ч хөгжмөө түүний дурсгалд зориулан зохиожээ. 




2 comments: