Nov 11, 2012

“Гамлет”




            Улсын драмын эрдмийн театр үзвэрийн 81 дэх жилийн нээлтийн хөшгөө өргөхөөс хоёр цагийн өмнө урьтаж очив. Нэвсийсэн их цасан дундах театрын барилга галзуурсан бухыг хилэнд хөтлөх гал улаан өнгөөр “асах” нь айдас, бас бишрэл төрүүлнэ. Харин үүдэнд надтай зөрсөн УДЭТ-ын ерөнхий найруулагч, энэ үдшийн гол хүн болох Н.Наранбаатарт галзуу матадор лугаа шинж ер харагдсангүй. Гадаах хүйтэнд сэтгэл хөдлөл нь царцаа юу гэмээр тайван алхаж өнгөрөв. У.Шекспирийн алдарт “Гамлет” жүжгийг 33 жилийн дараа их театртаа дахин залах түүний зориг өнөөдөр намайг энд хөтөлж буй юм.
Театр дотор эл хуль оргино. Хүрэн улаан суудлууд нь хүний мөрөөсөл болсон мэт уйтай эгнэжээ. Нүүрээ жимбийтэл будаад, үсэндээ пигүж ороож, тайзны хувцас доогуураа жинсэн өмд өмссөн жүжигчид хонгилоор яаран алхах нь хоёр ертөнцийн заагт буй мэт сэтгэгдэл төрүүлж байв. УДЭТ-ийн хойд хаалгаар орж, тайзны арын өрөө рүү нууцаар шагайвал жүжигчдийн хувцасыг нямбайчлан өлгөсний хажууд Гамлетийн сэлэм, Офелиягийн цэцгэн сүлжээс тэргүүтэн харагдана. Офелиягийн дүрийг бүтээх залуу жүжигчин А.Ганчимэг цагаан, цэнхэр даашинзаа өмсөж, зэхээд нүдээ анин нааш цааш холхих нь хэзээ ч бодитоор амьдраагүй хэрнээ цаасан дээр хагас мянган жил оршсон бүсгүйн сүнстэй бие, сэтгэлээрээ холбогдохыг хичээж буй мэт санагдаж байлаа. Офелия бол У.Шекспирийн зохиолуудаас хамгийн их маргаан, мэтгэлцээн өдөөсөн эмэгтэй дүр. XX зууны эхэн үед Элейн Шоуолтер тэргүүтэй феминист үзэлтнүүд Офелия, Гертруда нарын дүрийн тухайд цоо шинэ санаа дэвшүүлж, шуугиан дэгдээсэн. Офелия охин аав, ах, бас Гамлет гэх гурван хүчирхэг эрийн дунд байснаа гэнэт л хэн ч үгүй хоцорч, улмаар галзуурсан. Ах Лаэрт Франц руу явж, эцэг Полоний нь амь үрэгдэж, Гамлет орхин оддог. Энэ нь цаанаа эм хүн эр хүнгүй бол хэн ч биш гэсэн санааг илтгэж байна хэмээн үздэг байсан юм. Харин Элейн үүний яг эсрэг санааг дэвшүүлсэн байдаг юм. Ялангуяа Офелия охины галзуурдаг хэсэг нь жүжигчний авъяасыг шууд харуулах үзэгдэл  хэмээн мэргэжилтнүүд ярьдаг юм билээ. “Галзуу гэж өвчний нэр томъёо байдаггүй юм билээ. Шинжлэх ухаанд бол солио туссан гэж нэрийддэг. Чухам энэ хэсгийг яаж гаргах вэ гэдэгт би ихэд анхаарсан. “Шархад”-ны эмнэлэгээр ч орж, солио өвчин туссан хүмүүсийг ажигласан” хэмээн А.Ганчимэг өмнө нь ярьж байсан. Энэ тухай сүүлд өгүүлье.
Жүжиг эхлэхэд 30 минут үлдлээ. Театрын үүдэнд улаан хивс дэлгэж, үе үеийн жүжигчид, уран бүтээлчид үүгээр алхан үзвэрийн 81 дэх жилийн нээлт эхэлж буйг албан ёсоор илтгэх хуваарьтай байсан ч даарсан үзэгчид машин дотроо бүгцгээжээ. Харин театрын төв хаалгаар дотогш орвол хийл хөгжимчид эгнэн суугаад алдарт Бетховений сонгодог аязуудыг “урлана”. Энэхэн зуур үзэгчид даарснаа ч умартан яг л XVII зууны Английн хааны ордонд буй мэт ихэмсэг энэ хэмнэлд уусан шингэж байлаа. УДЭТ-ын театрын ерөнхий найруулагч Н.Наранбаатарын найруулсан У.Шекспирийн “Гамлет” жүжгийн нээлт товлосон цагаасаа үл ялиг хоцрон эхэллээ. Тус театрын дэд захирал, Ардын жүжигчин, Монголын анхны Офелия Н.Сувд “Одоогоос яг 33 жилийн өмнө би энэ сүрлэг хөшигний цаана сүрдэн зогсож байлаа. Харин одоо манай театрын залуу уран бүтээлчдийн гардсан хоёр дахь тавилтын хөшигний өмнө сэтгэл догдлон зогсож байна, би. Энэ хөшигний наана, цаана буй жүжигчин, үзэгч хоёрын амьсгаа нэгэн цул болж гэмээнэ жүжиг бүтдэг юм аа” хэмээсний дараа их театр сүрлэг хөшгөө нээлээ.
Эльсинор шилтгээний танхим. Ван, хатан, Гамлет, Полоний, Лаэрт, Корнелий болон ордны бараа бологчид байх аж. Данийн вангийн үхлийн дараа уй гашууд авсан Гамлет, уй гашууд автсан болж харагдах гэсэн Клавдий, ямар сэтгэл хөдлөл илэрхийлэхээ тааж ядах Гертруда яг л номын хуудаснаас амь ороод гарч ирсэн мэт үнэмшиж болохоор харагдаж, энэ гэхийн зуургүй тайз руу биднийг татан оруулав аа. Тэр өдөр жүжиг үзэхээр цугласан хүмүүсийн ихэнх нь “Гамлет” жүжгийг анх удаа үзэж буй нь энэ. Өмнө нь номын хуудаснаас уншиж, өөр өөрийн дотор ургуулан бодож байсан бүхэн нь өнөөдөр Н.Наранбаатар найруулагчийн санаагаар амилж буй болохоор догдлох нь аргагүй. Харин 1979 онд анх тоглосныг нь үзэж байсан ахмадууд мартсанаа санагалзаж, бас өөр өөрийн дотор харьцуулалт хийж суусан биз ээ.
Эхний үзэгдлийн монолог хэсгүүдэд С.Болд-Эрдэнэ тийм ч сайн байсангүй. Үгээ наана, цаана зөрүүлж бага зэрэг сандарч байгаа нь илт. Харин хоёр дахь үзэгдэл, Эльсинор шилтгээний өмнөх чөлөөнд Хорацио, Бернардо нартай харилцан яриа эхлэх хэсгээс тэр чангарсан. Яван явсаар ордны хоёр офицерийг тандан ярилцах, Лаэрттэй тулалдах хэсэгт ёстой л тэсэрсэн. Өнөө цагт Гамлетийн дүрийг танхим цугларсан үзэгчдийн сэтгэл зүрхэнд бат нот уяж чадсан гэдэгт би л хувьдаа итгэлтэй байна. “Гамлет” жүжгийг тайзнаа тоглох тухай яриа гарч эхэлмэгц хүмүүс дор бүрнээ л Ардын жүжигчин Л.Жамсранжав агсантай харьцуулж эхэлсэн. Учир нь тэр Монголын анхны, бас төгс Гамлет байсан гэдэг. Найруулагч нь Н.Наранбаатар, Гамлет нь С.Болд-Эрдэнэ бас Офелия нь А.Ганчимэг. Бүгд л залуус, уран бүтээлийнхээ гарааг эхэлж яваа “балчир”-ууд. Үнэндээ нас залуу гэх шалтгаанаар тэднийг хэн, хүнгүй дотроо голж байсан. Харин энэ тухайд Н.Сувд гуай ярихдаа 1979 оны “Гамлет”-д ажиллаж байсан найруулагч, зураачаас гадна оролцож тоглосон миний хувьд бүгд ЗХУ-д мэргэжил эзэмшсэн хүмүүс байжээ. Дээр нь манай алтан үеийнхэн маань тоглож байлаа. Манай алтан үеийн жүжигчид ч орос сургалтаар бэлтгэгдэж гарсан уран бүтээлчид шүү дээ. Харин одоогийн “Гамлет”-ыг бүтээж байгаа уран бүтээлчид цэвэр Монгол үндэсний сургалтаар боловсрол эзэмшсэн хүмүүс. Өөрөөр хэлбэл, бүгд үндэсний “бүтээгдэхүүн” гэж хэлж болно” хэмээн театрынхаа залуусыг өмөөрч байв. Итгэл хөсөрдөөгүй байх аа.
У.Шекспирийн “Гамлет” жүжгийг тавих төсөл эхнээсээ л өрсөлдөөн ихтэй байсан. Найруулагч болон гол дүрийн жүжигчдийн сонгон шалгаруулалт ч асар их “тэмцэл” дунд өрнөсөн юм билээ. Харин энэ бүхний эцэст жүжиг тайзнаа тавигдахад гол дүрээс туслах дүр хүртлээ жүжигчдийн баг атгасан гар шиг нягт, хүчтэй байсныг онцлох хэрэгтэй. Энэ нь сайн, тэр муу гэх хорон үг шидлэх хий гаргаагүй гэж хэлж болно. Монголын тайзнаа хоёр дахь удаагаа тавигдсан “Гамлет” жүжигт онцолж хэлэх хэд хэдэн зүйл байлаа. Жүжгийн тайз засал тун өвөрмөц байсан бол үзэгчид жүжигчдийн хувцасыг шагшин магтаж байлаа. Хөгжим гайхалтай, бүжигийн тавилт нь шинэлэг. Бас Гамлетийн хүүхэд насанд хувилсан 11 настай Б.Хангай хүүг онцлох хэрэгтэй. Офелиягийн солиорсон хэсгийг А.Ганчимэг үнэхээр сайн гаргаж чадсан тухай “Фэйсбүүк”, “Твиттер”-ээр хүмүүс өдгөө ч шагшицгааж байна.
 Жүжгийн төгсгөлд хүн бүр босож зогсоод хүндэтгэл үзүүлэн, удтал алга нижигнүүлэн байсан Н.Наранбаатарын баг үзэгчдээс ямар үнэлгээ авсныг илтгэнэ. Ялангуяа Гамлетийн дүрийг бүтээсэн С.Болд-Эрдэнэ ёслоход алга таших чимээний эрчим бүр ихэссэн нь ч бас нэгийг хэлнэ. Энэ бүхний дараа Ардын жүжигчин Д.Мэндбаяртай уулзаж сэтгэгдлийг нь сонсов. Тэрбээр 33 жилийн өмнө уг жүжигт олны хэсэгт тоглож байсан бөгөөд “Сонгодог жүжиг гэдэг үнэхээр л сонгодог байдаг юм байна. Жүжгийн хэлэх санаа өнөө цагт хуучраагүй, үнэ цэнэ нь ч буураагүйг харлаа. Бас манай театрын залуус үнэхээр сайн, бүр маш сайн байлаа. Бид тэднээс хуучнаа нэхэхгүй ээ. Шинэ үеийн үзэгчдэд, шинэ тавилттай “Гамлет”-ийг тэд үнэхээр сайн хүргэж чаджээ” хэмээв. Шекспирийн алдарт бүтээл “Гамлет” жүжиг өдгөө ч дэлхийн театруудад “шалгалт” болж тоглогдсон хэвээр л. Зигмунд Фрэйд Гамлетийн дүрийг “Эдипийн комплекс” буюу эхдээ сэтгэл алдрах гэх томъёондоо багтаасан байдаг. Нэгэн зууны өмнөх энэ задлан шинжлэлтийг өдгөө ч бид харьцуулан дүгнэж болохоор байгаа нь Н.Наранбаатарын баг уламжлалыг алдалгүй, шинэчлэлээс хоцроогүйг харуулсан.
Жүжгийн тухайд дэлгэрэнгүй өгүүлээгүйг маань та анзаарсан байх. Учир нь Монголын тайзнаа эргэн ирсэн “Гамлет” жүжгийн тухай шагшин ярилцхыг та хэдийнэ сонсож, өөрийн биеэр очиж үзэхээр шийдсэн гэж найдсан учраас л тэр  юм шүү. 

No comments:

Post a Comment