Dec 15, 2012

Жэймс Бондын магтуу


            Хорин настай залуу шиг үсний засалттай хэрнээ 40 хүрч яваа хүний гүн бөгөөд ухаалаг харцтай эр Лондоны Үндэсний галерейн танхимд сууна. Тэр өмнөх 50 жилийн түүхэн дэх агентуудын адилаар дүнсгэр, бодлогошронгуй, гэхдээ яахаас ч буцахгүй эрэмгий араншингаа дотроо нуусан нь илт...
Skyfall”  кино, бүхий л цагт төвийг сахиж асан эх загварыг нь Сэм Мендес эвдэж, Жэймс Бондын цувралын өмнөх ангиудыг холбосон гүүр байхын сацуу бүхэл бүтэн хагас зууны дараах үзэгчдийг хуучин түүхээр уйдаагаагүй нь сайн хэрэг. Жон Кеннеди, Хэрольд МакМиллан нар дэлхийг атгаж байхаас эхлэн, Хүйтэн дайны цуст тэмцлээр өртөөлж, кибер-терроризмын үе хүртэл 50 жил, бүхэл бүтэн хагас зууны турш Жэймс Бондын цуврал кино ертөнцийн магнайд нь байж ирэв. Цувралын анхны анги “Dr.No” дэлгэцнээ гарснаас хойших хагас зууны дараах тэсрэлтийг кино ертөнцийнхөн зүрх даран хүлээж байлаа. Гэтэл урам хугарсангүйгээр үл барам шүүмжлэгчдээс 92 буюу “Casino Royal”-аас хойших хамгийн өндөр үнэлгээг хүртэж, “box office”-ийг байлдан дагуулж эхэллээ.
Саяхан нээлтээ хийсэн 23 дахь анги Skyfall кинонд анхаарал татам, дурсамж сэргээм нэгэн зүйл байсан нь “Aston Martin DB5” загварын төмөр хүлэг байв. Үүнийг 1964 онд дэлгэцнээ гарсан Goldfinger”-т анх танилцуулж байсныг гярхай үзэгчид андахгүй нь лав. Дараах харилцан яриа бүр ч сонирхолтой. Хатагтай М “Aston Martin DB5” хүлгийн хажууд очоод “Тийм ч тухтай биш юм, тийм үү?” гэснээ “Тэгэхээр, бид хаачих билээ” хэмээн асууна. Жэймс Бонд хариулах нь, “Өнгөрсөн цаг хугацаа руу”.
Цаг хугацаагаар аялах... Лондоны зуны олимпийн нээлтийн ёслолыг үзсэн хүн бүр Жэймс Бонд бол Их Британийн түүхийн онцгой нэг хэсэг нь, бардамнал, бахархлынх нь бэлгэ тэмдэг болсныг мэдэрсэн байх. Энэ кино британи соёлыг нэвт шингээсэн түүхийн болон урлагийн үнэт өв гэдэгтэй санал үл нийлэх хүн гарахгүй биз. Үе үеийн Бондууд (Шоноос Крэйг хүртэл) жинхэнэ жентельмений идеалыг тодорхойлоод зогсохгүй кино ертөнцийн түүхэнд дахин давтагдах боломжгүй төгс тагнуулчийн дүрийг сийлж чадсанд үнэ цэн нь оршиж байна. Жэймс Бонд өөрийг нь уран зохиол дотор бүтээгч Иан Флемингийн (зохиолч) адилаар ямагт эрхэмсэг, дэгжирхүү байж ирсэн. Үүний нэгэн адилаар Бондын хүүхнүүд хэзээ ч хөөрхөн царайтай, шаргал үстнүүд байсангүй. Фиона Вольпе (Thunder ball), эсвэл Ксения Онатопп (GoldenEye) шиг үзэсгэлэнтэй хэрнээ, үхлийн шид нуусан хоёрдмол царайтай хүчирхэг бүсгүйчүүд л Бондыг түшдэг. Америк киноны митологид харь элгийн, өөрсдийнх нь идеалд огтоос таарахгүй романс хааяахан харагддаг нь Жэймс Бондын нөлөөлөл болохыг шүүмжлэгчид үзгээ элэгдтэл гэрчилж муушаадаг. Учир нь цэвэр британи хүнд, британи хэв маягт таарах зүйлсийг бусад нь яаж ч өөриймсүүлэх гээд чаддаггүй ажээ. Хурц төлөвтэй, хэрцгий араншинтай Бондыг зөөллөгч хүч болох эротик дүрслэл хэзээд л энэ киноны чухал шугам болж ирсэн. Хэдийгээр Рожер Мурыг хамгийн сээтэгнүүр 007 хэмээдэг ч Skyfall кинонд Дэниэль Крэйг энэ титмийг булаасан нь лав. Өсвөр насны охид Жастин Бибер, Роберт Паттинсон гэх нялхамсуу хөвгүүдэд унан тусдаг атал жинхэнэ эмэгтэйчүүд Жэймс Бондыг л нууцхан хүсдэг.
            Холливудын кинонуудын үйл явдал нь ихэвчлэн орон зайн нэг л талбарт өрнөдөг бол Бонд тэргүүтэй Британи кинонууд (гэхдээ жинхэнэ бүтээл гэж үнэлэгдэх кинонууд шүү!) өнгөрсөн ба ирээдүйн заагийг гярхай мэдэрч, хийцийн хувьд ч антик болон нэн шинэ хэв маягийг нарийн хослуулсан байдаг. Мэдээж энэ амаргүй хэрэг. Хэрэв бид цаг хугацааг яг 50 жилээр ухраавал уг киноны орших уу, эс орших уу нөлөөлсөн цөөнгүй үйл явц болж байсныг бид мэдэх болно.
            1960-аад оны эхэнд Иан Флеминг (цувралын зохиолч) эрэлхэг, тачаангуй британи тагнуулчийн түүхээр оролдсон цорын ганц зохиолч байгаагүй гэдэг. Анхдагч бол байсаан. Гэвч 1960-аад оны эхээр Жэймс Бондын анхны кино дэлгэцнээ гарсан даруйд Жон ле Карри хэмээх зохиолч Хүйтэн дайны үе дэх MI6-ийн ажиллагааг эзэн биежүүлж, детектив зохиол бичин, 1963 онд ном болгон хэвлүүлсэн байдаг. Бас нэг овжин эр бол Лен Дейтон хэмээх хоолны жор бичиглэгч. Тэрбээр Харри Палмер хэмээх зохиолын баатрыг бий болгон, Жэймс Бондын эхний хоёр ангийн үйл явдлаас нэг их гажихгүй өгүүлэмж бүхий кино гаргажээ. 1965 онд Жон ле Карригийн зохиолоор хийсэн “The Spy who came in from the Cold”, Дэйтоны зохиолоор хийсэн “The IPCRESS file” нэртэй кино зэрэг шахуу нээлтээ хийсэн байдаг. Эднээс Дэйтоных арай илүү итгэл үнэмшилтэй болсон гэж хожим зарим шүүмжлэгч бичсэн байдаг юм билээ.
            Гэвч XX зууны домогт продюссер Харри Салтзмэн Жэймс Бондыг түүхийг улам хүчирхэгжүүлж, кино ертөнцийн түүхэнд “Битлз”, “Rolling Stones” шиг цэвэр, дээд түвшний британи брэндийг бий болгож чадсан. Энэ нэр, энэ баатар, энэ кино өөрөө дээд түвшний брэнд, цэвэр британи хэв маягийн илэрхийлэл болсон учраас Их Британийн Хатан хаан II Элизабета Лондоны зуны олимпийн нээлтэд Бондын хамгийн сүүлийн “бүсгүй” болохоос татгалзаагүй юм.
            Эрхэмсэг бөгөөд хүүхэмсэг Рожер Мур, хувь шинжээрээ олны хайрыг татагч Шон Коннерри, цорын ганц ангид тоглосон ч гайхалтай авьяастай Жорж Лазенби, хамелеон мэт Тимоти Далтон, зүрх шархлуулагч Пирс Броснан гэхчлэн үе үеийн Жэймс Бондууд өөрийн гэсэн онцлог хэв маягтай ч үндсэн нурууг нь огтоос гажуудуулаагүй ихрүүд гэлтэй. Харин отгон Бонд болох Дэниэль Крэйг “Casino Royal”-д анх сонгогдохдоо найруулагчдийн болон кино багийнхан, улмаар Бондын үнэнч фенүүдийг хамгийн их түгшээсэн ч хамгийн сайн гүйцэтгэлтэй хэмээн магтуулын үгэнд булуулж буй. Жэймс Бондын түүхэнд хамгийн их ашиг орлого олсон сүүлийн гурван ангийн алдар гавъяг гарцаагүй тэр л хүлээх ёстой билээ. 
            Эцэст нь, Жэймс Бонд эргэн ирлээ. Урьд урьдынхаас илүү баялаг өрнөлтэй, илүү хөгжимлөг төрхтэйгээр дэлгэцнээ гарлаа. Бэлгэ тэмдэг болсон тагнуулчийн түүх 50 нас хүрлээ.

No comments:

Post a Comment