Jan 20, 2013

Сонсох-уй

Зуны шугуй чигтээ л симфони адил. Салхи удирдаач нь. Навчисын хоороор цэцэгс найгаж, тэр дуунаа бяцхан шувууд өхөөрдлийн мадригал “урлана”. Өтөл царс бишгүүр үлээж, холоо цайвалзах уулсын амьсгал наашлан наашилна. Тэргүүн өөд нь тэмүүлэн шунгинах бүргэдийн нисэлтээс лимбэн эгшиг тасарч, суунаглагч хөх тэнгэрт хүрээд замхарна. Тэгэхэд би эгшиглэнт энэ хэмнэлийн эд эс нь болсон байдаг. Татсан чавхдас мэт амьдрал дундах тасалж болохгүй нот болохоо ойлгодог. Уулсын анир, шувуудын жиргээ, моддын найгал одоо надаар дамжин чамд хүрнэ, би зэмсэг нь.
Горхины хөгжөөнт чимээнээс төгөлдөр хуурын хөнгөн товшоо түгнэ. Тэр нь явсаар цүнхээлд хүрч тогтоно. Түмэн дуслын нийлэмжээс soul хэмнэл тодорч, түүний гүн рүү би шуналтайгаар уусан шингэхийг хүсэж, тайван бөгөөд намуухнаар доошлон доошилно. Аниргүйн айзам намайг бүрхэж, дүлийрсэн мэт атлаа дүүрэн болно, би урсгал нь.
Хотын хэмнэл надад жааз мэт санагддаг. Мэдэрдэг хэрнээ мэддэггүй. Ойлгодог мөртлөө орооцолдоод байдаг. Үзэн яддаг ч салж чаддаггүй нь сонин. Хүмүүс хөлөө түргэн товшиж, хурдан хурдан жирийлгэх нь ямар нэгэн гайхамшиг руу биднийг яаруулж байдаг. Яг тэнд нь очихоор юу ч байдаггүй л байх. Гэхдээ л энд бид яарч амьдардаг.
Хот шөнөдөө рок болдог. Хүнд! Харанхуйн дундах нууцхан үнсэлт, архины халуунтай холилдож, авцалдаагүй аязаар агсамнаж сонстдог. Эгц, уруу хөшилдсөн саарал байшингууд, хурц өнцөгт гудамж харанхуй болохоор уураа гаргадаг. Чарлана, “чанга” нотууд ирийнэ. Харин шөнө дунд болмогц мансуурсан энэ хот эзгүйрсэн байдаг. Нүх нүхэндээ шургалж, бид талийж одно. Эзэнгүй хотод хоосон ая л үлдэж, блюз мэт шөнө л хохийж хоцорно. Би эгшиглэх цаг..
Кофе үнэртэхэд өглөө болсон байдаг. Цонхоор харвал хүмүүс мөнөөх л хэмээр яаран алхана, тэднийг дагаад хот өөрөө амь орчихсон байдаг. Агшин хормыг алдахгүйн тулд өөр өөрийн өнгөөр аялацгаах нь, Bosso nova. Бүхэлдээ харин энэ хэмнэл нь модерн симфони. Бид харин дуучин нь! 

3 comments:

  1. Уран шаглаа мэт сайхан хэлхээс, Ану-н хэлсэнчлэн үг үл олдоно.

    ReplyDelete