Jan 23, 2013

Өлмий дээрх монологи

Д.Алтанхуяг, Ашли Эллис. 
Улаан хилэн хөшиг зугуухнаар дээш өргөгдөхөд үзэгдэл хэдийнэ үлгэрт уусаж, тэр тайз бодит амьдралын тусгалаас хэдийнэ холдсон байв. Үзэсгэлэнт Одетта нуурын эргээр цэцэг түүн, хөнгөн бүжнэ. Бүхий л үлгэрийн адилаар үйл явдал эрт урьдын цагт л өрнөж буй. Хөх цэнхэр нуурын хөвөөнөө хун цагаан Одетта...
Хурууны өндөгнөөс тайзнаа тулах цэг хүртлээ биеэ зэгсэн мэдэрсэн баллеринагийн хөдөлгөөн бүрийг даган тэнүүчлэх гэрлийн нөлөөнөөс үүдэн, түүний сүүдэр дөрвөн тийшээ цацарч, театрын хана даган сунайх нь үзэгдэх орчны бодь нөлөөнөөс биднийг ангижруулж авай. Тэр эмэгтэй эрт урьдын гэх тодорхойгүй цаг руу бүрнээ уусчээ. Тэнгэр өөд сунайн зогсохдоо тэр энергийн цөм мэт энд цугласан хүн бүрт үл үзэгдэх, зөвхөн мэдрэмжээр л хүртэж болох ид шид түгээн, цацруулах мэт.
Магад манай ДБЭТ дэлхийн бусад театраас “Хунт нуур”-ыг хамгийн олон удаа тоглодог нь байх. Хувцас хэрэглэлээс эхлээд тавилт нь хүртэл (ялангуяа төгсгөл нь!) нэгэн хэвийн уйдаж болмоор атал зуун дамнасан сонгодог балет хэзээд ч, хэнийг ч өөртөө татаж, эзэмдэж чаддаг шидтэй ажээ. Театрын захирал хатагтай Б.Сэргэлэн өнгөрсөн жил “Нью-Йорк Таймс” сонины сэтгүүлч Шейла Мелвинд ярилцлага өгөхдөө “Хүмүүс надаас манай театрыг яагаад илүү орчин үеийн байж болдоггүй юм бэ гэж асуудаг. Нэг төрлийн театр бүхнээ хадгалж үлддэг байхад, нөгөө нь бүгдийг өөрчилж явдаг. Миний менежмент бол хадгалах” гэж хэлсэн байсан. Гаднын бүжигчид манай театрт ирэх бүртээ “Хунт нуур”-ыг тоглодог болсон нь мөнөөх л хадгалах зарчмынх нь илрэл байх.
Энэ удаа Бостон балет компанийн гурвал хүрэлцэн иржээ. Тус театрын гоцлол бүжигчин, гавьяат жүжигчин Д.Алтанхуяг болон Ашли Эллис (АНУ), Аветик Карапетиан (Армян) нар. Тэд гурван өөр соёлын төлөөлөл байсан нь сонин л тохиол. Гэвч ямар ч гайхамшгийг яг нэг орчинд, нэг үзэгдэлд дахин мэдрэхэд шид болоод “соронзон үйлчлэл” нь үгүй болсон байдаг шиг ханхүү Зигфридэд тоглосон Д.Алтанхуяг төдийлэн онцгой санагдсангүй. Гаргууд техник, сайн гүйцэтгэл л ханхалж байв. 
Аветик Карапетиан. 
Харин “Бостон балет”-ийн залуухан, армян гочлооч Аветик Карапетиан шинэ бөгөөд сэргэгийн дээр соронзон адил бүхний анхаарлыг өөрийн зүг татав аа. Салбадайн дүрийн нэрийн хуудас болсон өнөөх эргэлтүүд нь сайн гүйцэтгэлтэйн улмаас үзэгчид бид сонгодог урлагийн театрт буйгаа ч умартаад судлаасаа өндийн даган бүжихээ шахсан. Бүжгийн урлагийн гайхамшиг нь үггүйгээр харилцан ярилцах, биеийн хэлээр хүүрнэх мэдэрхүйн дээд хэлбэрт хэдий ч үүн дээр багахан нүүрний хувирал нэмчихвэл бодит руу бүр ихээр ойртдог доо. Үүнийг л чадмаг харуулсан болохоор бүжгэн жүжгийн турш Салбадай (Аветик) бидэнтэй мөн ч их юм “ярьж” амжсан. Харин таван настайгаасаа балетаар хичээллэсэн Ашли Эллисийн байгаа нь л үлгэрийн нэг хэсэг мэт санагдсан.
Тоглолтын дараа түүнтэй хэсэг зуур ярилцахад булчингууд нь аажмаар сулран тавирч, тэр хэрээр хунгийн дүрээс хүний амьдрал руу шилжих урвал явагдаж байсан ч тэр нэг л өөр. Үг хэлэх нь хүртэл бүжгийн хөдөлгөөн шигээ хөнгөн болоод намуун. “Хэдийгээр бид ижилхэн, тайзнаа л бүжиглэдэг авч бусад нөлөө (хамтран бүжиглэгч, тайз, гэрэл, хөгжмийн хэмнэл, үзэгчид) зайлшгүй хамааралтай болдог. Монгол театртай холбогдох нь тийм ч хэцүү байсангүй” гэж Ашли Эллис ярих зуураа багтаж ядсан эрчимээ мөн л хөнгөн бөгөөд намуухнаар гаргаж байлаа.
Тоглолт дууссаны дараа Дуурь, бүжгийн эрдмийн театрын тайзыг илүү ойроос харж, арын хэсэг болон бүжигчдийн өрөөгөөр шагайх хүслээ гүйцээв. Энэ өдөр Монгол Улсын Ерөнхий сайд Н.Алтанхуяг хүрэлцэн ирсэн учраас хаа сайгүй хамгаалалт гарч, тоглолт ид өрнөж байх зуур тайзны арын уур амьсгалыг мэдрэх боломж олдоогүй юм. Тайз бүхэлдээ хүйт оргиж байлаа. Ийм хүйтэнд инээмсэглэн бүжиж байсан нь монгол бүжигчдийн онцлог ч байж мэдэх юм. “Манай театрын тайз энэ жил их л хүйтэн байна. Бараг л мөсөн дээр бүжиглэж байгаа мэт” гэж Д.Алтанхуяг ярьсан хэдий ч үзэгдэх орчны нөлөөнд авталгүй тоглолтоо дуусгасан нь сонгодог, мэргэжлийн гэх үгсийг дагалдах хүчний нөлөө байх. “Эх орондоо ирээд удаагүй болохоор энд тийм ч удаан бэлтгэл хийж амжаагүй. Харин АНУ-аас ирэхээс өмнө бэлтгэлээ чамгүй базаасан” гэж тэр даруухан тайлбар хийсэн ч энэ орой, энэ тайзнаа бүжиглэх гэж л насан туршдаа бэлтгэл хийсэн адил эрч, хүчтэй хэвээр байв.
Резинэн шалан дээр нь таягтай хүмүүс туучаад өнгөрсөн мэт сааралтсан олон жижиг толбо байх нь жигтэй. Балетийн шаахайн товшооноос үүдэлтэй толбо байсанд үүн дээгүүр гуталтайгаа туучих нь гэм хийж байгаа адил санагдав. Улаан тансар хөшиг хаасны дараа бүжигчид болон тэдний ойр, дотнын хүмүүс тайзан дээр шаагиж, Аветик болон Ашлигийн үзүүлбэрийн тухай сэтгэгдэл солилцоно. Нэг хэсэг үг - гүйгээр харилцсан тэд тэсгэл алдаад ингэж буй бололтой. Дараа нь дээш гарч, бүжигчдийн өрөөгөөр шагайлаа. Зарим нь тамхи татаж, хувцас сэлтээ түшлэгтэй сандал, буйдан ер нь л хаа таарсан газраа хайнгадуу тайлж орхисон нь үзэгдэл дуусаж, үлгэрээс ангид болсны шинж аж. Тэд одоо Б.Асафьевийн “Бахчисарайн оргилолт булаг”-т хувилахаар бэлтгэлээ базааж эхэлнэ.

1 comment: