May 30, 2013

Энд, одоо!


Энд, одоо... “Kush & Oyuka” жааз хамтлагийнхан бэлтгэлээ хийж байна. Хөгжимчид болон дуучин нотны тавиур дээрхээ чухалчлан харна. Куш хоолойгоо, хөгжимчид тус бүрийн хэрэгслээ дуугарган сууна. Бүгд тус тусдаа чихэвчтэй байх бөгөөд надад ч бас нэгийг өглөө. Эхний дуу Жейми Каллумын “Just one of those things”.

Жааз, поп урсгалаар дуулдаг Жейми Каллум нь анхны цомгоороо л Жааз хөгжмийн шилдэг бүтээлийн шагнал хүртсэн, “Алтан бөмбөрцөг”-т нэр дэвшиж байсан, Их Британийн жаазын залуу үеийн гол төлөөлөл юм. Дуугаа өөрөө зохиож, хөгжимдөж, бас дуулдаг. Жааз урсгалын уран бүтээлчдэд нэгнийхээ дууг коверлох нь бараг л жам болсон үйл явц. Энэ дундаас түүний бүтээлүүд нэлээд ярвигтайд тооцогддог юм билээ.
Гэвч “Kush & Oyuka” жааз хамтлагийнхан түүний “Just one of those things” дууг удахгүй болох тоглолтдоо коверлож (бусад уран бүтээлчийн дууг шинэчлэн дуулах) дуулахаар бэлдэж байна. Монголын өнөө цагийн жааз хөгжмийн урсгалын нэр, нүүр болж яваа залуу хамтлагийнхан “Say it now” гэх анхны цомгоо удахгүй худалдаанд гаргах гэж буйнхаа зэрэгцээ, энэ цомгийнхоо нэрээр нэрлэсэн тоглолтоо зохион байгуулах гэж байгаа талаар бид өмнө нь мэдээлсэн билээ. Уг тог лолтод тэд өөрсдийн шинэ дуунаас гадна Жейми Каллум, Майкл Бубле нарын бүтээлээс толилуулах юм.
“Бид тоглолтоо зориулж хэд хэдэн шинэ дуу коверлож, бэлдэж байна. Дуулах, хөгжимдөхөд хэцүү байх тусмаа бидний тоглох хүслийг өдөөдөг юм. Тиймээс энэ тоглолтод Жейми Каллумын хэд хэдэн дууг сонгосон” гэж хамтлагийн гишүүн, төгөлдөр хуурч Оюука ярьсан. “Jubilee” мюзиклд зориулж 1935 онд Коул Портер зохиосон ч сүүлд Жейми Каллумын дуулсан хувилбар нь ихээхэн алдаршсан уг дууны талаар тэрбээр “Свинг талдаа, их түргэн хэмнэлтэй дуу. Бүтэн оркестр, “big band” хамтлаг тоглодог учраас бид өөрсдөдөө зориулж зарим хэсгийг нь өөрчилсөн” гэлээ. Дуучнаас бол чөлөөтэй байдал, хүчтэй хоолойг шаарддаг нь Кушийн “эрх ашиг”-т гойд нийцэж байсан. Кушээс хоолойны дасгалаа хэрхэн хийдэг вэ гэж асуухад iPad-наасаа надад “Practice tools” гэх аудио дасгалын программ үзүүлсэн. Техник, технологи хөгжиж, тэр хэрээр дуулах процесст хүртэл нөлөөлж буйн нэг илрэл нь энэ ажээ. Бэлтгэл хийх дуугаа сонгомогц, нэг эмэгтэй (автомат, “аудио багш”) гамм уншуулж эхлэх бөгөөд би ямар ойлгох биш, цааш нь сонссонгүй. Бэлтгэл үргэлжилсээр, “I get a kick out of you”, “Love”, “Wonderful tonight”-ыг ар араас нь угсрууллаа. 
“Say it now” цомгийнх нь эхний хоёр сингл хэдийнэ олны хүртээл болсон. “Say it now”, “Бүх юм зүгээр” дууг нь та

 хэдийнэ сонссон байх. Цомгийн нээлт болон тоглолтын дараа албан ёсоор олны хүртээл болгохоор зэхсэн гурав дахь сингл нь “Чиний нэр дээр” хэмээх нэртэй. Хөгжмийг Оюука, харин дууны үгийг хоёул хамтран бичсэн гэнэ. “Энэ дуу саяхан гаргасан “Бүх юм зүгээр”-ийг бодвол илүү удаан хэмнэлтэй. “Чиний нэр дээр” дурлалын шаналлаас үүдэж, төрсөн дуу бөгөөд бидний хэн хэний маань сэтгэл, зүрхтэй холбоотой” гэж Оюука хэллээ. Урт, урт ноттой, амьсгаа их шаардсан дуу боловч дууныхаа дотоодыг хэн хэн нь мэдэрч, мэдэх болохоор хэцүү зүйлгүй гэж Куш ярьсан. Сэтгэлээ, мэдрэмжээ үгээр болон хөгжмөөр илэрхийлж чаддагт нь Оюукад атаархах шиг ч болов. Тоглолтод арав гаруй хөгжимчин оролцох бөгөөд энэ удаагийн бэлтгэл дээр аргил гитарчин, төгөлдөр хуурч, бөмбөрчин иржээ. Тоглолт дөхөөд ирэхээр бүрэн бүрэлдэхүүнээрээ бэлтгэлээ хийж эхлэхээр төлөвлөж байгаа аж.
-Коверлож дуулах дуугаа сонгох доо та хоёр хэний “эрх ашиг”- ийг илүүтэй хүндэтгэн үздэг вэ?
Куш: -Дуунуудыг ихэвчлэн Оюука санал болгодог. Түүний сонгосон дуунуудыг харж байгаад бид сонголтоо хийдэг юм.
Оюука: - Цөөнгүй жил хамтарсан болохоор Кушийн хоолойг, бас сонголтыг сайн мэддэг. Тиймээс Кушийн хоолойд тааруулан дуугаа сонгодог. Түрүүн ярьсанчлан, дуулах, хөгжимдөхөд аль болох хэцүү тусмаа л би татагддаг.
-Тоглолтгүй үед ч гэсэн та хоёр бэлтгэл байнга хийдэг үү?
Куш: Тоглолт төлөвлөөгүй үед хааяа л бэлтгэл хийдэг. Тоглолттой үед бол эртнээс бэлдэж, тогтмол бэлд дэг. Жишээ нь, өмнөх гурван тоглолтод бид бараг 50 орчим дууг бэлдэж, өөрийн болгож коверлосон. Шинэ тоглолт бүртээ бид шинэ шинэ дууг коверлохыг зорьдог.
-Нэг дууг өөрийн болгоход ер нь хэр уддаг вэ?
-Монголоос гадаадын жааз дууны бэлэн нот, хөгжмийн задаргаа олох хэцүү. Тиймээс бид бүхнийг өөрсдөө хийх хэрэгтэй болдог юм. Хугацааны хувьд тухайн дуунаасаа л болно. Ер нь нэг дууг коверлох гэж дунджаар долоо хоног бэлддэг. Жеймигийн “I get a kick out of you”-г бэлдэх гэж харин жаахан удсан гэв.
Эсперанза Сполдинг, Жейми Каллум гэхчлэн өөрсдөө хөгжмөө тоглохын сацуу дуугаа дуулдаг жааз уран бүтээлчид олон. Харин Кушээс хэзээ нэгэн цагт өөрөө төгөлдөр хуур тоглож, дуулах тухай бодож байсан уу гэж асуухад “Эхэндээ тэгж боддог л байлаа. Харин одоо тэр бодлоо гээсэн” гэлээ. Тэгсэн Оюука гайхсан байртай “Яагаад” гэж асуухад, Куш “Оюука маань байгаа юм чинь” гэсэн юм.
“Say it now” тоглолт нь ирэх сарын 8, 9-нд “iLoft”-д болох гэж буй. Энэ зуны, энэ жилийн анхны жааз тоглолт учраас энэ урсгалыг шимтэн сонсдог хүмүүсийн анхаарлын төвд хэдийнэ ороод байгаа. Нэг хэсэг бүр сураг ажиггүй, нам жим болоод байсан манай жааз хөгжмийн ертөнцөд замаа гаргаж, өөрсдөө суралцахын сацуу Монголынхоо жааз урсгалын хөгжилд хувь нэмрээ оруулж буй тэдний тоглолтод та заавал очоорой. Монголын жааз хөгжим, “Kush & Oyuka” хоёул цоо шинэхнээрээ байна шүү дээ. Яг энд, яг одоо...!

5 comments:

  1. Жааз хөгжим ч гоё шүү. Зурган дээрээ тавихад бүр ч гоё жааз.

    Жазз!

    ReplyDelete
  2. Монгол хэлний толинд жааз гэж бич гэдийм байлээ. Оросууд бол бүр (д)жаз гэж бичдэг. Тэгээд ингэсэн хэрэг ээ.

    ReplyDelete
  3. Үгийн алдаа ч бас хэлтрүүлэх зүйл биш шүү гэснээс сайхан өгүүлэл байна. Куш ба Оюука нар сайн уран бүтээлчид, хүндэтгэхийн сацуу сонсох дуртай.

    ReplyDelete
  4. Тэгээд зургийн жааз, жазз хөгжим хоёрыг яаж ялгах болж байна аа? Ямар толин дээр тэгж байна?

    ReplyDelete
  5. яг л тат, тат, тат, гар, гарыг ялгадаг шиг ялгана байхдаа :)

    ReplyDelete