“Магадгүй” (Тильда Свинтон)
Тильда Свинтон “Магадгүй” төслөө 1995 онд
эхлүүлсэн. Лондоны Серпентин галерейд шилэн хоргон дотор долоо хоног унтаж,
хоргоноос гадна орчинд хэн ирж, юу болж буйг үл тоон аж төрсөн, тэр. Тэгэхдээ
хэвлэлээр нэг ч мэдээлэл цацаагүй, тэр ч бүү хэл галерейн хөтөлбөрт ч
мэдэгдээгүй, үүдэндээ зарлал хадаагүй учраас орж ирсэн хүмүүс эхэндээ түүнийг
таньсангүй. Үүнээс 18 жилий дараа, өнгөрсөн гуравдугаар сард тэр Нью-Йоркийн
Орчин үеийн урлагийн музейд хэдэн өдөр (найман цаг болоод хэсэг зуур амарч байсан) амьд үзмэр болж хэвтсэн. Цаг хугацаа бүхнийг
өөрчилдөг болохоор, энэ зуур хүмүүсийн зан авир, сэтгэхүй, хэрэглээ хүртэл
зэгсэн хувьсаж, “Твиттер”-ийн зурагт жиргээгээр “урилга” хийсэн хэдэн мянган
хүн тийшээ цувсан ажээ. Сонирхолтой нь, энэ инстолляцийг үзсэн хүмүүс нийгмийн
сүлжээгээр зураг дамжуулахдаа ихэнх нь “Нойрсож буй гоо бүсгүй” гэсэн тайлбар
хийцгээсэн байсан юм.
Унтаж
байх зуур хүний бие сулран тавирч, биеэ цэгнэхээ нь хүртэл больдог. Магадгүй
энэ бол хамгийн эмзэг урлаг байх. Өчүүхэн дуу чимээ, шивнэх төдий яриа л энэ
урлагийг үгүй болгож мэднэ. Түүний инстолляцыг үзэхээр өдөрт дунджаар 20000 хүн
музейд орж ирсэн. Үзсэн хүн байтугай, сураг сонссон хүн шалтгааныг нь эрэн
бэддэг. Тэрбээр өөрөө энэ төслөө “Үхэл амьдралын зааг буюу сэрүүн үхэл” хэмээн
тайлбарласа. Учир нь 1995 онд Тильдагийн дотнын найз Дерек Жарман нь ДОХ-оор
нас барсны дараахан тэр төслөө эхлүүлсэн бол, өнгөрсөн арванхоёрдугаар сард ээж
нь бурхны оронд очсоны дараа мөн “Магадгүй” төслөө үргэлжлүүлсэн юм.
Шилэн
хоргоны буланд “Тильда Свинтон. 1960 онд Шотландад төрсөн. “Магадгүй”
1995/2013. Амьд үзмэр, шил, ган хүрээ, дэр, гудас, ус” хэмээн тайлбар бичсэн
байжээ.
“Байшин доторх үүл” (Бернаут Смилде)
Бернаут Смилде цаг агаарыг захирч дөнгөнө. Германы эл уран бүтээлч цэлмэн
тэнгэрийг, цэнгэг агаартай өрөөг үүлтэй болгож чадна. Амстердамын галерейн
хоосон өрөөнд борооны үүлийг тогтоон барьж чадсан түүний сүүлчийн төсөл олны
анхаарлыг ихэд татсан юм. Түүний бурхных мэт энэ хүчийг гартаа оруулахад
шинжлэх ухааны бяцхан мэдлэг л хангалттай байжээ. Өрөөний хэм, чийгшлийн
тохиргоог сайтар судалж, улмаар үүл бүрэлдмэгц үүнийг тогтоон барих цэгийг
тооцоолсноор энэхүү алдартай инстолляц нь бий болсон. Энэ бүхэн гүйцмэгч тэр
манан үүсгэгч машиныг асаах товчийг дарснаар манан (хиймэл) дээш хөөрч мөнөөх цэгт хүрээд тогтоно. Өрөөний яг голд нь. Энэ ч мөн адил
тун эмзэг үзмэр учраас үзэгчид шилэн хоргоны цаанаас харах боломжтой аж.
“Би
агшин зуурын бүтээлд дурлах болсноос энэ бүхэн үүдэлтэй. Мөнхийн бүтээл мөнхөд
үлддэг, миний бүтээл түрхэн зуур үзэгдээд өнгөрдөг. Магадгүй үүлний хөргийг
хэдэн мянган жил харснаас нүдэн дээр нь үүл бүрэлдээд, тогтоод, ууршаад алга
болохыг харвал сонирхолтой байх” гэж Смилде ярьжээ. Тэр бүтээлээ илүү амьд
харагдуулахын тулд цэнхэр өнгийн хана тойруулж, нарны туяатай төстэй
гэрэлтүүлэг ашигладаг.
“Бороот өрөө” (“rAndom international”)
Огт норохгүйгээр бороонд алхаж болох уу. Бороот
өрөөн дотор, цувгүй, шүхэргүй алхаад үзвэл ямар бол. Гэвч дээрээс тань яг
шингэн бороон дусал гоожино. Харин танхим бүхэлдээ 3D технологиор бүрхэгдэж, алхааг тань мэдрэх хэдэн
сая мэдрэгч байрлуулсны хүчинд урд, хойно тань бороо орсоор л байх авч эгц
дээрээс тань юу ч дусахгүй. Энэ санааг сэдсэн “rAndom international” хэмээх уран бүтээлчдийн бүлгэм үүнийгээ
“Хүн, байгаль, технологийн нийлэмж” гэж тайлбарлаж байна билээ. Тэд өнгөрсөн
онд Нью-Йоркийн Орчин үеийн урлагийн музейд эл бүтээлээ толилуулсан бол өдгөө
Лондоны Барбикан төвд очоод буй гэсэн.
Хүмүүсийн
ая тухыг бодож “Бороот өрөө”-нд нэг дор арваас их хүн оруулдаггүй. Олон удаа
орж туршлагажсан хүмүүсийн яриагаар бол хэрэв та хурдан алхах, эсвэл жижигхэн
зайд гүйх юм бол норох магадлал бий аж. “Бороот өрөө”-ний хана, тааз, шал
бүхэлдээ хав хар өнгөтэй байдаг бөгөөд дундуур нь хэцэлсэн гэрэл гаргасан
байдаг.
Хэзээ нэгэн цагт хэний ч санаанд ороогүй галзуу үйлдэл хийх нь нэр алдрыг авч ирээд зогсохгүй нээлт болох мэт санагдана.
ReplyDelete