Буддын шашин энэрэнгүй болоод хүлцэнгүй байхыг номлодог. Тиймийн атал Азийн зарим орны хуврагууд лалын шашины эсрэг үзэн ядалтаар зэвсэглэн, хараан зүхэж, хүчирхийллийн аргаар тэмцэх болж. Тэдний толгойлогч хэмээгдэх Виратуг баруунд “Буддын Бин Ладен” гэнэ. Гуйвшгүй төв харцных нь цаана үзэн ядалтын гал улайран дүрэлцэж буй нь илт боловч тэр яг л Бурханы хөрөг мэт тайван бас амирлангуй харагдаж чадна. Зуу зуун сүсэгтэн өмнө нь завилан суугаад, алга хавсран аниргүй бөхийх нь түүний сүр хүчийг илтгэх шиг. Хүжийн үнэр хамар цоргисон Мандалайн сүмийн эл зураглал амирлангуй гэж энэ л болой гэх гэгээн бодолд хөтлөх авч, Виратугийн дотор адын хар бодол бийг бодохоор үл итгэх ёстой гэж өөрийгөө хүчилнэ. “Энэ бол тайван байх цаг биш. Буцалж буй цусныхаа дуудлагаар босох цаг ” гэж энэ ёслолын дараа хэлсэн нь Буддын шашины ариун газар Бирмд шавсан үй олон лалын шашинтны эсрэг бослогод сүсэг нэгтнүүдээ уриалсан үг байлаа.
Чухамдаа энэ дуудлагын
үрээр сүүлийн хэдэн жил Бирмд зуу гаруй муслим шашинтан алагдсан гэх мэдээг
олон улсын хүний эрхийн байгууллагууд дэлгэв. Ялангуяа Виратугийн амьдрадаг
Бирмийн төв хэсэгт цус урссан тоо даанч их. 60 сая хүн амтай тус улсын нийт
иргэдийн ердөө таван хувийг лалын шашинтан эзлэх боловч Виратугийн хэлж буйгаар
бага гэж тайвшрах хэрэггүйгээр лалын цөөнх тэдний эмс охидыг нь элдэвлэн,
аажмаар эх орныг, соёл түүхийг нь булаах гэж санаархаж байгаа хэмээн тэр
боддог. Яг үүнтэй ижил, одоогоос хэдэн жилийн өмнө нутгийнх нь хойд хэсэгт
шигсэн христийн шашинтнуудтай бяцхан тэмцэл өрнүүлж, жижиг тулааны ялагч болсон
нь түүнийг илүү итгэлтэй болгосон байж мэднэ. Бас хөрш зэргэлдээ улсуудад,
тухайлбал энэ оны эхээр Шриланкад буддын шашинт үндсэрхэг үзэлтнүүл лалын
шашинтнуудтай ширүүн тэмцэл өрнүүлж, шинэхэн нээгдээд байсан сүм хийд цөмийг нь
галдан шатааж, Тайландын хуврагууд үндэсний армитайгаа нийлэн мөн л дээрхтэй
адил хэрэг өдүүлсэн жишээ түүнд нэг талаар цагаатгал хайрласан байх. Хиндүгийн
үндсэрхэгүүд, лалын зоригтнууд, фундаменталист христүүд, ортодокс еврейчүүдийн
эсрэг шашины дайн маягийн сэдэл эхлүүлж буй энэ оролдлого нь 2500 жилийн өмнө
амьдарч асан Сиддхарта Гаутамагийн номлолоос хэт гажсан зүйл мэт санагдах ч
зарим талаар өмөөрөх шалтаг төрж буйг бас үгүйсгэх аргагүй. Шашины дайн зөвхөн
буддизмыг л тойрсон гэж бид боддог ч, одоо тэдний эргэлт ирсэн гэдгийг хүлээн
зөвшөөрөхөөс аргагүй мэт.
Нутагт нь буй лалынхны 90 хувь нь үндсээрээ
муу хүмүүс гэж боддог Вирату 2003 онд анти-лалын хөдөлгөөн толгойлсноосоо болж
долоон жил шоронд суугаад гурван жилийн өмнө суллагджээ. Шоронд өнгөрүүлсэн
жилүүд түүний доторх үзэн ядалтын тунг нэмж, үйл хэрэгт нь улам шийдэмгий
болгосноос биш номхоруулж ер чадаагүй аж. Вирату шоронгоос гармагц орхимжоо
өмсөөд, 969 нэртэй анти-лалын хөдөлгөөн эхлүүлсэн. Эхний есийн тоо нь Буддын
шашины есөн гүн ухааныг, удаах нь дхамма буюу зургаан түүхэн чуулганыг,
сүүлчийнх нь сангха буюу буддын хуврагуудын есөн ухааны бэлгэдэл. Индонез,
Малайз, Пакистан, Афганистан гэсэн Азийн улсууд урьд буддын шашинт байгаад,
хожим лалынханд эзлэгдсэн тул өөрийн улсаа тэдний адил болох вий гэж түгшсэн
олон мянган хуварга 969 хөдөлгөөнд элсэх болжээ. Ядуу буурай Бирмд Ойрхи
Дорнодын баян арабууд ирж, масчид буюу лалын сүм хийд барьж, үгээгүй хүмүүсийг
идэх хоолоор цатган өөрийн болгож байгаагийн эсрэг тэд богино хугацаанд маш
тууштай тэмцэж буй. Өнгөрсөн гуравдугаар сард тус хөдөлгөөнийхөн Рохингья буюу,
лалын шашинтнууд олноор амьдардаг бүс нутаг руу довтлох үеэр дор хаяж 40 лалын
шашинтан, хоёр буддист амь үрэгдсэн байна. Хэдийгээр Вирату үүнийг
гуйвашгүйгээр өмгөөлөх боловч, энэ үеэр зүгээр л лалын шашинтан гэр бүлд
төрснөөсөө болж амь үрэгдсэн 15 настай Абдул Разак хүүгийн ээж Рахамби үхэн
үхтлээ тэднийг жигшин зэвүүцэж суугаа. Вирату бурхандаа мянгантаа сүсэглэж,
түмэнтээ сөгдөвч тэр ээжийн дотор чөтгөрийн дүрээр өөрөөр буухгүй. Гэвч сайн үйлийн төлөө цус урсахыг Вирату ч,
969 хөдөлгөөнийнхөн ч зөвд тооцож буй нь илт. Шриланкагийн Боду Бала Сена буюу
Буддын чөлөөлөх арми нэртэй анти-лалын хөдөлгөөний удирдагчидтай Виратугийн 969
хөдөлгөөн нийлсэн нь тэдний үйл хэрэг нэг улсын хэмжээнээс бүрэн хальж, бүсийн
маягтай болж буйн илрэл юм. Боду Бала Сена хөдөлгөөний удирдагч, буддын хуврага
Галабода Адде Гнанасара Деро 969 хөдөлгөөнийнхөнтэй зөвшилдөж хүрч, үйл хэргээ
нэгтгэх үеэр “Энэ бол Буддын Засгийн газар. Энэ бол Буддын эх газар” хэмээн сүр
дуулиантайгаар зарласан гэдэг. Тус нэгдэл энэ оны эхээр Шриланкад байх лалын
шашинт эзэнтэй хувцасны дэлгүүр, бойны газар болон хэд хэдэн христийн пасторын
гэр рүү довтолж, эд зүйлийг нь эвдлэн сүйтгэсэн хэрэг гарсан. “Энэ бол
сануулга” гэж Вирату хэлсэн.
Гэвч энэ нутагт хэдий
цөөнх ч гэлээ лалын шашинтнууд “буддын терористууд”-ын эсрэг ижилхэн зарчимаар
үзэхээр шийдэж, зэвсэг нөөцөлж, тэсрэх бөмбөг оруулж ирэх болсон гэж Вирату
ярьсан. Харин эх орноо, өөрийн шашинаа аврах хүсэлтэй тэрбээр галт зэвсэг,
эсвэл тэсрэх бөмбөг хэрэглэхгүй гэж хэнд ч юм, бурханд ч юм уу, амласан учраас
тэднийг дагахгүй гэсэн бодолтой. “Буддын Бин Ладен” хуврагуудаа өглөө нь
бурханы сургаальд, үдийн хойно зэвсгийн эрдэмд шамдуулж буй нь үүнтэй
холбоотой. Үүнийг би дотроо хорслын мантра гэж томъёолон бодов.
Хорсож болох бил үү?
ReplyDeleteХорвоод бүгд адил бус уу?
сонирхолтой зүйл бичжээ. яг үнэндээ энэ хүний хуьд шашнаа хамгаалж байгаа биш, шашныхаа нөлөөг ч хамгаалж байгаа биш, шашны статусаар нь дамжиж өөрт нь ирэх хүч, нөлөөгөө алдахгүй гэсэндээ л ийм зүйл хийж байгаа.ердөөсөө л хүч гэдэг зүйл байна л даа цаад зорилго нь. хүчтэй баймаар байдаг. гэтэл муслимчууд ядуусд сайн үйл хийснээрээ хүч нөлөөг нь булаах аюултай болчихоод байдаг. бид сайхан сэтгэл, хайраар дүүрэн байж болох ч галзуу нохойн хажууд тайван унтах аргагүй билүү тиймэрхүү утгатай үг хэлсэн байдаг юм байна лээ. өөрийгөө хамгаалах гээд бодоод байдаг нэг мэдсэн 2 галзуу нохой болсон явж байнаа гэж хэхэ.
ReplyDeleteХоёр галзуу нохойн тухай сайхан жишлээ. Үнэндээ хүн гэгч эцсийн бүлэгт нийтийн эрх ашигаар далимдуулан өөрийн эрх ашгийг хамгаалдаг хойно доо.
DeleteСайхан зүйлийн төлөө сайхан зүйлийг муу болгох урвах хүч энгүй их байдаг. Үүнийг мунхаг сэтгэл хэмээн жигшин үздэг нь хувьд өөрөө мунхаг болсон гэх санаа юмууд аа.
ReplyDelete