...Гэхдээ би үхэхийн тулд төрсөн! Нээрээ дээ, нээрээ гэм. Хэргээ гүйцээх гэж, үйлдээ бэлдэх гэж өнөө та нарын дэргэд байгаа болохоос биш анх төрөхдөө л би үхнэ гэдгээ мэдэж байсан. Байр байдлыг минь зураглах хэрэг гарвал тасалбар халаасандаа хийн, тайван гэгч нь кофе балгалаад, сонин гарчиглан хүлээлгийн сандал дээр суугаа галт тэрэгний зорчигч гээд л ойлгочих. Бидэнд хаашаа явах, юуны тулд хөдлөх гэж буйгаа мэдэхгүйгээр унааны хаалга татах үе үнэхээр байдагтай адилхан гээд л саначих.
Одоохондоо би талийгаач болоход бүх талаараа зохимжгүй
байгаа учраас тэр өдрийг, бүрэлдэх мөчөө хүлээж байгаа юм. Тэрний төлөөнөө яг
юу хийх ёстойгоо мэдэхгүй л дээ. Тэгэхдээ байж байхад л, чухамдаа амьд байхад л
аяндаа болчихно гэж надад хэлсэн. Намайг үхэхэд чухам тохирох өдөр хэзээ
гэдгийг мэдчихвэл уг нь таатай л байна. Тэгэхдээ мэдэж болохгүй гэсээн.
Магадгүй ТЭР өөрөө шийдэж амжаагүй болохоор үг сүггүй, аанай л дуугүй байгаа байх.
Нэгэнтээ л талийх нь тодорхойгоос хойш хугацаа товлож сүржигнэхийн хэрэг үгүй гэж
санаа биз. Би ч ийн үүнд нь хэдийнэ дасаж, элдвээр шалгаахаа байсан. Гэхдээ юу
гээч, нэг зүйлийг би мэдэхийг хүсдэг юм аа. Надад яг ямар үхэл бэлдснийг л
мэдэхсэн... Бялуунаас надад хэр том зүсэм ирэх нь сонин биш. Харин алимных уу,
баялагных уу гэдэг нь сонирхол татдагтай л адил.
Хэзээнээс надад л их удаан, хорлонтойгоор үхэх таалагдаж
ирсэн. Үхлийн амтыг зүсэм зүсмээр, таашааж мэдэрвэл он удаан жил хүлээж буйтай
минь дүйх болуужин гэж санадаг. Гэнэт машинд дайруулах, тэнэсэн суманд оногдохын
төлөөнөө ийм удаан амьдарсан байвал уйтайяа. Нойрны эм боодлоор нь уух, олсонд
ороогдох, гүүрнээс үсрэх надад нэр хүндгүй санагддаг. Дайны талбарт үхэхийг
баатарлаг гэж зарим нь хэлдэг л юм. Олны хомрогонд орж, яг хэн үхснийг мэдэх
боломжгүй цусан далайн нэг хэсэг болбол бас л тоогүй. Харин тэрний оронд туулайн
бөөр модонд хүлүүлчихээд хорхой, шавьж надаар хооллож дуустал хүлээвэл сайхан
аа. Ер нь л миний үхэл хэн нэгэнд хэрэг тусаа өгвөл сайн байна. Хүмүүсийн дунд
хууль гээч юм үйлчилдэг болохоор намайг хэн нэгэн алаасай гэж би хүсэхгүй ээ. Үхлээрээ
би хэн нэгний өмнө, эсвэл хэн нэгэн миний өмнө өртэй үлдэхийг зөвшөөрөхгүй. Үйлэнд
минь хүргэснийхээ төлөө харин ч шагнагдах ёстой нэгэн, шоронд хатаж, амьдын тамд
унавал уйтай. Тиймээс би үхлээ бусдаас ангид үйлдэгдээсэй гэж хүсэж байна.
Үхэгсдийг үдэх тогтсон дэг жаяг хэзээнээс л миний уцаарыг
хөдөлгөж ирсэн. Араас хэн нэг нь уйлаад , хүний хайлан шахуу байсан гэж хэлээд
л, ямар алба биш дээ. Намайг миний амьдралын жирийн л нэг өдрүүдийн адил,
дуурсах юм юу ч үгүйгээр явуулбал сайн байна. Намайг энд ирэхийг хэн ч мэдэхгүй
байсантай адил, ийм хүн байгаагүй юм шиг л мартчих. Харин насан туршид минь
зовлого болж, надад үнэнч зүтгэсэн бие цогцост минь хүндэтгэл үзүүлж, булшинд
хийхийг би зөвшөөрнө. Дээр нь миний үзэж, туулсан цаг хугацааг бичээрэй. Бие
цогцос минь ямар их үйлийн ард гарсныг булшин дээрх саргар хэдэн тоо гэрчилж
байг. Буцаад тэр газартаа уусаад, өвч болж ургахыг нь бодож нүцгэн
хэвтүүлээрэй. Надад анх тэгж л оногдсон юм хойно, тэр хэвээр хүлээлгэж өгөх нь ёс
төгөлдөр байх болно.
Энэ бүхэн гэхдээ надад намар ирвэл сайхан аа. Намайг
үдэхийн төлөөнөө модод навчисаа алгуурхнаар, гунигтай гэгч нь гөвж, зунжин
хөгжилтэйгээр мишээж уйдсан нар сүүлчийн амьсгалаа авч буй мэт туниа муутай
илчээрээ хацар нүүр төөнөж, тэгэхэд нь хүмүүс юуны ч тухай юм бодож толгой
бөхийн алхсан тийм зураглал дунд алга болмоор. Бүх дэлхий надтай салах ёс хийж
буй мэт намрын нэг өдөр л явмаар. Даанч би ийм тансаг үхэлд ногдох хувьтайсан
билүү, яагаа бол. Үлдсэн насандаа үйл хийх хэрэгтэй гэвэл, чухам энэ зэргийн
хүндлэл хүртэхийн төлөө л амьсгалахсан.
Тэгж гэмээнэ, “Явъя аа, чиний ээлж ирлээ” гэх хэн нэгэн хайнгуут
хэлэхийг сонсоод, мөрөөрөө би талийж одно. Тэгвэл л би та нараас юу ч хүсэхгүй.
Бүр надыг дурсаач гэж ч гуйхгүй тийм
бардам байж, намайг авахаар ирсэн намрын гараас атгана.
Юу юугүй намар дуусаад өвөл болчихно шүү дээ :)
ReplyDeleteХавар дээр биш үү, зарим хэсэгт чинь өвс болж ургах боломж олдоно.
Өнгөт орчлонд өнгөрсөн хойно нь үгүйлж, харуусч, хайралдаг нь гачлантай. Явья аа, чиний ээлж ирлээ гэхэд л явуулахгүй гараас зуурч, гачлантайгаар хашгирах нь өрөвдөлтэй!
ReplyDeleteСэтгэлд ортол бичжээ.
ReplyDelete