Dec 16, 2013

Хаанаа гэх сэтгэл хаана ч бөхөхгүй #1


-Нью Жерсид Чингис хааны тахилга 26 дахь жилдээ боллоо-
Нью Жерсид хорвоогийн өнцөг булан бүрээс ирсэн хүмүүс суурьшдаг шигээ өдрийн наран мандахаас жаргах хүртэл шороон түмэн үйл явдал болж амжина. Тэр дунд “Чингис хааны тахилга болно” гэсэн зарлал тэрүүхэндээ түгж, тэр нь бүр 26 дахь жилдээ зохион байгуулагдаж байгаа нь сонирхол татсаар нэгэн зуур би “Форрестер” зочид буудлын хүлээлгийн танхимд сууж байлаа. Хотоос зайдуу, ой захлан байрласан тэрхүү буудалд тухлахаар ирсэн амрагчид дэргэдүүр нь зөрөх хүмүүсийн тухай өөр зуураа шивнэлдэн, сониучирхаж, басхүү үйл явдалд нэн хамаатай нэгэн хүний нэрийг яриан зуураа дурдаж байсан нь XIII зуунд дэлхийг байлдан дагуулсан, мянган суут хүн Чингис хаан болой. Тэдний ихэнх нь эзэн хааны нэрийг мэдэхээс хэтрэхгүй. Эгээ бид мэндэлсэн өдрийг нь маргаан, мэтгэлцээндээ тулан байж товлочихоод, бүх нийтээрээ налайж дуусдгаас онцын ялгаа ер үгүй мэт. Харин энэ арга хэмжээ арай өөр, илүү хүндэтгэлтэй (хэдий цөөн хүнийг хамарсан ч гэлээ) байлаа. Монгол дээл хувцсаа цэмцийтэл өмссөн монгол, буриад, халимаг, өвөрмонгол, тува, хазара хүмүүс их эзэн Чингис хааны тахилгад оролцохоор Америкийн өнцөг булан бүрээ с иржээ. Хааш хаашаа 30 метр хүрэхгүй уулзалтын танхимд, нийтдээ 300 орчим хүн цуглав. Тэнд ажиллаж амьдарч байгаа монголчуудын тоотой харьцуулбал бага. Гэвч бүрэлдэхүүн нь өөр. Бүхэл бүтэн 1.5 сая ам.км газар нутагтай Монголд эвлэж болдоггүй нэгдэл энд багтсан болохоор голж, чамлахын аргагүй. Монгол ардчилсан орон гэхнээ ийм зэргийн үйл явдал болно гэвэл санаанд буухгүй. Тийм болохоор АНУ эрх чөлөөний орон гэдэгтэй өөрийн эрхгүй санал нэгдмээр.
Танхимын гадна жаазтай уран бичлэг, арьсан дээр урласан эзэн хааны хөрөг, жижиг сажиг бэлэг дурсгалын зүйлс, ер нь тэнд олдож болох Монголтой холбоотой бүхнийг өрсөн хоёр ширээ байна. Наагуур нь гүйлдэх монгол дээл, хувцастай хүүхдүүд эдгээрийн заримыг анх удаа харж буй мэт сониучирхана. Тэдний ихэнх нь монголоор ярьж мэдэхгүй. Гэхдээ энд өрсөн зүйлс өөртэй нь ямар нэг сэжмээр холбоотой гэдгийг бяцхан совингоороо мэдрээд байх шиг. Цаашилбал монгол идээ, унд бэлтгэсэн хэдэн ширээ байна. Сүүтэй цай, ааруул, хайлмаг, гэрийн боорцог бий. Арга хэмжээний дараа буузаар дайлна гэсэн мэдээг хүн бүр өөр зуураа солилцоно. Ойрд хараагүй, үзээгүй ховрын бараа байсанд тэр. Энэ мэтэд сатаарч байгаад тахилга болох танхимд явж орвол хойморт зассан жижигхэн гэрт Чингис хааны дүр бүхий баримал байв. Өмнүүр нь есөн ширхэг зул, мөн тооны цэцэг, сархад бүхий аяга тавьсан харагдана. Хажууд нь Монгол, Америк хоёр орны тугийг залжээ...

Хормын төдий үйл явдал, агшинд төрсөн сэтгэгдэл бодлоос мөддөө гарахгүй зууралдах тохиол алийг тэр гэх вэ. Тэнд мэдэрсэн, тэндээс тээсэн бодлууд санаанаас гарах янзгүй. Энэ бүхэн үйл явдлыг зөвхөн сурвалжлах төдийгөөс ангид мэдрэмж байлаа. Өөрт хамаатахаас огт хамаагүй хүртэл олон янзын зовнил дундаас тэдний асуусан, зүгээр л наргиа төдийгөөр хэлсэн үгс, хариулт нь олдоогүйгээс ичиж зогссон мөч, хаа газрын элдэв “гялгар” ёслолоос тэс өөр, цөөхөн хүнтэй ч дотно уур амьсгал, монгол хүн гэдгээрээ дахин нэг удаа бахархсан, мөн л үүнтэй холбоотойгоор төрсөн шаналал энэ дотроос хэзээ ч арилахгүйгээр бат шингэж, зураглал бүр нь өчигдрийн мэт тодрон байна. Ээждээ гологдсон хүүхэд, эх нутагтаа эгэн очих эрхгүй болсон хүн хоёрын хооронд алд дэлмийн зөрүү үгүй. Тэнд байгсдын хэн нь ч энэ тухай ам нээж гомдоллоогүй ч, хэрэгтээ үүнийг л бодон суугааг мэдрэх хөндүүртэй байлаа.
Нэг мэдэхэд Нью Жерсигийн энэ жижигхэн хэсэгт Монгол Улс бууриа зассан лугаа болоодохов. Суудал бүр эзнээ олж, өнөөх танхим өөр зуураа хөөрөг зөрүүлэн мэнд мэдэх элгэн олон монголчуудаар дүүрлээ. Танхимын гадна буриад нь оросоор, өвөрмонгол нь хоорондоо хятадаар, бүр нэвтрэлцэхгүй нь англиар ярьж буйг бишгүй сонссонсон. Гэтэл танхимын дотор Монгол туургатны олон үндэс ясны гайхамшиг болох өөр өөрийн хэв маяг бүхий дээл хувцсаа өмсөж, олон янзын мөртөө аль аль нь Монголоо илтгэх хэл аялгаар хоорондоо хэлэлцэх нь баялаг соёлоороо бардамнах сэтгэлийг эрхгүй төрүүлнэ. Сураг сонсох нь ээ, эзэн хаанаа хүндэлж цугларсан учраас эх монгол хэлээрээ ярихаар тохирсон нь энэ гэнэ. Гоё байгаа биз. Ёслол эхлэхийн өмнө Фэйсбүүк дэх Нью-Йоркийн монголчуудын группт нэгэн бүсгүй “Харь оронд ийм тахилга болдог гэхээр их сонирхолтой байна” гэж бичсэний дор өөр нэг нь “Монгол зоны тэнгэр хаана л бол хаана байдаг. Газар хамаагүй” хэмээн хариулсныг сонирхон уншиж билээ. Үнэхээр ч энд цугласан хүмүүс орон зайн хил хязгаарыг хэдийнэ давж, Чингис хаан гэсэн хоёрхон үгээр цаг хугацаанаас ч мөн хэтийдэн холджээ. Монголоос очсон даруйдаа тийш хүрсэн болохоор, тэгэхдээ бүр ийм арга хэмжээнд оролцож буй учраас надад ч харь оронд байгаа мэт ер санагдаагүй. 
“Найман зууны өмнө амьдарч байсан эзэн хаан маань хүний, өөрийн газар гэлтгүй өнөөдөр ч үр хойчоо нэгтгэн, энд цуглуулсан нь бахархмаар” гэж Америкийн монголчуудын соёлын холбооны ерөнхийлөгч Санж Алтан нээлтийн үгэндээ дурсав. Хазарачуудын эрх чөлөөний тэмцэгч Акрам Гизаби, Өвөрмонголын зохиолч Б.Түмэн-Өлзий, Халимагийн сэтгүүлч Надмитов Тамара, Дээд Монголоос ирсэн дуучин Эрдэнэ, Ордосын дуучин Дэлэхэй, Америкийн Буриадын нийгэмлэгийн тэргүүн Даримаа Цибикова гээд энд оролцсон, хожим сурвалжлагын явцад эрхэм уншигч таны “уулзах” хүмүүсийн үгнээс, сэтгэлээс харагдаж байсан бахдал, бардамнал энэ л өгүүлбэр дотор зангидагдан, багтсан юм (Бас Өмнөд Монголын хүний эрхийн мэдээллийн төв”-ийг ажиллуулж буй Ч.Энхбат гэх сонирхолтой эрхэм бий).
Хэдийгээр тэнд хэн нь ч ам нээн яриагүй боловч энэ арга хэмжээнд ирсэн манайхны тоо цөөн байсан. Бас 26 жил дараалан болж буй уг ёслолд Америк дахь Монголын үе үеийн элчин сайдууд оролцдог боловч энэ жил тэндээс ямар ч төлөөлөл байгаагүй. Хөтөлбөрт нэр нь байсан ч хүндэтгэх бус шалтгаанаар ирээгүй юм билээ. “Та бүхэн Монгол нутагтаа амьдардаг эрх чөлөөтэй хүмүүс учраас монгол гэдгээ заавал батлах шаардлагагүй байдаг юм шиг. Тийм болохоор энэ арга хэмжээнд буриад, өвөрмонгол, хазара, тува, халимаг хүмүүс л их ирдэг” хэмээн тэнд танилцсан нэг өвөрмонгол ах хэлсэн юм. Өөрт шууд хамааралгүйн өмнөөс ичиж, улайх мэдрэмж хэцүү. Үнэндээ шулуухан хэлсэн энэ үгнийх нь өмнөөс хэлэх үг ч олдсонгүй.
Хэдий Чингис хааны тахилга хэмээн зорьж ирсэн боловч энд цугласан ихэнх хүнийг Монголоо санах сэтгэл нь уриалан дууджээ. Надаас Монголтой холбоотой бүхнийг асууж шалгаана. “Цаг агаар нь ямар байна, Чингис хаанаа та нар тахидаг уу, Монгол Улс хэр хөгжиж байна” гэхчлэн шалгааж, өөрсдөө Монголын тухай сонссон, дуулсан болгоноо уйгагүй гэгч нь ярина. Нэг өвөрмонгол залуу нөгөө буланд тоглож байсан хүүхдээ хэрэг гарган дуудаад “Энэ ах чинь жинхэнэ Монголоос ирсэн байна” гэж хүндэтгэлтэйгээр танилцуулав. Хүү харайн ирж, инээмсэглэн зогсоод хацраа өгөн үнсүүлэв. Тэгэхэд дотор палхийгээд л явчихсан. “...жинхэнэ Монголоос ирсэн хүн...”. Жинхэнэ Монгол! Бусад нь тэгээд ямар монгол болж таарах вэ? Түүний хүндэтгэл, хүүгийн харц, хэлсэн үг. Энэ бол бидний өнөө хэр хариултыг нь олоог үй, тэрбайтугай олохыг ч, дурсахыг ч хүсдэггүй асар том үл ойлголцлын эх нь юм. Монголын хилтэй хаяа залган бидний элгэн садан оршдог. Өвөрмонгол, Умартын буриад, Тагнын тува, Алтайн Урианхай, Ижил мөрний халимагууд энүүхэн ойрхон байгааг, хилийн хэцэлсэн төм өрний наана цаана зааглагдсан түүх буйг бэлхнээ мэддэг атлаа бид хүлцэнгүй агаад дуугүй сууна. Зарим нь элэг нэгтнүүдээ хятад, орос хэмээн хажиглан гадуурхдаг бөг өөд үг сүггүй байна гэдэг нь ч үүнээс ер ялгаа үгүй мэт. Тайванийн монгол, хазара нарын тухайд бол бүр ч чимээгүй. Тал Монголоо таг “мартсан” улс! “Дэлхийгээр нэг тархсан монголчуудыг нэгтгэх дахин нэг Чингис төрөх цаг болжээ” хэмээн өөр зуураа хэлэлцэн сууснаа дахиад нэг бодов.
Энэ зуур тахилгын ёслол эхлэхэд бэлэн болж, туургатан бүрийн төлөөлөл болсон есөн ямтан Чингис хааны хүндэтгэлийн өмнө эгнэн зогслоо. 
Үргэлжлэл бий. 

2 comments:

  1. youtube бичлэг бна уу

    ReplyDelete
  2. yooyo zunduu uillaa

    ReplyDelete