Dec 4, 2013

Нью-Йоркийг үз, тэгээд зугт

          

  “Хэрэв хэн нэгэнд Нью-Йоркт очоод хийх юм олдохгүй уйдаж буй бол тэр хүн амьдралаас угаас уйдсан учраас л тэр” гэх үгийг дотроо давтан Нью-Йоркийн гудамжаар алхаж явахдаа хээнцэр дэгжин, гял цял энэ хотын амин сүнсийг л олж мэдрэхийг хүсэж байлаа. Улаанбаатараас нисэхийн өмнө үзэж харах газраа товлон, аяллын цахим хуудсаар ороход Эрх чөлөөний хөшөө, Брүклин гүүр, Линкольн төв, “Empire state building”, Янкий цэнгэлдэх хүрээлэн, “Times square”, ихэр хоёр цамхагийг буурь, төв цэцэрлэгт хүрээлэн зэргийг нь “заавал үз” хэмээн зөвлөн, тушаасан байлаа. Ийм болохоор л Нью-Йорк хот хэзээ ч сонирхлыг минь татаж байгаагүй юм. Өндөр барилга, түргэн хэмнэлээс өөр гойд юмгүй энэ газрыг яагаад “Дэлхийн нийслэл” гэж нэрлэдгийг, жилд 50 сая хүн аялах гэж очдогийг ойлгодоггүй. Гэвч ажлын далимд “үнэн” төрхийг нь харах гэж, өөртөө Нью-Йоркийг нээх гэж энд би хэсэгтээ л тэнэсэн.
            New York never sleeps гэж эрх чөлөөний хотын тухай хаа сайгүй бичсэнийг батлан, хэзээ ч унтарч, бөхдөггүйгээрээ зартай Нью-Йоркод 800 янзын хэлээр ярих 23 сая хүний дунд ороод холоос ирсэн жуулчин шиг ер төрөөгүй. Анх л “жуулчид”-аас гал авч бүрэлдсэн, одоо ч мөн жуулчид л орон байр, нүх сүвийг нь дүүргэж буй энд эх орондоо буй мэт дураараа дургиж болно, угаасаа хэн ч таныг хэргэсэхгүй. “Уугуул иргэдээ музейд залчихсан. Энд одоо эзэн гэж байхгүй”. Ральф Эмерсоны энэ өгүүлбэр л бүхнийг хэлээд өгнө. Энэ мэтээр өөрийгөө хурцлан, хөглөсөөр эн тэрүүгээр явахад нээрээ ч хохь, харь юм алга шүү. Бид өөрсдийгөө Хятад, Солонгосын нөлөөнд автсан гэж зүхдэг ч тэр нь Америк соёлын түрэмгийллийг хэзээ ч давахгүй болов уу даа. Бидний хүртсэн солонгос савангийн дуурь америк киног, зүүнтээ харласан нь тэндхийг зорьсонтой ер дүйхгүй. Аль аль нь  бидний үзэл санааг өөртөө автуулан, уусуулж буй ч нэгийг нь хэт дэвэргэж, нөгөөд нь “идүүлж” буйгаа анзаардагчгүй аж.
            Хурдан хурдан алхах хүн урсгал, тэдний өсгийн чимээ одоо ч чихэнд сонстоно. “Нью-Йоркт байхдаа би өөрийн эрхгүй, юунд ч юм яарч байдаг. Энд л амьдрал жинхэнээрээ буцалдаг” хэмээн Вашингтоноос нүүж ирээд удаагүй байгаа танил маань сэтгэл нь хөдөлсөн байртайгаар хэлсэн. Улс, хотын хөгжлийг хүмүүсийнх нь алхааны хурдаар хэмждэг гэдэгт итгэвэл Нью-Йоркийг гүйцэх газар бөмбөрцөгөөс хайгаад лав олдохгүй л байх. Эндхийн хүмүүс хэзээ ч нэг зуур нэг л юм хийдэггүй. Метрогоор зорчих зуураа хөгжим сонсон, ном сэтгүүл эргүүлнэ. Халуун кофе барин алхангаа гар утсаараа ямар нэгэн ажил амжуулж, тэгэх сацуу сонингийн хуудас эргүүлж бас амжих. Төв цэцэрлэгт хүрэээлэн нь нүд баясгах орчинтой, чимээ шуугиан бараг л үгүй байтал налайн суугаа хүн ер харагдахгүй. Улирал нь ч тэгж таарсан байх. Гүйсэн, дугуйгаар жирийлгэсэн, нохойгоо салхилуулсан шигээ л явна. Ер нь эндхийн хүмүүс амар амгалан, тайвшралыг ч гэсэн хөдөлгөөн, хэмнэл дундаас л олдог болтой юм. Харин тэндхийн намар ёстой дурламаар. Сэрчигнэх салхинд нь сэтгэл дагаад сэмэрч, хийсэх навчийг нь дагаад хаашаа ч юм явчихмаар тийм гоё намар сонгодог ёсоороо бүрэлдсэн нь таатай. Гэвч цэцэрлэгт хүрээлэнгийн хашаанаас гарав уу л, өнөөх хурдан, түргэн, халгисан, цалгисан орчин хаман авч, бодохын зуургүй л эргүүлэгт нь ороод буцаад л жирийх. Юу тэднийг ийн яаруулж, юу тэднийг алхааг хурдасгадаг юм бол оо?
            Нью-Йоркийг хэмнэлд тэсэж үлдэж чадвал тэр хүн дэлхийн хаана ч амьдарсан алзахгүй гэдэг үнэн байх. Энэ бол бүхний төв, энд хорвоогийн сайн, муу бүхэн холилдон байдаг учраас тэр. Дэлхийн санхүү, хэвлэл мэдээлэл, шоу бизнес, загварын ертөнц, технологи, боловсролын төв Нью-Йоркт бий. Тэр хэрээр маш их боломж бий. Тэр хэрээр маш олон эрсдэл бий. “Энэ дунд л бүдрэхгүй, өндийх аваас өөрийгөө та хүн болсонд тооц” (Дональд Трампийн алдартай үгийг энд эшлэв). Нэгэн цагт дэлхийн хамгийн өртөг өндөртэй хотоор шалгарч байсны ул мөр болж, Нью-Йоркт бүх юм үнэтэй байдаг. Тийм учраас тавхайгаа эргэтэл явж, салж унатлаа ажиллахгүй бол энд  тэсэж үлдэхгүй.
Энэ хотод олон жил амьдарсан хүмүүстэй ярилцсаны дараа ийм нэг бодол төрж билээ. Нью-Йорк унтдаггүй, энд нойр ч хүрдэггүй гэж бахдан ярих тэр хүмүүс үнэндээ ядрах, амсхийх ч завгүй хөдөлж, хөдөлмөрлөдөг. Тийм болохоор энд кофе уух кафе булан тойроод л олдоно. Явуут дундаа ундлах газрууд ч хаа сайгүй эгнээтэй. Гэртээ тухлах ч завдөл өгдөггүй учраас ямар сайндаа л нью-йоркийнхон телевизийн сувгуудийг гудамжны гэрэлт самбараас үздэг аж. Шоу үзүүлбэрийг метронд суунгаа ч харж дөнгөнө. Ийм л болохоор цусан дахь адреналин нь дээд цэгтээ хүртэл оргилсон “мутант”-ууд юунд ч юм яарч л явна.
Эрх чөлөөний хот гэх мөртлөө бүхий л юманд өөрийн гэсэн дэг бий. Үүнийгээ тэд “Нью-Йоркийн соёл” гэх бөгөөд тэр нь хууль лугаа хөдлөшгүй, хүчин төгөлдөр үйлчилнэ. Хурдан, түргэн хэмнэлийг нь түр зогсоон, царцааж орхиод инээмсэглэн зөрж, эелдэг харилцан зөрөх хүмүүсийн багийг нь хуулж, жинхэнэ Нью-Йоркийн дүрийг харахсан. Тэгвэл явсан минь, тэнэсэн минь бүтэх гээд...
Багадаа “Гэртээ ганцаараа” киноны хоёрдугаар ангиас шохоорхон харж асан Манхаттен, төв цэцэрлэгт хүрээлэн, “Plaza” зочид буудлаас эхлээд америк киноноос анх үзсэн зураглал энд яг тэр хэвээр. Барилгуудын ханан дахь хурц гэрэл тодрон тодорсоор Манхеттаны төвд авчрах бөгөөд тэнд эргэн тойрон бүхэлдээ HD форматаар үзэгдэх шиг болов. Тэнд хүрээд онгорхой хаалга бүрийг татан орвоос ид шидийн өрөө мэт өөр өөр үзэгдэл угтах нь сонирхолтой. Томоохон дэлгүүр, бродвэйн театр, кино үзвэр, музейнүүд хятад гоймонгоос, мексик мемала хүртэл зүсэн зүйлийн зоог, банк, хэвлэлийн байгууллага, хорихоос хорихгүй хүртэлх бүх юм бий. Лас Вегасын казинод цаг байдаггүй гэдэг шиг Нью-Йорк цаг хугацаанд ч үл торон, өөрийн хурдаар эргэж буй нь энэ. Хүмүүс нь завгүй жирийдэг болохоор бүх юм дэлгээтэй, нүдний өмнө ил. Метро хүлээх зуураа мухлагт өрсөн сэтгүүлүүдийг ажвал Нью-Йоркт хэн анхаарлын төвд орж, ямар онцлох үйл явдал болж буйг ойлгож амжина. Метро эрчлэх зуур дэргэдүүр нь өнгөрөх зогсоолд хатгасан самбарууд ямар кино, мюзикл, ямар шоуг үзвэл зохихыг заагаад өгнө.
Өрсөн хасаа шиг өөд уруу сүндэрлэсэн барилгууд нь төөрмөөр хэдий ч хотын газрын зураг, “Time out” сэтгүүл хоёр байхад хаана ч алзахгүй, юу хийх вэ гэж толгой гашилахгүй. Энэ бүхэн надад марафонд гүйгчдийн хурдыг сааруулахгүй гэж зам дагуу цэвэр ус барьж зогсдогтой адил санагдаж билээ. Тэдний хурдыг сааруулбал, хот өөрөө хөдлөхгүй. Тэгэхээр явуут зуур нь бүхнийг бэлдсэн хамгийн зөв шийдэл бололтой. Үйл явдал энд тасрахгүй ар араасаа хөвөрсөөр л байна. Намайг очих үед Талархлын баяр, “Хар баасан гариг”-ийн хямдрал, “Macy”-гийн парад, “Time” сэтгүүлийн “Оны онцлох хүн”, Америкийн хөгжмийн шагнал гардуулах ёслол, Рокфеллерийн өмнө сүндэрлэх гацуур мод, “Годог хүлээхүй” абсурд жүжгийн нээлт, “Дуурийн хий үзэгдэл” мюзикл тоглогдож эхэлсний 25 жилийн ой, “Өлсгөлөн тоглоом” киноны хоёрдугаар ангийн нээлт, “P.S1 орчин үеийн урлагийн галерейд Майк Келлигийн үзэсгэлэн гарах гэхчлэн айсуй арга хэмжээнүүдийн тухай яриа хөөрөө ид өрнөж байсан. Тэд эдгээр мэдээллийг явуут дундаа хуваалцаж, мөн л тэр зуураа тов тохироод сална. Би ч бас дутахгүй гэж өөрийн маршрутаа гаргаж аваад, өнөөх түргэн хэмнэл дунд нь уусан орлоо.

Үргэлжлэл бий.

6 comments:

  1. Blue is the warmest color yasan be kkk

    E

    ReplyDelete
  2. Гоё бичвэр(юу гэж нэрлэхээ мэддэггүй) болжээ

    ReplyDelete
  3. дүрслэл сайхан байлаа

    ReplyDelete
  4. Аялалын тэмдэглэл гэхээс илүүтэй, төрөгдөл мэт санагдав. Тиймээ нэг л өдөр тэр хэмнэлд уусна гэж шийдчихсэн сууж байх.

    ReplyDelete