Dec 27, 2013

Хамтралын жавхаа




           
Зуун мянга гаруй хүн нэгэн дор үзүүлбэр үзүүлэх дэг энэ дэлхийн ганцхан оронд бий. Тэр нь Хойд Солонгос. Эгээ ийм олон хүнийг багтаан, шингээх боломжит цорын ганц цэнгэлдэх хүрээлэн болох Пхеньяны May Day-д ягаан леотардтай бяцхан хүүхдүүд сэтгэл нь ихэд  хөдөлсөн байртай биесээ нудран, шаагин зогсоно. Уг үйл явдлыг сурвалжлахаар ирсэн гэрэл зурагчдыг дөрвөн цэрэг харгалзан, хараа үл салган тандах бөгөөд цэргийн хувцастай залуу охид машины зогсоол, үүдний хаалгаар эгнэв. Нийтийн наадгай (нийтийн гимнастик ч гэдэг) эхэлмэгц хурсан олон хүчээр ч юм уу, эсвэл үнэхээр сэтгэл хөдөлсөндөө чангаар орилох нь хэний ч анхраалыг татахаар. Мөн л дэлхийн хамгийн олон хүний багтаамжтай тус цэнгэлдэхэд зэхсэн 10000 хүний суудлыг 90 минутын турш үргэлжлэх бүжиг, гимнастикийн үзүүлбэрийг сонирхохоор ирсэн эгэл ажилчид дүүргэжээ.
            Барууны зочдод бол “Cirque du Soleil”-ийн тоглолт шиг содон санагдахаар уг арга хэмжээний оргил хэсэг болох хүний хүчин чадлаас давсан хүнд гүйцэтгэлтэй акробатын үзүүлбэрийг эндхийн хаанаас ч харахгүй харахгүй гял цял хувцастангууд гүйцэтгэнэ. “Cirque du Soleil”-оос ялгаатай нь тэдний дийлэнх нь хүүхдүүд. Хэрэв нүдээр үзээгүй танд энэ зураглал буухгүй бол 2008 оны Бээжингийн олимпийн нээлт дэх олны үзүүлбэрийг санах хэрэгтэйн дээр үүнийг бодвол хэд дахин олон хүн бий л гээд саначих. Үүн дээр бас улс төрийн болон уран сайхны хэтийдэл нэмчихэд л жор нь ер нь таарна. Гэвч эгэл хойд солонгос хүнд бол энэ урлаг уран сайхантай танилцах хамгийн том арга хэмжээ. Хөгжим, бүжиг, теартрын урлаг цогцолсон нүсэр арга хэмжээ тэндээ бол соён гэгээрлийн хамгийн чухаг наадам юм. Японы дарлалд байсан он жилүүд болон Америкчуудын боёкотт, Өмнөд Солонгосын урвалтыг голлон харуулдгаараа түүхийг таниулан сурталчлах ач холбогдолтой гэж болох ч, тэртээ тэргүй тэд энэ мэт түүхийг алхам тутамдаа харж, сонсдог болохоор улиг байж болох талтай. Тухайлбал, бүжигчид мөнгөлөг модыг дүрсэлсэн саарал даавууг дээш өргөн дэрвэлзүүлж, цасан шуурга сөрж яваа зураглал харуулах бөгөөд гэнэт хаанаас ч юм одод гялалцаж, тэнгэр онгойн Хойд Солонгосын өнө мөнхийн удирдагч Ким Ир Сен мэндэлж байгааг харуулна. Гялалзагч оддын дунд тэнгэрээс цойлон бууж ирэх Ким Ир Сенийг эх дэлхийн нар шиг дүрсэлсэн нь даанч сүрдмээр.
 Социализмын гол лоозон, үнэ цэнэ болох хамтын хөдөлмөр, дуулгавартай байдлын дээд зэргийн илрэл болсон сүрт ёслолыг дэглэх гэж доод тал нь нэг сая хүн-цаг бэлтгэл сургууль хийдэг байна. 1987 онд Ким Чен Ирийн баталсанчлан “бие бялдрын хөгжил сайтай, социализмын үрийг ханатал эдэлсэн байрын баяр хөөртэй царай төрх бүхий дунд сургуулийн сурагчид энд оролцох ёстой” аж. 2002 оноос уг үзүүлбэрийг ардын домог болох “Ариранг”-д тулгуурлан дэглэх болсон бөгөөд энэ нь Хойд Солонгостоо л “Ромео Жулиетта хоёр”-той дүйцэхүйц алдартай. Товчхондоо хоёр Солонгосын дайны үед хагацсан хосуудын хайр сэтгэлийг харуулдаг аж. “Уг нь Нийтийн наадгай Солонгосыг нэгтгэх бидний  зуун дамжсан хүслэнг дүрсэлдэг боловч гол агуулга, цаад санаа нь Хойд Солонгосын тусгаар байдлыг гаргадаг. Энэ нь жаахан гунигтай” гэж хөтөч хийсэн залуу маань аминчлан ярьсан билээ.
            Үзүүлбэрийн зохиол гэж 150 хуудастай ном байдаг аж. Үүнийг дунд сургууль бүрт хэсэгчлэн тараадаг бөгөөд агуу удирдагчаа магтан дуулах, социализмын сайхныг бадруулан гаргахын хооронд ширүүн өрсөлдөөн болдог нь харваас илт. Үзүүлбэрээс үзүүлбэрт, сурагчид солигдох бүрт дуу нь улам чангарч, хөдөлгөөн нь эрчимжиж буй нь үүнийг бэлхнээ нотолно. Үзүүлбэрийн дэвсгэр хөгжим “Бөгжний эзэн”-ий аятай төстэй санагддаг нь хагас зууны түүхтэй Нийтийн наадамд шинэчлэл явагддаг юм байна гэсэн бодол төрүүлж билээ. Дэглэм нь тийм болоод ч тэрүү, олон мянган оролцогч нэг хүн мэт зэрэг хөдлөхөд үзэгчид туйлын ихээр хөхин баясана. Энэ үед үзүүлбэр ч, олны хандлага ч эрхэм удирдагчийн дотоодод цэнгэл эдлүүлж буй нь мэдээжийн хэрэг байх. Эв нэгдэл гэдгийн цаана ийм далд утга нууж чадсанд нь түүнийг бахадмаар ч юм шиг. Цэргүүдийн нэгдмэл алхаа төрийн сүр хүчийг илтгэдэг бол тун нь ихэдсэн ч гэмээр аймшигт хэсгүүд нь өнгөндөө айлгах зорилготой ч, цаанаа бол одоо буйд сэтгэл ханамжтай байлгах, энэ дэглэмийг халбал зовлонгийн далайд унана гэсэн мессеж өгдөг бололтой. Иргэд нь ч үүнд туйлбартайгаар итгэдэг байх.  
            Үзүүлбэрийн төгсгөл бол ярих юмгүй. Оролцогчдын хөдөлгөөний эрчим, жавхаалаг төрх, хөгжмийн нүргээн сэлтээс авахуулаад эцэст нь сүрт салют тэнгэрт буудах нь хүртэл надад тоталитар дэглэмийн зохиомол жүжиг үзэж буйг мартуулаад, ёстой л Олимпийн нээлт, эсвэл “Cirque du Soleil”-ийн тоглолт үзэж буйн адил бадрангуй санагдсан. Мөн үзүүлбэрийн үеэр үзэгчид заримдаа оролцогч болсон байх агаад агуу удирдагчдын зургийг эвлүүлэн харуулах нь энэ хэрэв утга санаа нь өөрсөн бол үнэхээр сайтар бэлтгэлтэй, шуугиант арга хэмжээ байх байж дээ гэж бодол төрүүлж билээ. Үзэгчдийн өргөсөн мөнөөх самбараар нийлсэн дүрсүүд нь Ким Ир Сен, Ким Чен Ир, Ким Жөн Уны баяр, баясгалант зураг байснаа дараа нь хөл бөмбөг өшиглөж буй хүү, ажилчин ангийн сэдэвтэй болж энгийншнэ.
            “Энэ бүхэнд хүүхдүүдийг ашигладаг нь (тав, зургаан настай нялхас ч олон харагдсан) цаанаа учиртай. Тэд үзүүлбэрээр дамжуулан залуу үеийнхээ оюун санааг бүтээж байна” хэмээн “Koryo tours” компанийг үндэслэгч, аяллын маань хамтрагч Ник Боннер хэлж байлаа. Тэрбээр 2003 оны Нийтийн наадгайд оролцсон хоёр охины найман сарын бэлтгэлийг харуулсан баримтат кино хийж байсан бөгөөд 11, 13 настай тэдгээр охид цэнгэлдэхэд 0 хэмтэй байгааг ч үл анзааран бэлтгэл, сургуулилтаа хийж буй нь энд гардаг юм. Хойд Солонгосын удирдагчдад ихэд таалагдсан энэ кино Пхеньяны олон улсын кино наадмаас хоёр шагнал хүртсэн байдаг юм. Охидын нэг нь бүхнийг умартан бэлтгэл хийж буй зорилгоо дэлхийн хамгийн олон хүний суудалтай цэнгэлдэхийг дүүргэх үзэгчдэд биш үндэсний эцэг Ким Чен Ир ирж үзэхэд алдаа мадаг гаргаж болохгүй хэмээн тайлбарлаж байсан.
            Үзүүлбэрийн төгсгөлд сүрт салют тэнгэрт цацарсны дараа Хятад, Оростой найрсаг харилцаатайн бэлгэдлийг илтгэн далбаа сэлтийг нь өргөн, баавгайн бүжиг хийсэн зэрэг нь энэ жил шинээр нэмэгдсэн дэглэлт аж. Харин үүний дараа даян дэлхийн энхтайваны бэлгэдэл болгож цэнхэр бөмбөрцөг дүрсэлсэн бөгөөд үүнд зөвхөн Хойд Солонгосын газар нутгийн тод улаанаар шигтгэсэн нь содон харагдана. Оролцогчид цэнгэлдэхийг тойрохдоо Кимжонгилиас (Ким Чен Ирийн нэрэмжит тод улаан өнгөт цэцэг) цэцэг атган, гараа даллан мишээнэ. Хэн хэн нь үүргээ сайн гүйцэтгэж, дүрээ чадмаг гаргасан болохоор энэ зэргийн хүндэтгэл байлгүйл яах вэ.

No comments:

Post a Comment