Feb 27, 2014

Майкт юуны хамаа!


            МоМА PS1 галерейд манай цаг үеийн нөлөө бүхий уран бүтээлчийн нэг Майк Келлэйгийн агсны 1993 оноос хойших хамгийн томоохон үзэсгэлэн гарч байна. Хар бараан, увайгүй гэж олон нийтээр хараалгаж байсан ч тэр орчин цагийн Америкийн поп соёл, модернист урлагт тод томруун нөлөөлсөн нь хөдлөшгүй. Өнгөрсөн өвөл 57 насандаа амиа хорлож нас барах хүртлээ буюу ухамсарт амьдралынхаа гуч илүү жилийн турш бүтээсэн 200 гаруй ажлууд нь галарейг бүхэлд нь дүүргэжээ”. Time Out сэтгүүлийн арваннэгдүгээр сарын дугаар, №932. 
            Хөл ихтэй Нью-Йоркийн төв хэсгийн чимээ шуугианаас сая нэг холдож, Күинс дүүргийг зорих метронд ийнхүү ажин түжин сууж явах зуураа дээрх сэтгүүлийн унших зуураа Майк Келлей гэгчийн нэрийг анх харсан нь энэ юм. Угаас хийх юмгүйгээс мөр дагасан бүх өгүүлбэрийг уншсан хойно онцгой нэгэн байжээ гэдэгтэй нь эвлэрсэн авч МоМА-гийн мөчир салаа PS1 галарейд намайг чухам юу хүлээж байгаад үнэндээ бодсон юмгүй. Эндхийн нэг өдөр хөхиүн өнгөрч юуны магад гэсэн найдвар л байна. Удаах зогсоолоос арав гаруй сурагч багш эмэгтэйн хамт шаагисаар орж ирснээр энэ буухианы амар амгалан гэнэт алдагдсан ч цонх ширтэх, эсвээс дэмий л утсаа оролдох заримыг нь түр ч атугай сэргээх шиг болсон. Тэдний ярианаас МоМА-г зүглэж явааг нь гадарламагц урьтаж эсвэл сүүлдэж орсон нь өлзийтэй юм байна даа хэмээн бодов. Үнэхээр ч 46-р гудамжны буудалд хүрэв үү, үгүй юү өнөө хэд маань бужигнан буугаад шаагин одоход багш эмэгтэй сүүлдснээ учиргүй гүйн урд нь гараад цааш явлаа. Мөн ч үйлтэй ажил юм даа гэсэн шүү юм бодоод аажуухан алхах зуур тэдний бараг сураг ч ашгүй тасраадахав. 
             Өндөр шилэн хаалгатай угтах үүд нь жижгийг хараад өөрийн мэдэлгүй урам хугарав. Цаана нь залгаа гурван давхар улаан тоосгон барилгатай холбогдсоныг нь анзаараагүй хэрэг. МоМа-г үзсэн бол долоо хоногийн дотор тасалбараа үзүүлээд PS1-ээр зочлоход үнэгүй учраас өнөөхөө шалгуулчихлаа. Нэгэн хаалга нээмэгц дүүртэл асгасан хайргыг хүрээлсэн томоо гэгчийн бетонууд угтсан бөгөөд өөр хоорондоо холбогдсоор багахан төөрдөг байшин үүсгэдэг болтой юм. Улаан тоосгон барилгад харин Майк Келлейгийн ажлууд бий. Өнөөх сурагчид өдийд үүднээ шавсан хэмээн таагаад тамхилчихаад очвол яг таарах юм шиг санагдав. МоМА PS1 Америкийн контемпорари урлагийн хамгийн том нийгэмлэг бөгөөд 1971 онд байгуулагдсан гэхэд барилгын хийц бүр хуучны маягтай. 1892 онд баригдсан эл барилга 1963 он хүртэл дунд сургууль байснаа сурагчдын тоо багассан шалтгаанаар дуудлага худалдаанд орж, Аланна Хэйсс гэх эмэгтэй авснаар Нью-Йоркийн контемпорари уран бүтээлчдийн ариун газар болсон аж. Томоохон заалуудыг нь үзэсгэлэнгийн танхим болгож, харин сурагчдын хичээлийн өрөөг урлангийн зориулалтаар ашиглаж байж. МоМА-гийн харьяа болсон нь бүр хожуу, шинэ мянганы эхэнтэй холбогдоно. Жилд 2.1 сая ам.долларын төсөвтэй, жилд 150 мянган хүн үйчлүүлдэг ч санхүүгийн бараг дийлэнх нь хувь доноруудаас ирдэг.
       Элдэв хориглосон тэмдэг байхгүйн дээр, асгасан хайрган дунд янжуурны иш цөөнгүй байсан авч харуул нь ирээд энд тамхи татаж болохгүй гэлээ. Угаас дуусаж байсан болохоор харамссан ч үгүй, ишийг хайрган дунд булчихаад явав. Сургууль байсан илт юм аа. Үүдээр нь орвол хоёр талруугаа урт хонгилтой, тус бүр хэд хэдэн хаалгатай бөгөөд галарей юмаа гэж илтгэх юмс тун ховор.  Угаас ийн харагдуулъя ч гэж бодсон байж мэднэ. Үүднээ байх ажилтан нь үзэсгэлэнгийн танилцуулга өгснөө амжилт хүсээд хоцров. Үүнд бичсэнээр харандаан, усан будгийн болон тосон зургууд, интолляц, үзүүлбэрүүдийн бичлэг, богино хэмжээний кино, хөгжим, баримал, гэрэл зураг, тэмдэглэлүүд, коллаж, цуглуулга, бэсрэг зохиол болон барилгын макетуудыг нь дэлгэсэн гэнэ. Тэр тун завгүй амьдарчээ, янз нь. Ер нь л юм юманд гаажтай хүн байсан гэнэ лээ. Аав нь дунд сургуулийн харуул, ээж нь тогооч, Америкийн ажилчин ангийн үлгэр жишээ төлөөлөл байсан ч хүү Майк Келли нь бусадтай нийлэмж муутай, барагтай бол өрөөнөөсөө гардаггүй, тэндээ бол элдэв шидийн туршилтууд хийдэг өвөрмөц этгээд болон хүмүүжжээ. Ахлах сургуулиа төгсөх үед юу болсон гэмээр нүүрэмгий болж, найз нөхөд ч олонтой болсноор үл барам эхлээд “Iggy and the Stooges”, дараа нь “Destroy all monsters панк рок хамтлаг элссэн аж. Гэвч нэг их удаагүй. Мичиганы их сургуулийг дүүргээд, Калифорнийн урлагийн нийгэмлэгт мастер хамгаалж, энэ зуур Жон Балдессари, Лаури Андерсон зэрэг багш нарынхаа халамж, нөлөөгөөр модерн болон контемпорари урлагт дурлан, цаашдын замаа тодорхойлжээ. Нэг дор нэг л юм хийх нь залхуутай гэж үздэг мань эр юм юмыг туршиж, хүч сорьж гучин жил завгүй жирийсээр контемпорари урлагийн чухаг нэгэн төлөөлөл болсон учраас МоМА PS1 яагаад бүхэл бүтэн галарейгаа зөвхөн түүнд зориулсныг ойлгож болмоор. Урьд анги байсан өнөөх өрөөнүүдийн нэгээр ормогц цааш төгсөшгүй гэмээр цэлгэр танхимууд угтсан бөгөөд нэгд төөрч, хоёрт өнөөх сурагчидтай таарч болохгүй гэж энэ зууртаа бодоод цааш явлаа. Үүдэнд нь сансрын нисэгчийнхтэй төстэй, болхи хийцтэй шар хослол байсан нь алдартай видео ажлуудынх нь нэг “The Banana man”-дээ ашигласан эд гэнэ. Өмдний хэсэгт үл анзаарагдам гуч гаруй халаас байх юм. Хар хөшгөөр хаасан буйдхан өрөөнд орвол 1983 онд бүтээсэн 28 минутын видео гарч байх юм. Эл өрөөнд зөвхөн энэ видеог өдөрт 17 удаа давтан гаргаж буй гэнэ. Дундуур нь орсон болохоор ойлгосонгүй, эхнээс нь үзье гэхнээ залхуу хүрч байна. Арван минут хэртэй тэвчээр гарган суухдаа гадилан эрийг дагасан бүлэг залуус биенээсээ үл салан, нэгэн зэрэг хөдөлж, нэг булангаас нөгөө булан руу маршлахыг, мөнхүү үйлдлээ уйгагүйгээр давтахыг л харсан. Төгсгөл хэрд харин шар хослолынх нь халааснуудаас ямар нэг юм хайн тэмтэчсээр эцэст нь ариун цэврийн цаас цувруулан гаргаж ирснээс өөр гойд юм байсангүй. Удаах өрөөнд бас нэг видео ажил нь байна. Азаар яг эхэлж байж таарлаа. Хоёр эр хиймэл хүний ам руу томоо гэгчийн хиам бүхлээр нь хийгээд өгзөгний хавь гаргасан жижиг нүхээр гаргах гэж чармайж байгаа тухай. Тэр хэсгийг харах огиудас хүрмээр, хэцүү байлаа. Гэвч хөгжлийн бэрхшээлтэй хүнийг асарна гэдэг үүнээс ч үйлтэй байх даа гэж бодохоор миний огиудас ч яамай.
            Хааш хаашаа багцаагаар 30 метр урттай том танхимд арваад дэлгэц бий. Энд богино хэмжээний кинонууд нь гарна. Чармай нүцгэн дөрвөн эмэгтэй яг нэгэн зэрэг бүжгийн хөдөлгөөнөө давтан төөрдөг байшингийн хонгилоор алхаж байснаас бусдыг тогтож үзсэнгүй. Ядаж л сандлууд бүгд эзэнтэйгээс ч болсон биз. Зургийн хэсэг рүү явлаа. Зургуудын ихэнх нь өнгөц харахад сурагчид дэвтрийн арын хуудсыг хэрхэн бөглөдгөөс дээрдэх юмгүй мэт. Гэвч өөрийн мэдэлгүй энд видеог нь үзэж сууснаас их цаг зарцуулчихаж. Христ, католик шашиныг шоглосон бүтээлүүд их. Бас бидний өдөр тутмын амьдралд тулгадаг элдэв “ёстой”-нууд эгдүүг нь их хүргэдэг байсан бололтой. Маш жижиг, мөн дориухан зайтай хоёр нүх гаргасан “Католик шувууны үүр” зураг нь хөгжилтэй харагдав. Дараагийн танхимд коллажуудыг нь дэлгэжээ. Том жижиг баахан товчийг өнгөний ялгарлынх нь дагуу шигтгэсэн бүтээлүүд хананд байв. Тодоос бүдэг хүртэл шаргал, ногоон, нил ягаан бас улаан байна. Өнгөний зохицлыг гаргуун мэддэг байжээ. Хүүхдийн нэхмэл цамц, тоглоомуудыг хавтгайд холбож жаазласан, бас том жижиг баахан чихмэлнийлүүлж томоо гэгчийн бөмбөлөг болгоод таазнаас өлгөсөн нь содон юм. Архи, ундаа, дарс, вискиний хоосон шилээр Нью-Йоркийн барилгуудыг дүрслэн харуулсан нь донжтой (бүгд өөрийн нь гараар орсон болов уу, мань эр сайн хүртдэг байсан гэдэг). Товчнуудын нэг адил энд тэндээс түүсэн голын мөлгөр чулуудын шигтгэмэл ч бас байна. Мөн шилэн хоргонд барагцаалбал хоёр мянгаад тэмдэгний цуглуулга дэлгэжээ. Хямдхан бөгөөд зардагсан бол бүгдийг авчихмаар хорхой хүргэм нь их.
            Элдэв анкетийг тэр ёстой л дураараа бөглөдөг байсныг гэрчлэх дараагийн хэсэг рүү очлоо. Банкны элдэв хуулга, алга болсон хүүхдийг эрэн сурвалжлуулах мэдүүлгээс эхлээд цөмийг “Харь гаригаас ирсэн. Аав нь болох би гаж донтон учраас түүний алга болсонд харамсах юм алга. Гэхдээ багш нь асуугаад байхаар нь хандлаа” гэхчлэнгээр бөглөжээ. Энд бас өдрийн тэмдэглэл хөтөлсөн цааснуудыг өлгөсөн байх авч ихээхэн гаргацгүй бичигтэй учир саатсангүй. Хард-кор порно бичлэг, ийм агуулга бүхий зургуудыг эгнүүлсэн өрөөнд дөнгөж орж ирээд байтал багш эмэгтэй сурагчидтайгаа орж ирэхэд нь ичээд гарав. Тэд удахгүй болов уу хэмээн үүдээр нь хэсэг эргэлдтэл янзгүй болохоор нь яваад өглөө. Гурван цаг гаруй галерейгээр явахад энийг дуурайж дээ, түүнийхтэй төстэй байна гэх юм нэгээхэн ч таарсангүй. Ёстой л тэр өөрөө харь гаригаас ирсэн бутач хүү байжээ хэмээн итгэмээр. Үэзсгэлэнгийн бүхий л өрөөг нэгжсэний дараа мань эр хүүхдэрхүү хүн байж дээ гэсэн бодол төрсөн. Унтлагын өрөөгөөр нь дүүрэн чихмэлүүд байдгаас Мики Маусыг сонгож, тэврэн хэвтдэг байсан гэдгийг нь саналаа. Амьдралынхаа турш 60 гаруй томоохон хэмжээний, бие даасан үзэсгэлэн гаргасан нь Нью-Йоркт тэсрэлт болж, олон ч хүнийг айлгаж ичээн, бас гайхашруулж байж. Тэр хүч нь үгүй болсных нь дараа ч хэвээр.
            Харин замдаа урлаг судлаач, шүүмжлэгч нар болоод дотно уран бүтээлчдийнх нь түүний тухай хэлсэн үгсийг хайж уншив. “Майк урлагийн ертөнцийн хуй салхи байсан. Түүний урлагт хэний ч нөлөө байдаггүй. Харин тэр өөрөө хүн бүхэнд нөлөө үзүүлэх шидтэй” хэмээн “Hummer” музейн захирал Анние Пилбин бичжээ. Тэрбээр Келлейтэй тун ойр нөхөрлөж байсан бөгөөд олон удаагийн үзэсгэлэнг нь хамтран зохион байгуулж байснаа ч дурсаж. “Тэр бол сод хүн. Амьдралынхаа турш маш олон янзын урлагийн төрлөөр бүтээл туурвисны аль нь ч ядмаг байгаагүй. Яаж түүний тархинд энэ бүхэн санаа төрж, тэр цөмийг нь гомдоолгүй буулгадаг байсныг гайхдаг. Майк бол жинхэнэ пулёмат” гэж контемпорари уран бүтээлч Тони Оурслер ярьсан байлаа. Тэр бол Майк Келлейтэй хамгийн удаан нөхөрлөсөн хүмүүсийн нэг гэсэн. “Майк өөрийгөө сод гэдгийг мэддэг байсан. Заримдаа харин бүр цөхөрчихсөн явна. Ааш авир нь тогтворгүй, сэтгэлийн хөдөлгөөн тун чиг ихтэй. Гэвч энэ л түүнээр энэ бүхнийг хийлгэж дөнгөсөн юм шүү” хэмээн дурсжээ. Майк Келлигийн үхэлд АНУ даяараа л цочирдсон гэдэг.
2012 оны нэгдүгээр сарын 31-ний өглөө ванн дотроо амиа хорлосон байхыг нь Тони олж мэджээ. Эхнэр хүүхэдгүй байсандаа амьдралынхаа сүүлийн мөчүүдэд ихэд гутаж, өөрийгөө хэнд ч хэрэггүй амьтан хэмээн зүхэж байсан гэдэг. “Artillery” сэтгүүлд өгсөн хамгийн сүүлийн ярилцлагадаа “Надад уран бүтээл туурвих ямар ч хүсэл үгүй болсон” хэмээн ярьсан байсан. Үнэхээр ч 2011 оны долдугаар сараас хойш тэр нэг ч бүтээл туурвиагүйг нь найзууд нь баталжээ.
“Сургууль төгсөөд удаагүй байхад миний ажлууд эхэндээ надад ч ойлгомжгүй байсан. Юу хийж байгаагаа мэдэхгүйгээр бүхнийг хийгээд байх үед заримдаа гайхна. Тэдгээрийг ердөө л зүгээр суухгүйн тулд, эсвэл цаг нөгцөөхийн төлөөнөө хийдэг байгаагүй. Гэхдээ бас ингэх минь гэж ч зорьдоггүй. Та толгой дохиж байгаа ч намайг ойлгоогүйг тань мэдэж байна. Гэвч Миний бүтээлийн онцлог өөрөө ч мэдэхгүйд л байдаг”. Artillery” сэтгүүлд өгсөн ярилцлагыг нь нэхэн уншиж байх зуур энэ үгс нь содон тусав. Чимээ шуугиантай Нью-Йоркийн төвд буулаа. Өнөөх сурагчид хаачаа бол оо гэж зуурхан бодов. Над ер юуны хамаа. 









No comments:

Post a Comment