May 6, 2014

Жаргаах дуун


            Босса нова. Бразилийн хөгжмийн эл урсгал өнгөрсөн зууны дундуур бараг бүхэл улсаасаа илүү нэр суу нь түгсэн гэх бөгөөд азаар мөн гайхалтай хөгжмийн зохиолчдоор дутаагүй юм. Босса нова гэхээр Антонио Карлос Жобим хамгийн түрүүнд ойд бууна. Дараа нь яруу найрагч Виниций де Мораэс, хөгжмийн зохиолч Ньютон Мендонсаг дурсах хэрэг гарна. Мөн тэдний дундаас төрсөн “Desfinado”, Corcovado”, “Garote de Ipanema” зэрэг мөнхийн уран бүтээл, эл урсгалын нэрийн хуудас болсон дуунуудыг жагсаах болно.
            Жобим, Мораэс нар 1956 онд анх уулзсан гэх бөгөөд тэдний найрал дундаас бүтсэн дээрх дуунууд гэвч тухайн үедээ шинэ юм биш байв. Үнэндээ тэд самба-дуу буюу самбаны арай аядуу, найраглаг хувилбарын дуунууд гаргасан нь эхэндээ олны анхаарлыг татаагүй. Тэгтэл хаанаас гараад ирсэн нь үл мэдэгдэм нэг гитарчин залуу тэдгээрт өнгө, хэв маяг нэмээдэхэв. Тэгэхэд 1958 он байсан. Тэр залуугийн найруулсан шинэ жор Бразилийн хил хязгаараас хальж, дэлхийн хөгжмийн ертөнц түүнийг босса нова хэмээн нэрийдсэн юм. Тэр залуу дуучин, гитарчин гэгдээд байгаа нь Жуан Жильберту. Одоо тэр залуу биш, дээрх түүх ч шинэхэн байхаа больсон. Харин босса нова ер хуучирсангүй. Жуаны хоолой чих рүү зүсэлтийн шархгүйгээр нэвтэрдэг нь, түүний хөгжим бие болоод сэтгэл дотор эрээлэлгүй тухладаг нь, хоолой нэг өнгөөр боловч хэмнэлдээ хөтлөгдөн дэгээд байдаг нь, тэгэх болгондоо өөр өөр тайтгарлыг өгдөг нь мөн хэвээр. Жуаны дуу дандаа жаргалтай хүмүүсийн чихнээс уяатай байдаг нь, тэр хэнийг ч зовоодоггүй нь... Босса нова хорвоогийн хамгийн “сайхан сэтгэлтэй” хөгжмийн урсгал гэдгийг батлаад байдаг.
            Босса новагийн сахиусан тэнгэр ч байж мэдэх нэгэн хөвүүн, Жуан Гильберто до Прадо де Оливейра 1931 онд Бразилийн Баия мужийн Жуазейру хэмээх хөдөөгийн бяцхан тосгонд мэндэлжээ. Тэр зургаан ахтай. Хөвгүүд цөм хөгжмийн мэдрэмжтэй хэдий ч хэн нь ч Жуан шиг ухаан алдан дурлаагүй юм. 14 настайд нь аав нь түүнд гитар бэлэглэсэн нь бие эрхтнийх нь нэг хэсгийн үүрэг гүйцэтгэх болж тэрхүү зам бүр шулууджээ. 1940 он ямар л байлаа даа, тосгоны хүүхдэд пянз тоглуулагч битгий хэл радио сонордох боломж ч хомс. Тэр үед Жуан хүнсэнд явах жигтэйхэн дуртай байсан нь дэлгүүртээ ч биш, ердөө тэндхийн орой дээрх цагаан хоолойгоор элдэв янзын дуу явдаг байснаас болсон хэрэг. Америкт ид хит болж байсан Дюк Эллингтоны “Caravan, Томми Дорсигийн “Song of India, Чарльз Тренетийн “Menilmontant”-ийг дэлгүүрийн гадаа зогсож сонсохоос өөр газаргүй. Мэдээж бас бразилчуудыг байлдан дагуулсан Геральдо Перейрагийн “Bolinha de Papel”, Геривельто Мартиний “Ave Maria no Morro”-той тэнд учирсан нь лав. Тэгсээр арван найм хүрээд бурхан өөрт нь ядаж радиогийн дуучин болох хувь тавилан зураа байлгүй гэж найдан Сальвадор руу явлаа. Тэр үеийн дуучдад радиогийн амьд бичлэгт орж л нэрд гарахаас өөр зам байгаагүй юм л даа. Уг нь мөрийтэй тоглоомын газрууд зугаандаа хөгжим оруулах дуртай, бас ч гэж чамгүй мөнгө төлдөг байсан ч Жуаныг Сальвадор хүрэхэд тэдгээр газруудын үүдийг хамхиж, дуучид мөрийтэй тоглоомчдын адил хөсөх хаягдаад байв. Тэндээс цөлөгдсөн дуучид цөм радиогийн үүдэнд дугаарлах болсон учраас Жуанд боломж таарсангүй. Харин өөрийгөө бүтэл муутайхан сурталчилж явах үед түүний хоолой, хөгжмийн чадварыг хэн нэгэн гойд үнэлжээ. Тэр хэн нэгэн нь “Garotos da Lua” хамтлагийн гишүүн бөгөөд тэд Рио де Жанейрогийн “Radio Tupi”-д өдөр болгон дуулдаг, хэрэндээ л амжилт олж байж. Мөн үүнтэй давхцаад Антонио Мариа “Radio tupi”-гийн арт директор болов. Барагтай юм сэтгэлд нь хүрдэггүй, хуучны улигт үнэн голоос дургүй, үргэлж цоо шинийг эрж явдаг тэрбээр суудалдаа суумагц “Garotes da Lua”-тай гэрээгээ цуцлах тун дөхсөн ч Жуаны хоолой цоо шинэ өнгө байсны хүчинд хэвээр үлдээж, үүгээр манай Жильберту радиогийн шууд бичлэгт анхлан оролцох болсон юм.
            Шөнөжин ажиллаж, өдөр нь нойр авдаг шар шувуу болсон Жуан хэд гурван төгрөг олоод байсан боловч нийслэлд төвхөнөхөд арай ч хүчрэхгүй байсан бөгөөд дээр нь “Garotes da Lua” түүнийг хамтлагаасаа хөөсөн нь бүр ч том цохилт болов. Урам нь хугарлаа. Долоон жилийн турш олны нүднээс холдсон манай хүн марихуанд донтож амжжээ. Сэгсийсэн урт үстэй, тоос шороо болсон хувцастай хүн Риогийн адармаат шөнүүдийн ард арайхийн гардаг байв. Манай ноорхойг хэн ч ажилд авсангүй. Найз бүсгүй Сильвиа Теллес нь (хожим алдартай босса нова дуучин болсон) өөр нэгэн хөгжимчин дагаад одлоо. Жуан Жильберто гэх нэрнээс нь өөр бараг юу үлдээгүй юм даг уу даа. Оройдоо Жуан Донато, Жонни Альф, Том Жобим, Луйз Бонфа нарын төгөлдөр хуурчдын тоглодог клубуудын гадаа уйгагүй зогсож, завсарлагааны үеийг нь тааруулж тав гурван төгрөг салгана. Ийм ажилтай. Хүү нь, дүү нь ингэж яваа тухай сураг тосгон хүрч гэрийнхэн нь дуучин муучин болох дэмий мөрөөдлөө хаяад жирийн ажилчин бол гэж ятгах тулгахын завсар хэлжээ.
            Гэвч хорвоо дээр сайн хүн мундах биш. Хуучны дуунууд дуулдаг “Quitandinha Serenaders” хамтлагийн ахлагч Луйз Теллес өвөрмөц хоолойтныг Риогийн тэнэмэл гудамжинд илжрэхээс аварч, тоос тортгийг нь гөвөөд төрөлх хот Порто Алегре руугаа дагуулж явав. Цэмбийтэл нь тордож аваад тэндхийн үнэтэй зочид буудлаар дагуулан явж, хоолойг нь болоод өөрийг нь дахин нийгэмшүүлээдэхэв. Түүний ачаар Жуан тэр нойрмог хотын элдэв найрыг барагтай алгасахаа байлаа. “The Clube da Chave” гэх үүрийн 03.00 цаг хүртэл согтуурагчдын хөл тасардаггүй, бас ч гэж дөмөгхөн клубт дуулдаг боллоо. Гитараа барьж гараад л зүсэн зүйлийн хөгжим тоглоно, дуулна. Тэр нэг гайтай өдөр хүртэл буюу голыг нь зогоох ганцхан хогшил, хөөрхий муу гитар нь агсам сонсогчийн гарт үйрэх хүртэл яваад л байлаа. Жуан ч хэд хоног тийш явсангүй. Тэгтэл ёстой кинонд л гардаг шиг юм болж, клубын үйлчлүүлэгчид мөнгө нийлүүлээд мань хүнд шинэ гитар авч өгдөг байгаа! Учир нь тэд Жуаныг үгүйлэх  болтлоо дуунд нь дурлажээ. Жуан ч дурлагсдыг гомдоосонгүй, бүхэл бүтэн долоон сарын турш тэнд нэг ч орой алгасалгүй тоглосон гэдэг. Дараа нь мань харин Диамантина руу, эгчийнх рүүгээ яваад өгөв. Тэдний гэр бэлтгэлийн байр нь болж, хөөрхий эгч нь хөгжимд дуртай нэгэн байсан ч сүүлдээ ой нь гутаж гүйцжээ. Угаалгын болон унтлагийн өрөө, тагт гээд хаа сайгүй өнөөх нь банзаа нүдээд суучихна.
            Гэвч эгчийн үйлийг барах шалтгаан байлаа. Тэнд өдөржин гитар балбахдаа Жуан вибратогүйгээр намуухан дуулахын сацуу хурдан удааны хэмнэлийг удирдаж сураад, түүнийгээ гитартайгаа сүлж, өөрийн темпээ олж авчээ. Дуулахад амнаас илүү хамар чухлыг нээв. Өөрийн чадлаа мэдэрсэн ч яг тухайн үеийн инерцээрээ явбал Риод хүссэн шуурга дэгдээхэд хүч дутаж байгааг тэр мэдэж байлаа. Чухамд түүнд хүрэхийн тулд өөрийгөө байдгаар нь хүчлэж, ноорхой гудамж руу дахин хөтөлж магадгүй бүх зуршилаа гээн, жүржийн шүүснээс исгэлэн юм уухаа больж, гагцхүү өөртөө тамхийг л зөвшөөрчээ. Эгчийн гэрийн амар тайвныг бодож Жуазейро руу аавындаа очив. Бас ч гэж хөгжмийн мэдрэмжтэй аавдаа дуулж үзүүлтэл “Хүү минь, наадах чинь хөгжим биш. Шиншиншннннн л гэсэн юм сонсогдоод байна” гэсэн гэдэг. Үнэндээ тэр үеийн дуунуудтай харьцуулбал түүнийх шувууны дэвэлттэй дүймээр намуухан байсан юм. Тэр л янзаараа мань эр өөрийн анхны дуу “Bim Bom”-оо бичив (Энэ нь дэлхийн хамгийн анхны босса нова дуу хэмээгдэн түүхнээ үлдсэн). Дууны үг нь ийм.
Bim-bom, bim-bim-bom
Bim-bom, bim-bim-bom
Bim-bom
Bim-bom, bim-bim-bom
Bim-bom, bim-bim-bom
Bim-bim
é só isso meu baião
E não tem mais nada não
O meu coração pediu assim

Bim-bom, bim-bim-bom
Bim-bom, bim-bim-bom
Bim-bom

            Энэ олон бим бомын дунд байгаа хэдэн үг нь утгачилбал “Дуу маань ердөө л энэ, илүү юу ч үгүй. Зүрх минь ингэ гэлээ” гэнэ. Үүнээс хойш босса новад “Bim Bom” дууны хэмнэл стандарт болсон юм. Жуан өөртөө сэтгэл хангалуун байлаа. Аав нь харин тэгсэнгүй. Энийг сонсмогц хүүгээ дагуулан сэтгэцийн эмч рүү явсан гэдэг. Сэтгэцийн эмч түүнтэй ярилцаж байх зуур Жуан цонх руу очоод удаан гэгч ширтэн зогссоноо “Хараач, салхи модны навчисыг хэрхэн самнаж байгаа...” гэжээ. Үүнийг сонссон эмч мэдрэл нь муудаж гэдэгт бат итгээд, доогтойхон байртай  “Жуан минь боль доо, моддод ямар юмных нь үс байх билээ” гэсэн гэдэг. Хариуд нь Жуан “Танд тэгвэл байгалийн найрагийн тухай яриад ч хэрэггүйн юм байна” гэж хэлээд аавын ятгалгаар, эмчийн оношоор сэтгэцийн эмнэлэгт долоо хоноод гарчээ.
             1956 он. Жуан Жильберто Риод шуурга дэгдээхдээ бэлэн гэж өөрийгөө үзэв. Тэгэхэд дээрхээс гадна хожим ихээхэн алдаршсан “Ho-Ba-La-La” дуугаа зохиогоод амжсан байлаа. Шинэхэн орчин түүнийг цуутай угтаж авав. Залуу хөгжмийн зохиолч Бороро (Хожим “Curare, Da Cor do Pecado” зэрэг классик самба хөгжим бичиж алдаршсан) гитарчин Карлос Лира, Роберто Менескал нар хөгжмийн цоо шинэ урсгал бий болж байгаагаа хараахан мэдээгүй баярын үдэшлэгт уригдаж, шөнөжин цэнгэж, Жуаны дуунд уярч хоносон байдаг. Хуучин танилууд нь түүнтэй эргэн нийллээ. Тэдний дунд хамгийн чухал хожмын зам тэгшрэхэд дэм болсон нэг хүн байсан нь алдарт Том Жобим юм. Мань эр түүнд “Bim Bom, Ho-Ba-La-La” хоёрыгоо дуулж үзүүлтэл тэр нь Том Жобимын олж чадаагүй, самбаг аядуу хэмнэлтэй хослуулсан тэр аялгуу мөн байлаа. Сэтгэл нь ихэд хөдөлсөн тэрбээр Виниций Мораэстэй хамтран Жуанд зориулж “Chega de Saudade” хэмээх дуу зохиосон нь босса нова болон манай Жильбертугийн карьерийн салшгүй нэг хэсэг болсон юм. Хоёр жилийн дараа түүнд алтан боломж тохиолоо. 1958 онд Жуан “Chega de Saudade, Bim Bom” дуунуудаа албан ёсоор студид бичүүлэв. Энэ түүхэн үйл явдал байсан учраас бүр тодруулъя, 1958 оны долдугаар сарын 10. Дуунууд худалдаанд гарч радиогоор явж эхэллээ. Эхэн үедээ дээрх дуунууд Риод газар аваагүй ч Сао Паулод шуурга дэгдээж, түүний цуурайгаар дахин Риогийнхний чихнээ хүрсэн гэдэг. Тэр шуурганы дараа Бразилийн хөгжмийн ертөнцөд шинэ од мэндэллээ. Жуан Жильберту!
            Шинэ од шаргуу нэгэн байлаа. Гурван жил дараалан босса нова урсгал цаашид цэцэглэх бат хөрс болсон “Chega de Saudade (1959), O Amor, o Sorriso e a Flor(1960), Joao Gilberto (1961) цомгуудаа гаргалаа. Гурав дахь цомогтой давхцан АНУ-ын уран бүтээлчид Латин Америкаар жааз аялан тоглолт хийсэн бөгөөд тэнд дунд гитарчин Чарли Бёрд Бразилаар дайрахдаа Жуан, Жобим хоёрыг хөгжимд дурлаж амжжээ. Тэрбээр нутагтаа очоод найз саксафонч Стэн Гетзтэй хамтран Жуаны дуунаас тоглов. Стен бүр солиортлоо дурласан бөгөөд тэд хоёул Жуаны дууг коверлосноо зарах гэж баахан студиэр орсон ч бүгдээс нь татгалзсан хариу сонссон. Учир нь Америкийн жааз хоолойноос илүү бүрээ рүү хошуураад байсан үе. Гэвч дараа жил нь тэдний гаргасан “Jazz Samba (1962) LP цомог нь итгэмээргүй амжилт олсон. Поп дууны жагсаалтад 70 долоо хоног тасралтгүй бичигдэж, бүр тэргүүлж хүртэл амжсан байгаа юм. Энэхүү оролдлого нь Гетзийг супер од болгож, тэрбээр дөрвөн босса нова цомог гаргаснаас хамгийн амжилттай нь Жуан, Аструд Жильберту (Жуаны экс найз бүсгүй, хожим Гетзтэй гэрлэсэн), Жобим нартай хамтарсан “Getz/Gilberto (1964) болсон. Энэ цомог алдаршсан бас нэг шалтгаан нь бүх цаг үеийн хамгийн алдартай босса нова дууны нэг “The Girl from Ipanema” багтсанд байв.
            Жуан Америк руу нүүж, 1980 он хүртэл 18 жил тэнд амьдарсан. Энэ зуураа таван ч цомог гаргасан нь цөм шуугиан тарьсан. Ингэхдээ санхүүгийн амжилтаас илүү босса нова бол Гетзийн юм биш, Бразилаас гаралтай хөгжмийн урсгал юм гэдгийг батлахад санаа тавьж байсан гэдэг. Зөвхөн өөрийгөө болоод босса новаг сурталчлах гэлгүй Ари Барросо, Доривал Каямми, Ноэл Роса, Геральдо Перейра зэрэг Бразилын хөгжмийн зохиолчдод жим гаргахад тусалсан. Хэргээ гүйцээгээд, шинэ хөгжмийн урсгалыг дэлхийд данслаад 1980 онд Бразил руугаа буцаж, 1995 он хүртэл дахин таван шинэ цомог гаргажээ. Тэдгээрийг нь Бразил ч, дэлхий ч алга дэлгэн хүлээж авсан. Тэрхүү алга ташилтын чимээ өнөө хэр тасраагүй бөгөөд өдгөө 82 настай Жуан Жильберту маань Бразилдаа хөгжмөө бичсээр байгаа. Түүний нэрийн өмнө бразилчууд олон нэр зүүдгээс дурдвал “Босса новагийн хаан”, “домог”, II Маэстро супремо гээд явна. Гэвч энэ дундаас хамгийн үнэ цэнэтэй босса нова Жуан Жильберту гэх үгс хаа ч салшгүй холбоотой байдаг нь болой.

           Жуан Жильбертугаас хамгийн дуртай хоёр дуугаар ая дууны цэнхэр хадаг өргөе :)



1 comment:

  1. Үнэхээр гайхалтай уран бүтээлч шүү!
    Монголчууд тэр бүр сайн мэдэхгүй байх. Дэлгэрэнгүй мэдээлэл оруулж өгсөнд баярлалаа :)
    Дараа Босса новагын төлөөлөгчдийн тухай мэдээллүүд оруулаарай хэхэ амжилт

    ReplyDelete