May 28, 2014

УНШИГЧ (энэ нээрэн юутай эрхэм алдар билээ дээ)


         Урамгүй муухай үгээр өдөж, энэ сэтгүүлийн хуудсыг догдлол дүүрэн нээсэн мөчийг тань эвгүй мухар үгсээр шившиглэх бодол өчүүхэн төдий ч байхгүй шүү гэдгийг энд, зүүнтээ булгилах зүрхэн тушаагаа дарж, тангаргалъя. Та, уншигч та гэвч он цагийн нугачаанд даанч их хувирсан байна шүү.
       Хурууны өндөг дагаж дэрвэх хэвлэлийн хуудас хэчнээн муухай чахардаг болсон гээ. Хуучин, зузаан, зэвэрсэн шар өнгөтэй номын хуудас одоо үзэхэд хэдий болхи боловч хуруудтай хэчнээн эвлэгхэн эвцдэг байсныг, ээ тэр үнэрийг нь, хатсан модны үртэс хааяа таарах нь ч сийхгүй танхайг нь... Одоо гэтэл яав. Уншигч таны л анхаарлыг татах гэсэндээ өнгө будгийг ёстой нэг юүлэх шиг болж, гялгар хуудас, чамин хавтас (тэр чамин нь ч дээ) мэдэхгүй ээ, мэдэхгүй, лав танигдахаа байсан, хуучны сайхан цөм үгүй болсон. Номын дэлгүүр (тэр сайхан диваажин, ариун газар) хямдхан гутлын дэлгүүрээс ялгагдахаа байсан. Уншигч таныг сэрэмж алдах зуур (ямар чөтгөр нь хараачихсан юм бүү мэд) хачин өөрчлөлтүүд сэхээ зайгүй алгадаж, цаасан хэвлэлийн үнэ цэнэ жорлонгийн цааснаас дор болов шүү. Ойлгож байна аа, таныг зэмлэх гээгүй бас. Өөрчлөлтийн салхинд та ч мөн өртсөнийг, өөдгүй муу зэвтэй төмрүүд (технологийн дэвшил гээд байгаа юм шүү бас!) бүхний оройд (бас бүхний халаасанд) гарсныг, юм бүхэн хувьсаж буйг, дэлхий дулаарлаас болж нартай өдрүүдийн тоо зэгсэн нэмэгдсэнийг, шөнө богиноссоныг тэр зуур таны хийх болон сатаарах юмс тоймгүй их, толгойг чинь эргүүлэх урин эдүүд одноос олон болсныг ч мэдэж байна. Тоосго шиг зузаан ном цүнхлээд явах аргагүй болж, таблетан дотор номын сан чигтээ багтаж байгаа нь дэвшил мэт санагдаж байгааг ч ойлгож байна. Та мөн завгүй болсон учраас цаас эргүүлэх сөхөө гарахаа байсны далимаар хөнгөмсөг юмнууд, хоолны жор, тураах зөвлөгөө, амжилтын хөтөч гэсэн модонд гамгүй, байгальд ээлгүй цаасны үрлэг талх шиг борлох боллоо. Тэдгээрийн хавтасны гоё, доторхын хэрэггүйг ээ!
Бүхий л амьдралаа хэдэн техникийн дунд өнгөрүүлэх болсны харгайгаар ном ч гэлтгүй, цаасан хэвлэл, сонин сэтгүүлийн борлуулалт буурч, зарим нь эхнээсээ үүдээ барьж эхлэв. Хэд нь бас урвав (Newsweek, New York Times”-ийн жишээг та сонссон нь лав). Ийм л юм болоод байна. Ёстой нөгөө уйтгартай ч, гунигтай ч цаг үе иржээ дээ, янз нь. Хэрэгцээнд тань зориулсан хэдэн сая цахим хуудас (дээр нь бас Фэйсбүүк, Твиттер) хүнийг залхаан цээрлүүлж, мэдээллийн бохирдол, илүүдэлд оруулж буй нь үнэн боловч хэзээний зэхсэн та шантрахгүйгээр уншсаар л байгаа авч,  муу зүгийг зорьсон галт тэрэг хэдийнэ эрчээ авч, таныг болоод цаасан хэвлэлийн хүүрийг ачаад явж байгаа нь үнэн буюу!
Уншигч та зохиолчоос давсан мэдэлтэй, (хэдийгээр энэ тохирохгүй үг ч) энэ зах зээлийн хамгийн чухаг хүн болсон. Үеийн үед бичээчид уншигчид л зориулж бичсээр ирсэн нь үнэн боловч арай ч ийм ил цагаан байгаагүй юм аа. Одоо гэтэл даргын таалад нийцэхийн төлөөнөө тайчихаас ч буцдаггүй туслах хүүхэн шиг хэвлэн гаргагчид хэчнээн өрөвдөлтэй байртай болсныг хараач! (Дор дурдах баримтууд бүр ч өрөвдөлтэй байх болно). Сүүлийн таван жилийн дотор хүн дунджаар долоо хоногт 3.8 цагийг уншихад зарцуулах болж, дундаас нь хоёр цаг хагас сох дутжээ. Цаасан хэвлэлийн борлуулалт ганцхан жилийн дотор 33 хувиар унав. “Guardian”-ий “Өнгөрсөн жил та ямар нэг ном уншив уу?” гэсэн сорилгод оролцогчдын 44 хувь үгүй гэж үнэнээ хэлсэн байна. Дөрвөн ном уншсан гэж дөнгөж есөн хувь нь хэлжээ. Энэ хэсэг бүр эмгэнэлтэй. Та номыг ямар хэлбэрээр уншиж байна вэ? гэсэн асуултад Их Британид лав цаасан хэвлэл хоёрт орж, таблет өмнүүр нь гишгэсэн байна (Ээ гэгээн Уильям Шекспир, Олдос Хакслийн сүнс өршөө! Цаас имрэхгүйгээр ном унших тухай тэдний зүүдэнд ч орохгүй дээ).
Явсаар номын сангууд суутнуудын оршуулгын газар шиг санагдах боллоо (Энийг бичиглэгч би бээр онлайнаар ном уншина гэдгийг ой гутам явдал хэмээн цээрлэдэг, хэрэв тэгвээс хиймэл хүүхэнтэй хурьцаж буй мэт огтхон ч таашаал авдаггүйгээр үл барам ямар ч сүнсгүй, цаг гарзадсан балай ажил хэмээн түвэгшээдэг хүн учраас ийн бухимдаж байж болох нэг талтай). Хамгийн сүүлд хэзээ тийш зүглэснээ хэн хэн маань санахаа ч байлаа. Цаас имрэхгүйн гай энэ. Цахилгаан төхөөрөмж хэдий амар, авсаархан, мөнгөнд болоод цагт хэмнэлттэйг гайхаад баршгүй боловч энэ бүгд л ОМО-ны сурталчилгаа шиг санагддаг (Жинхэнэ уншигч хүний бол ойг гутаасан дараалал, тодотголууд). Уншигч танд бас их учир байна шүү. Цаг завгүй, толгой гашилгахгүй амар гэж өөрийгөө зөвтгөж байгаад дэмий балай, “хөнгөн” юмсыг оодруулаад, одоо ном гэхнээ сурталчилгааны товхимолоос ялгарахгүй, хүндгүй боллоо (интернэтээр ном унших нь байгальд ээлтэй гэж балайрагсад байна бас).  Угаас төхөөрөмж дамжин ном, хэвлэл уншина гэдэг дэмий ажил боловч энэ нь явсаар хүмүүсийн унших дурыг гутаадаг аж. Энд заавал судалгаа, баримт эш татах хэрэг ч алга. Нүдний чинь өмнө эрээлжлэн урсах мэдээллийн давалгаа ч мөн ийм үр дүнд л хүргэнэ (уншихгүй бол  сэтгэхгүй гэж улиглаад юу хийхэв, уг нь бодууштай л үг тийм ээ?). Цааснаа бичихээ ч байлаа, цаас шагайхаа ч болилоо.
 Эцэст нь гээд хэлчих дүгнэлт сэлт над ер алга аа. Уриа лоозон, тунхаг, мэргэн санаа ч байхгүй. Мэргэн уншигч (уншигч гэж юутай сайхан үг билээ, УНШИГЧ) таньд хэлье гэж санасан хэдэн үг маань л энэ. 

Бас энэ :)

No comments:

Post a Comment