Jul 14, 2014

Түүнд уншигдахын тулд тэд зуун жил ургана


Яг одоо та Норвегийн нийслэл Ослод саяхан баригдсан номын сангийн тавдугаар давхрын хоосон өрөөний цонхоор өнгийвөл нэг сая зулзган модод өөдөө тэмүүлэн ургаж буйг олж харна. Энэ өрөө, эдгээр модод зуун жилийн дараах учралаа хүлээж байгаа бөгөөд болзолт хугацаа ирвэл аль алиных нь урган буй, оршин буй үйл төгөлдөр болно, Кэти Патерсоны сүнс амарна. Өдгөө амьд мэнд буй Кэти Патерсон зуун жилийн дараа, модод ургаж гүйцээд номын хуудас болон хувирахад зул болсон байна, та бид ч ялгаагүй. Гэвч үг үлдэнэ. Үүнийг л тэр хүсчээ.
            Шотланд уран бүтээлч Кэти Патерсоны “Ирээдүйн номын сан” зуун жилийн төсөл гараанаас гараад тун удаагүй байна. Утга учрыг тайлбарлах аваас... Зуун жилийн дараа буюу 2114 онд дээрх моддоор цаас хийж, “Future library” антологи номыг хэвлэнэ. Дээрх он хүртэл жил бүр нэг бичээч сонгож, антологид багтах нэг ном бичүүлнэ. Тэдгээрийг модод ургаж гүйцэх хүртэл хэзээ ч хэвлэхгүй гэсэн болзолтойгоор Дэйшманске нийтийн номын сангийн шинэ барилгын тавдугаар давхарт хадгална. Төслийн багт найман хүн байгаа бөгөөд тэд одоо бичээч нар буюу “Future library” антологийг гүйцээлцэх хүмүүсийг сонгон шалгаруулж байгаа (анхны бичээчийн нэр ирэх есдүгээр сард ил болно). Бичээчид ямар нэг сэдэв, бичлэгийн хэв маяг тулгахгүй аж.
            Ирээдүйн ном болохын төлөө ургах нэг сая моддыг хөрсөндөө тэвэрсэн Норвегийн боомт хот Бёрвика томоохон дуурийн театр байдаг гэдгээс өөрөөр юугаараа ч алдартай биш. Магадгүй зуун жилийн дараа энэ төсөл амжилттай хэрэгжих үеэр нэр алдар нь түгэж мэдэх ч хэсэг уран бүтээлчид энэ хотыг хамгийн “хөгжилгүй” газар болгохоор чармайж буй (Кэти Патерсоныг оролцуулаад тэр шүү). Хөгжилгүй гэдэг нь энэ хотод шинэ цагийн дэвшилтэд техник технологи, үйлдвэрийн нүргээн, машины чимээ үл байна гэсэн үг. Хорвоогийн хамгийн “удаан”, өрнөлгүй, үйл явдалгүй энэ хотод хүмүүс бодох гэж, чимээ шуугианаас холдох гэж, төвлөрөх гэж ирдэг болгох санаатай. “Slow space төслийн гол түлхүүр нь “Future Library” байх бөгөөд “Future farmers”-нийтийн хэрэглээний талхны томоохон зуух гудамжинд барих төсөл, Иван Моррисоноор удирдуулсан нийтийн “бодох өрөө” барилгын төсөл бас багтана.
“Энэ бол мартагдах болоод эргэн дурсагдахын учиртай төсөл” гэж  Кэти Патерсон “Future library”-г тодотгосон бөгөөд асар их тэвчээр гаргаж буйн учир нь техник технологи бүхнийг орлож, хүмүүс робот шиг сэтгэхүйтэй болж, цаасан хэвлэлийн мөхөл ирэх вий гэдгээс эмээснийх гэнэ. Хэрэв танд Ослод очих боломж гарах аваас Дэйшманске нийтийн номын сангаар заавал ороод гараарай. Нар тоссон цонхоор нь хожмын хүмүүст уншигдахын төлөө зуун жил ургах, таны байхгүй ирээдүйд үг болж үлдэх моддын барааг хараарай.

4 comments:

  1. Сонирхолтой юмаа. Ослод очноо, очихоороо тэр номын сангаар нь заавал ороод гарах юм шүү.

    ReplyDelete
  2. Сонирхолтой юм. Ослод очихоороо заавал ороод гарнаа.

    ReplyDelete
  3. Өө миний коммент орсонгүй гээд ахиад биччихсэн чинь өмнөх нь орсон л байсан юм байна л даа хэхэ.

    ReplyDelete