Oct 12, 2014

Саваагаа гээсэн шидтэн


            Миний бага нас аав, ээж, үгүй ядаж том ахын хүүхэд үеийнхээс  унших ном, үзэх киноны хувьд хавьгүй хангалуун байсан нь үнэн, гэвч өөрт бол их л тарчиг санагддаг байж билээ. Зургаан настайдаа эмээгээр үсэг, бичиг заалгаснаас хойш анх учирсан ном нь “Хөх цэнхэр тэнгэрийн хаяанаа”. Артекийн зуслангийн хүүхдүүдийн адал явдал гарна. Мэдээж дараа нь “Үүлэн бор”, “Буратиногийн адал явдал”, “Үл мэдэх ба түүний нөхөд” залгасан. Миний үеийн, мөн түүнээс өмнөх үеийн хүүхдүүдийн үлгэрийн шидэт ертөнцтэй танилцсан түүх адилхан, ийм л дараалалтай байсан болов уу.
Өнөө хэдээ өдөржин мэрнэ, шөнөжин мэрнэ, маргааш нь, нөгөөдөр нь, сарын дараа ч гэсэн мэрсээр л байна, ер уйдахгүй. Үнэндээ уйдна л даа, гэвч өөр сонголт үгүйн улмаас л энэ хэдийгээ элтэл нь уншдаг байсан байх.
Ид шидийн ертөнц. Дээрх номуудын биднийг татаад байдаг гол шид нь энэ. Хүүхэд нас гэдэг ердөөсөө төсөөлөл багтдаггүй үе шүү дээ. Томоотой бай, хичээлээ давт, гэрээ цэвэрлэ, тоглож орж ирээд гараа угаа зэрэг үргэлж сонсдог, хэт “бодит” үгс ой ухаанаас дорхноо ойгоод гарчихдаг хэрнээ шүүр унадаг шулам, хүүхдээр хооллодог мангас, нисдэг байшин, ярьдаг амьтад, тэдэнтэй ойлголцоод байдаг хүмүүс бол эгэлээс эгэл мэт л санагдана. Тэгээд найзууддаа нохойтойгоо ярьсан, шоргоолжны вант улсад очсон гэх зэргээр санаатайгаар бурна, заримдаа энэ бүхэндээ өөрөө ч итгэчихсэн явах нь бий. Худлаа ярина гэдэг хүүхдийн ертөнцөд гэмт хэрэг биш шүү дээ.
Харин яагаад ч юм, тэр үед ардын үлгэрүүд анхаарал татдаггүй байж билээ. Адал явдал багатай мөртлөө сургааль сургамж нь дэндсэн, хэт богино, хуучинсаг, ер нь л нэг тийм уйтгартай. Тэрний оронд “Сайхан сэтгэлт Василиса”-г анх уншиж байгаа мэт догдлолтойгоор 103 дахь удаагаа эхлүүлэх нь илүү дээр санагдана. Барууны эл үлгэрүүд ёстой л мөхөхшгүй мөнхийн шидтэй байх аа. Өлсөхөөрөө Ханзэл, Гретель хоёртой хамт хүүхэд чанаж иддэг шулмын байшин руу явахсан гэж бодно, гэнэт ямар нэг баатарлаг үйл бүтээмээр болоход Питер Пэн санаад орно, зүүдэндээ Артект очно, ноён Дэгээг чадна, сэрүүндээ газар шагайн шидэт дэнлүү таарах вий хэмээн өлийнэ, харанхуй буланд Хадес нуугдаад, намайг хүн шавьж болгохоор хүлээж байх вий гэхээс үхтлээ айна. Үүнээс гадна бүхий л хүүхдүүд өөрийн гэсэн шидэт дохиуртай болохсон гэж нууцхан хүсэж явсан байх аа.
Тэгж байсаар Үндэсний телевизээр “Сансрыг хамгаалагч Волтрон” гарч эхэлсэн нь болоод найм, билүү есөн настайд “Тоглоомын түүх”-ийг анх үзсэн нь миний доторх ид шидийн ертөнцийг орвонгоор нь эргүүлж билээ. Нэг нь сансар огторгуй хэмээх уудам орон зайг төсөөлөлд минь бий болгосон бол нөгөө нь хэдэн тоглоомоо хөдөлж, ярьж байхыг нь нууцаар харчих юмсан гэх “дон”-д хөтөлсөн юм. “Сансрыг хамгаалагч Болтрон” ММ агентлагийн 10 минутын мэдээний дараа, 18.10-аас гарна. “Би өөрөө толгойг нь угсаръя” гэсэн эхлэлийн хэсэг нь одоо ч чихэнд сонсогдож байна гээч. Үлгэрийн номуудад ямар нэг шидээр гол баатрыг л аврах тухай гардаг бол энэ хүүхэлдэйн киноны роботууд бүхэл бүтэн гариг ертөцийг авардгаараа хавь илүү. Нэг их удаачгүй, ах маань мортал шүүрэлцэж ялаад, шанд нь далавч нь дэлгэгддэг волтрон тоглоом авчирсан нь миний хүүхэд насны түүхэн үйл явдлуудын нэг болж байлаа. Нэг л мэдэхэд би үлгэрийн номуудыг тавиур руу шидэж орхиод, хүүхэлдэйн киноны ертөнцөд эргэлт буцалтгүй орсчихсон байсан. Тэгэхэд хүүхэлдэйн киног одоогийнх шиг хүссэн үедээ компьютерээ асаагаад юм уу, “Youtube”ухаж, торрентоос татах боломж байсангүй. Хааяа нэг зурагтаар хүүхэлдэй гарахад бүх юмаа орхиод, дэлгэц ширтээд суучихна. Урьд нь 13 удаа үзсэн байсан ч хамаагүй, яг л анхны учрал шиг догдолдогсон. Яагаад гэвэл эд миний төсөөлөл, мөрөөдөл, ургуулан бодохуйгаас эхлээд миний гэх ертөнцийг бүхэлд нь бүтээдэг байсан болохоор тэр. “Надад тулах цэг л өгчих, би ертөнцийг эргүүлье” гэдэг дээ. Тэгэхэд миний тулах цэг эдгээр хүүхэлдэйн кино л болж байв.
Тавдугаар ангид орлоо. Унших бичгийн номын нэр солигдож, уран зохиол болчихож. Би өөрөө ухаан сууж эхэлсэн болохоор тэр үү, эсвэл үнэхээр ч ийм байх ёстой байсан уу, үлгэрийн ертөнцийн хамаг шид номын хуудастаа хоцорч, би гэдэг хүн тэгж л анх бодит ертөнцтэй нүүр тулсан байх. Ямар ч ид шидийн юмгүй баахан зохиол “Хоньчин Найдан”-гаас эхлээд хөврөх болов. Улмаар номыг хүсэж догдолж биш, даалгавар гүйцэтгэх маягаар уншиж эхэллээ. Гэтэл зургадугаар ангид байхдаа “Harry Potter” гээч цуврал номын тухай “Сурагч”сониноос уншив. Ид шидийн ахлах сургуулийн сурагч, балчир шидтэн Харри Поттер хүүгийн адал явдал гардаг гэнэ. Дэлхийн бараг бүх хүүхэд уншсан юм байх аа. Бурхан минь тэрийг л олж үзэхсэн.
Тэр үед Монголд номын зах зээл, тэр дундаа орчуулгийн ном, тэрэн дотроо хүүхдийн зохиолын ертөнц хөдөлгөөнд орж эхлээгүй байсан. “Харри Поттер” л гэхэд намайг сургуульд орохоос нэг жилийн өмнө Америкт хэвлэгдэн гарч, хэдийнэ шуугиан тарьчихсан байтал би зургадугаар ангидаа Монголд орчуулагдаасай гэж хүлээж байсан гэхээр тодорхой болно. Тэгэхээс тэг гэсэн шиг тэр үед “Харри Поттер”-ийн тухай мэдээ байсхийгээд л гарна. Ж.К.Роулинг гэх зохиолч бүсгүй тэрбумтан болжээ, вагонд явах зуураа зүүдэлсэн зүйлээ цааснаа буулгаснаар эл ном бүтжээ, “Харри Поттер” бүх цаг үеийн хамгийн их борлогдсон хүүхдийн ном болжээ гээд л. Тэгтэл нэг удаа Үндэсний телевизийн “Гэрэлтэй цонх”-ыг үзэж байтал ашиг орлогоороо тэргүүлсэн киноны жагсаалтын эхэнд өнөө нэр гараад ирдэг байгаа. “Харри Поттер” кино болчихож!
Тэгэхэд намар байсан. Харин тэр киног анх үзэхэд зун болсон байлаа. Гайхмаар ид шид, ой ухаанд буумгүй дүрслэл, төсөөлөөгүй ертөнц, адал явдлаар дүүрэн эл кино надад азаар шидэт савааг минь дахин нэг, харамсалтай нь бас сүүлийн удаа атгуулж өгсөн юм аа.
Хэзээ би том хүн болсноо санадаггүй. Нэг л мэдэхэд ид шид гэж байдаггүй гэх бодит үнэнтэй эвлэрээд, төсөөлөл мөрөөдөл ч илүү ахуйн шинж чанартай болчихсон. Ургуулсан далавчаа өөрөө тайрчихсан, эсвэл шидэт саваагаа хаана нууснаа мартсан шидтэн шиг. Одоо намайг хар даа. Өглөө ажлаа бодож сэрдэг, өдөржин ширээний ард суудаг, орой нь сулбайсан амьтан ирээд бөөн асуудлаа дэрлэн унтаад, шөнөжин тэдгээрийгнээ зүүдэлсээр өглөө дурамжхан сэрээд буцаад л ажилдаа явдаг мануухай болчихлоо. Би далдыг хардаг шидтэн биш ч, үлдсэн амьдрал маань мөн л иймэрхүү зохиомжоор хөвөрнө гэдгийг мэдэж байна.
Муу юм тохиолдож байж л, ид шид хэрэглэх шалтгаан гардаг байх аа, үлгэрт. Надад тэр муу нь тохиогоод маш удаж байна. Намайг аврах үлгэрийн баатрууд хэрэгтэй боллоо. Надад шидэт саваа хайрлаач? 

3 comments:

  1. Энэ бичвэрээс нэг зүйл анзаарав. Хэзээ бид гэгээхэн мөрөөдлөө гээчихэв. Бас хаана...?

    Нэгэн хэвийн байх гэдэг тийм ч муу биш. Гэхдээ зөвхөн тогтмол, жигд, алгуурхан өгсөж яваа тохиолдолд. Эс бөгөөс маш муу...

    ReplyDelete
  2. Гоодалийн 09 сарын дугаараас уншсан. Их таалагдсан шүү. Нээрээ л гэнэт хүүхэд насны мөрөөдөл замхарсан байгааг анзаарсан.

    ReplyDelete
  3. Сайхан сэтгэлт Василисаг хажуу айлын эгч уншиж өгдөг байж билээ бодвол би тэр үед уншиж чаддаггүй л байсан байх. Байнга тог тасарчихдаг лаа жижиг сандал санаад ордог . Василисаг харанхуй дунд явж байгаа бас хэдэн цагийг сануулж байгааг билээ нэг цагаан морь ирдгийг одоо болтол дүрслэн харагддаг . Байрны хүүхдүүд хүүхдийн нэвтэрхий толь гадаа тойруулан уншин суудаг байж билээ . Тэр үедээ интернет л гэсэн үг . Египет хаан үхэхээр худлаа жүжиглэн уйлж оршуулдаг , солонго яаж үүсдэг гээд танин мэдэхгүй хөөрхөн зурагтай ном байж билээ. Бас нэг ногоон зузаан хавтастай ном байсныг санаж байна нэг аав хүүтэйгээр хаана ч билээ ч зугаалдаг тухай гардаг. 4-дүгээр ангидаа уншсан ном хэзээ ч мартагддаггүй юм . Эхнэр нь насварахаасаа өмнө нөхөртөө лаазтай аннас авчрахыг хүсдэг нөхөр нь гайхсан ч арай гэж авчрахад эхнэр нь аль хийдийн насварсан байдаг. Нөхөр нь лаазтай аннас хүүхдүүдтэй задалж өгөөд хүүхдүүдээ баярлахыг хараад эхнэрийнхээ сэтгэлийг ойлгодог. Заримдаа өөрийнхөө хүүхэд насаа бодохоор одоо байгаа хүн тэр хоёр шал өөр мэт. Оффисын сармагчин мэт амьдраад байгаа мэт . Гэхдээ хүүхэд насныхаа тухай холбоотой юм гарч ирэхээр сэтгэл нэг л сайхан. Зуны нэг л сайхан дулаахан өдөр мэт санагддаг.

    ReplyDelete