Dec 8, 2014

Нүдэнд минь тээр болсон хувцас хунарыг зайлуул, Нүцгэн биеийн тэнгэрлэг сайхныг магтъя... Р.Ч

            


Сэтгүүлийн хуудас эргүүлсээр энэ хүрсэн, тогтон уншихаар шийдэгч танд талархахын зуур нэг зүйл хүсье. Дорх гурван хувилбараас аль нэгийг нь сонгоорой, тийн бодоод уншаарай. Эцэст нь энэ хэсэгт дахиад ирээрэй...
            А. Moon бол гаж донтон. Магадгүй Монголын хамгийн их нүцгэн бие харсан хүний нэг. Хүний нүцгэн байгаад, бас нүцгэлэхээс нь таашаал авдаг. Түүний фэйсбүүк пэйжэд нүцгэн зургаас өөр бараг юу ч байхгүй.
В. Moon ерөөсөө ч гаж донтон биш. Тэр бол уран бүтээлч. Nude art, эротизмын голыг хамгийн сайн олсон хүн. Тэр нүцгэн гэдэг ойлголтоос садар хэмээх утгыг салгаж чадсан. Түүний фэйсбүүк пэйж дэх зургууд бол Монголын урлаг дахь шинэ, ховор үзэгдэл.
С. Тэр ерөөсөө ч гаж, эсвэл ховор үзэгдэл биш. Та бидэнд шиг л хийж буйдаа шалтгаангүйгээр дурласан нэгэн. 
                                                                                                                                              
-Нүцгэн гэрэл зурагчны чинь хувиар хүмүүс чамаас асуудаг хамгийн залхмаар, дургүй хүрэм асуулт юу вэ?
-Чиний моделиуд найзууд чинь үү, эсвэл чи өөрөө юү? гэх мэтийн асуултад ёстой дургүй. Моделиудынхаа царайг гаргалгүй, зөвхөн бие, биеийн хэсгийг нь харуулдаг болохоор ингэж асуудаг байх л даа.
-Таныг залхаахыг минь зөвшөөрнө үү. Чиний моделиуд найзууд чинь үү, эсвэл чи өөрөө байдаг уу?
-Хаха, би нүцгэн гэрэл зурагчны хувьд моделуудынхаа нууцыг хадгалах ёстой. Тиймээс хэнд ч энэ тухай ярьдаггүй юм.
-Сайхан бултлаа. 
The Moon-тэй уулзахаар Turning point жазз кафед ороход It’s oh so quiet дуу Люси Вүдвардын хувилбараар эгшиглэж байсан нь дотоод орчинтой даанч авцалдсангүй. Эрчээ авсан гялгар хүмүүсийн бөөгнөрөл мөнөөх дууны сүрийг ч, утгыг ч дарна. Тэд нэг бол хэт чамин, өөртөө таарсан, донжтой, эсвэл огт зохиогүй, эсвэл зүгээр л юу тааралдсанаа өмсөөд ирж. Өрөөнд ойролцоогоор 25 хэмийн дулаан байсан. Энэ нь хувцасгүй суухад физик биед элдэв сөрөг нөлөө учрахгүй гэсэн үг л дээ. Харин ч илүү тухтай байхсан байж мэднэ. Гэвч намайг бас The Moon, бидэнтэй хамт яваа найзыг маань оролцуулаад энд байгсдын хэн нь ч нүцгэн байсангүй. Тэгвэл бүх юм илүү амар ч байхсан байж мэднэ.
The Moon бол түүний уран бүтээлчийн нэр. Тэр өөрийн жинхэнэ нэр болон зургийг нь тавихгүй байхыг хүссэний эцэст ярилцлага өгөхийг зөвшөөрсөн. Тиймээс цаашид энд нэрийг нь дуухад тохиол бүрт түүнийг The Moon биш Хатагтай Х (х биш икс) хэмээж байхаар шийдэв. Тэгэхээр юутай ч Хатагтай Х-ийн талаар дурдаж болохуйц мэдээллийг эхлээд өгөх нь зүйтэй байх. Тэр Монголын нэн ховор төрөл зүйлийн гэрэл зурагчин буюу нүцгэн зургаар дагнадаг. Нүцгэн биеийг ихэвчлэн хар цагаанаар, байгалийн гэрэл сүүдэртэй элбэн дүрсэлдэг нь тун өвөрмөц. Хүний биеийн эд эс бүхэнд дурладагийг та гэрэл зургуудаас хараад ойлгоно. Юу чухам түүнийг гэрэл зурагт, улмаар нүцгэн гэрэл зурагт ураа татсаныг, нөлөөлснийг тэр өөрөө ч мэддэггүй. Тодруулах асуултад Хатагтай Х “Нэг л мэдэхэд...” гэж хариулсан. Онцгой тохиол ямар ч “яагаад?”-гүй эхэлдэг гэж би боддог. Тэр л байх. Хэдийгээр энд нэр, зүс нь танигдахгүй байгаа ч түүнтэй та Dreamers’ Day кино эвент, The Basement паб, “Michelle’s Bakery”, кафе, “Занабазарын музей” бас рок, инди хөгжмийн тоглолтууд дээр таарч тун магадгүй.
Гэрэл зураг түүний амь амьдрал гэхэд хөгжим түүний ус, агаар. “Хайр дурлалыг эс тооцвол хөгжим, гэрэл зураг хоёр миний сэтгэлийг хамгийн их хөдөлгөдөг хүчин зүйл. Эд хоёул дурсамжийг, тухайн үед үнэн байсан, хожим баларч дундарсан мэдрэмжийг хадгалж чаддаг” гэснээр нь үүнийг баталж болно. 

Жамъян-Очирын Тэгшжаргал Нүцгэнээр зургийг нь дарах хүнээ сонгохдоо чухам юуг харгалзан үздэг вэ. Мэдээж хувцастай байхад нь шийдвэр гаргаад, зураг дарахдаа л нүцгэлдэг байх, тийм үү?
Хатагтай Х: -Сонирхол татам, өвөрмөц царай төрхтэй хүн таарвал шууд асуучихдаг. Эсвэл хувь хүнийхээ хувьд сонирхолтой байвал санал тавина. Бүр эсвэл гоё биетэй, ямар нэг төрлийн зураг дарах санаа төрүүлэхүйц хүмүүсийг сонгоно.
Ж.Т. Нүцгэн зураг дарахын хамгийн хэцүү хэсэг нь юу вэ. Модел олох, зургийн талбар дээр ажиллах, орчин бүрдүүлэх, эсвэл бүр зураг дарсны дараах ажиллагаа ч юм уу?
Х.Х: Аль нь ч биш. Моделио тухтай байлгах л хамгийн хэцүү. Ихэнх нь шийдсэн ч гэлээ яг зураг дарах болохоор ичдэг. Ярилцах, тайвшруулах гэж нэлээн хугацаа авна. Бусад нь асуудалгүй.
Гэж байтал гэмгүй сайхан Heineken уунгаа бидний яриаг сонсож суусан найз маань гэнэтхэн дундуур орж ирээд ийн асуув.
-Зураг дарж байхдаа сэрэл чинь хөдөлж байсан тохиолдол бий юү?
Х.Х. Ихэвчлэн эмэгтэй хүний зураг дардаг болохоор сэрэл хөдлөх нь ч юу юм.
-Гэхдээ чи эрэгтэй зураг ч бас авч л байсан ш дээ?
Х.Х. Тийм л дээ. Тэр гэхдээ миний сайн найз байсан учраас хамаагүй (чангаар инээв).
Ж.Т. Ихэвчлэн эмэгтэй нүцгэн зураг дардаг нь моделиудын олдоцтой холбоотой, эсвэл цаана нь ямар нэг “философи” байдаг юм уу?
Х.Х. Тийм юм байхгүй ээ. Эхэндээ би моделиудаа өөрөө шилж, сонгодог байсан. Дараа нь хүмүүс зургаа авахуулъя гэж хүсэлт тавьдаг болсон. Тэгээд л тэр.
Ж.Т. Өдрийн аль цагт ажиллахад хамгийн тохиромжтой байдаг вэ?
Х.Х. Би ихэвчлэн цонхоор тусах нарны гэрэл болоод түүнээс үүдэн үүсэх сүүдрийг ашигладаг болохоор 16.00-17.00 цагт ихэнх зургаа дардаг. Мэдээж энэ нь бас улирлаасаа шалтгаална. Одоо бол 18.00 цагийн үед нар хамгийн гоё дээрээ ирж байгаа.
Ж.Т. Зургийнхаа сэдвийг авахаасаа өмнө бодчихсон байдаг уу, эсвэл тухайн агшиндаа “тоглоод” явчихдаг уу?
Х.Х. Моделио сонгоод, тохиролцсоны дараа тэр хүнийг эхлээд өөр дотроо төсөөлдөг. Боломжит бүхий л сувгаар түүнийг дотоод ертөнцийг ухна, мэдэх гэж хичээнэ. Үүний дараа зургийн санаагаа бодно. Ихэнхдээ ийм. Гэхдээ тухайн мөчдөө, жишээ нь зүгээр л хамт кофе ууж сууж байгаад камераа шүүрээд зураг дарсан тохиолдол хэд хэд бий. Энэ маш сонирхолтой байдаг.
Ж.Т. Нэгэнт зургаа даруулсан хойноо устгахыг шаардсан тохиолдол бий юү?
Х.Х. Нүцгэн зураг даруулах амаргүй л дээ. Гэхдээ азаар өдийг хүртэл надтай тийм юм тохиолдсонгүй.
Ж.Т. Бүр нэг ч удаа биш гэж үү? 
Х.Х. Пэйж дээрээ царайг нь аль болох харагдахааргүй, мэдэгдэхээргүй оруулдаг болохоор тийм зүйл тохиолдоогүй байх.
Ж.Т. Энэ сайн зураг боллоо гэж үзэх хамгийн нөлөө бүхий шалтгаан юу вэ?
Х.Х. Ямар ч зураг авалтаас яалт ч үгүй сайн зургууд гарсан байдаг. Хэрэгцээгүй зураг авалт нэг ч удаа болж байгаагүй гэсэн үг. Би зургаа дарсан даруйдаа хоёр гурав хоног огт харалгүй орхичихдог. Учир нь хүссэн хүсээгүй цаг хугацаа өнгөрсний дараа мэдрэмж нь тодорхой хэмжээгээр өөрчлөгддөг. Тэр үед л жинхэнэ сайн, муу нь тод харагддаг.
Ж.Т. Чиний хамгийн анхны зураг хэд настайнх чинь вэ?
Х.Х. Дөнгөж төрөөд, өлгийтэй байгаа нэг зураг байдаг.
Найз ахин дундуур орж ирэв. “Тэгэхдээ өлгийн дотроо өөрөө нүцгэн байсан байх тэ?” гээд хөгжилтэйгээр инээв.  
Х.Х. Одоо бодвол тийм л юм байлгүй (яриа буулгаж байхдаа хэрэг гарган тоолсноор яг 12 секунд тасралтгүй инээв).
Ж.Т. Эхэн үеийн ажлуудаа харахаар ямар санагддаг вэ?
Х.Х. Хуучин зургуудаа харахаар нэг тийм, жаахан охины сэтгэл хөдлөл, эмзэглэл шууд харагддаг. Зүгээр нэг гэрлийн бүрхүүлний зураг дараад, сүртэй нэр өгсөн байдаг ч юм уу. Зүгээр л нэг шувууны зургийг асар догдлолтойгоор дарсан байх нь ч юм уу. Гэхдээ л өөрт хөөрхөн санагддаг. Анхандаа зургуудаа хөөрхөн хөөрхөн янзлаад, эффект оруулчихдаг байсан. Харин сүүлийн зургууд ямар ч янзлах шаардлагагүй, эх кадраараа үлддэг болсон. Магадгүй энэ нэг талын ололт, дэвшил байх.
Ж.Т. Сэтгэл татсан ажлуудаа уран бүтээлч хүн эргэн эргэн хардаг. Би л гэхэд таалагдсан бичвэрүүдээ хэд ч уншдаг. Чамд тийм зураг бий юү?
Х.Х. Харамсалтай нь нэг биш зураг. Сүүлд “Экрин” дээр дэлгэсэн үзэсгэлэнд анзаарсан бол нэг чээжний зураг байгаа. Ямар нэг эффект ашиглаагүй, хальт харвал зүгээр л нэг чээж боловч уул шиг ч юм шиг харагдана.
 Ж.Т. Хүний биеийн хамгийн “зэвүүн” хэсэг юу вэ?
Х.Х. Биеийн бүтцийн талаас ярьвал эгэм хамгийн зэвүүн санагддаг. Бас туранхай хүмүүс тэр чигтээ. Жишээ нь хавирга нь товойн харагддаг ч юм уу. Гэхдээ хүн бүр дахин давтагдашгүй онцлогтой, түүгээр нь яаж тоглож болдог болохоор заавал 90х60х90 байх албагүй л дээ.
Ж.Т. Нүцгэн гэдэг уг нь сайхан үг. Цэвэр, ариун, эгэл, үнэн гэдэг утгууд аяндаа дагаад ирнэ. Гэвч ихэнх хүн нүцгэн зургийг хөх, бөгс, бэлгэ эрхтэнээр төлөөлүүлж ойлгодог нь чамд түвэгттэй санагддаг уу?
Х.Х. Уран бүтээлч, түүнийг хүлээн авагч хоёрын хамгийн том зөрчлийн нэг энэ байх. Nude art, эротизм хоёр угтаа тэс өөр юм. Эротик зураг хүний сэрэл, хуял тачаалыг хөдөлгөх хүчтэй байх ёстой байдаг бол nude art гоо сайхны таашаал эдлүүлэх тал руугаа. Үүнийг энгийнээр илэрхийлбэл, би нүцгэн зураг дардаг ч гэсэн Playboy-ийн зураг дарж чадахгүй. Энэ л...
Ж.Т. Олоон жилийн өмнө хүмүүс ичимдэг хэсгээ навчаар халхлахаас өөр юмгүй, за түүнээс урьд бол навч ч үгүй байлаа. Гэтэл одоо яав? Нүцгэн байхаасаа ичдэг болж, нөхцөл байдал зуун хувь эргэж одоо эргэн тойрныг хар даа. Эргэн тойрон ч гэлтгүй намайг, бас өөрийгөө ч хар. Энд жишээ нь нүцгэн суухад асуудалгүй дулаахан байгаа ч бүгд хувцасаар биеэ хучжээ. Энэ бүхэн чамд түвэгтэй санагдаж байсан удаа бий юү?
Х.Х. Нүцгэндээ ч гол нь биш, хүмүүс юугаа ч нуухгүй үнэн байна гэдэг сонин бас гоё юм. Нүцгэн байна гэдэг нэг маш том эрх чөлөө.
Тэгэхээр хувцас хүлээс ч юм шиг. Бид нар бүгдээрээ түүндээ баригдаад, нэг тийм хуурамч болчихсон ч юм шиг (Манай нөгөө найз)!  
Ж.Т. Нүцгэн зургаа авахуулах моделиос багагүй зориг гарна. Энэ үед зургийг дарж буй чамаас бас тодорхой хэмжээний зориг шаардах уу?
Х.Х. Багахан хэмжээний. Мэдээж энэ нь модеоийн зоригийг гүйцэхгүй л дээ. Сайн танихгүй хүнийхээ өмнө нүцгэлэх амаргүй нь ойлгомжтой. Гэхдээ нүцгэн биеийн гоо үзэсгэлэн надад зүрх алдах боломж өгөхгүйгээр өөртөө татдаг учраас бусад зүйлд нэг их сатаардаггүй.
Ж.Т. Чиний зургийг юу The Moon-ийнх болгодог вэ. Өчнөөн л хүн гэрэл зураг дарж байна. Энэ дундаас өөрийнхөөрөө ялгарах нь хамгийн том хүчин зүйл байх гэж боддог юм.
Х.Х. Би хар цагаан зургаар дагнадаг. Үүндээ сүүдэр, тусгалыг оруулж өгдөг. Энэ л миний зургийг минийх байлгайдаг.
Ж.Т. Нэг талаар бид гэрэл зургийн хөгжлийн оргил үед аж төрж байна. Гэрэл зурагчид маш олон төрөлд хуваагдаж, зөвхөн түүнийгээ дагнан ажиллах болж. Гэвч нөгөө талаас аппараттай, ухаалаг гар утастай хүн бүр гэрэл зурагчин боллоо. Энд сайн, муу ямар талууд бий гэж боддог в?
Х.Х. Сайн, муугаар ялгах ямар хэрэгтэй гэж. Хэрэв чамд камер байгаад, гэрэл зураг дарж байгаа л бол, өөрийгөө гэрэл зурагчны хэмжээнд хүлээн зөвшөөрч байгаа бол юу нь буруу гэж. Би л хувьдаа энэ мэтэд бухимддаггүй.
 Ж.Т. Эргэн тойрон дүүрэн зураг. Нийгмийн сүлжээгээр зураг л хөвөрч байна. Энэ сайн юм гэхэд, хүмүүс мэргэжлийн гэрэл зургийг таашааж, үнэлэх нь буурч, тэдгээрийг Инстаграм дээр байдагтай дүүцүүлэн өнгөц хараад, бушуухан нэг бундан наачихаад өнгөрдөг шигээ хүлээж авдаг болсон болохоор ингэж асуулаа.
Х.Х. Тийм байлаа ч гэсэн надад тэднийг буруутгах, мэргэжлийн гэж дөвийлгөх шалтгаан алга. Ямар ч зураг тухайн хүртэж буй хүний харах өнцөг, гоо зүйн мэдрэмж, амьдралын түүх, хэв маягаас шалтгаалж өөр өөрөөр бууна. Тэгэхээр бүх хүн миний зурганд бундан наах албагүй. Харин миний зураг тэднийг мэргэжлийн гэрэл зурагт татаж чадвал уран бүтээлчийн хувьд хамгийн сайхан зүйл байх болно.
Ж.Т. Түрүүн хэлсэнчлэн чи хорвоо дэлхийд зориулж зургаа дардаггүй. Жишээ нь, чи ч, модель ч зураг авалтын явцад маш их хичээл зүтгэл гаргаж, бэлддэг. Тэгвэл эцсийн бүтээлийг үзэж буй хүн бас тодорхой хэмжээгээр бэлтгэгдэх шаардлагатай юу?
Х.Х. Миний зургуудыг үзсэн цөөнгүй хүн гэрэл зургийг мэдэрч, ойлгодог болсон, гэрэл зургийн хувьд үзэл бодол нь өөрчлөгдсөн гэж хэлж байсан. Тэднийг эхлээд бүтээлүүд, улмаар тэд өөрөө өөрсдийгөө бэлддэг гэж бодож байна.
Ж.Т. Чиний бүтээлд зориулсан хамгийн “зэвүүн” хариу сэтгэгдэл юу байсан бэ?
Х.Х. Миний цастайд дарсан хэрээний нэг зураг байдаг. Үүнийг нэг франц эмэгтэй харчихаад “Би чиний зургуудыг юу гэж хэлэхээ, ямар үгээр илэрхийлэхээ мэдэхгүй байна. Гэхдээ энэ зүгээр ч нэг шувуу биш байна гэдгийг л хэлж чадна. Магадгүй өөр хүн энийг дарсан бол энэ зүгээрл нэг шувуу байх байсан биз” гэж хэлж байсан. Энэ үг нь, бас миний ертөнцийг тэр эмэгтэй олж харсанд нь би баярласан. Хэн нэгэн чиний ертөнцийг тэр чигээр нь хүлээж авна гэдэг аз биш үү, энэ л хамгийн гоё магтаал байла.
Ж.Т. Чи нэг ч гэрэл зураг дарахгүйгээр хамгийн ихдээ хэдэн хоног, сар болж байсан бэ?
Х.Х. Би үүнийг ажил, үүрэг гэж боддоггүй учраас тогтсон давтамж байдаггүй. Нэг ч зураг дарахгүйгээр дээд тал нь дөрвөн сар болж байсан юм байна. Үүний дараа анхны зургаа дарахад нэг тийм эв хавгүй, камер хүртэл хөндий санагдаад байсан (зүгээр л инээв). Тэгж байгаад яг зураг авалт эхлэхэд бүх юм буцаж ирээд, урьдын хэвэндээ орчихсон.
Ж.Т. Чиний зөвхөн нүцгэн зургаас гадна хөрөг, зохиомжит зургууд дардаг. Үүнээс өөр, туршиз үзмээр мөртлөө одоо хүртэл биелүүлж амжаагүй төрөл юу байна?
Х.Х. Яг төрөл, жанр гэвэл юм алга. Харин маш их хүн нүцгэн зогсохыг дарахыг хүсдэг. Хэдэн арав ч биш, хэдэн зуун нүцгэн хүн.
Ж.Т. Спенсер Туник шиг үү?
Х.Х. Тийм. Тэгээд яг хөдөө талд, хүн бүрийг өөр өөр байдлаар зогсоогоод, бүхэл өдөржин зургийг нь дарах мөрөөдөлтэй.
Ж.Т. Аливаа уран бүтээлчийн хамгийн том зөрчил нь нэгд өөрийн гэсэн хэв маягийг бүрдүүлэх, нөгөө талд өөрийгөө давтахгүй байх дээр илэрдэг гэж боддог. Энэ ер нь хэцүү юү?
Х.Х. Яг ийм тийм гэж үгээр бүрэн илэрхийлж чадахгүй ч би өөрийн гэсэн хэв маягтай, түүндээ бас дуртай. Тэр бол миний үнэт зүйл гэсэн үг. Үүн дээрээ шинэ зүйлс туршаад ажиллахад зөрчил гардаггүй.
Ж.Т. Чи яаж өөрийгөө шинэ байлгадаг вэ?
Х.Х. Янз бүрийн хүмүүсийн сонсдог хөгжмийг нь сонсох их сонирхолтой. Тэр нь улмаар шинэ зүйл хийхэд хөтөлдөг. Ийм тохиолдол зөндөө бий.
Ж.Т. Жишээ нь?
Х.Х. Cat Power-ийн Blue анх сонсоход их гунигтай санагдсан. Тэр даруйдаа зөвхөн хэвлий хэсгийн, цэнхэр өнгөтэй зураг дарсан. Ер нь ямар нэг зүйлээс дөнгөж авсан мэдрэмж цэвэр байдаг. Яг тийм үед ажиллах их гоё. Заримдаа би өөрөө дарсандаа ч итгэмээргүй зургууд гарсан байдаг. Мэдрэмжээрээ тоглох ер нь сонирхолтой.
Ж.Т. Энд чиний зургийг байтугай жинхэнэ нэрийг ч гаргахгүй гэж бид тохирсон. Гэрийнхний зүгээс сонирхлыг нь, дуртай зүйлийг нь үл зөвшөөрнө гэдэг уран бүтээлчийн хувьд, ялангуяа бидний оргилуун насанд хамгийн хэцүү сорилт болоод бэрхшээл мөн. Гэсэн ч чи энэ бүхнийг давсаар, зургаа дарсаар байгаагийн шалтгаан юу вэ?
Х.Х. Үнэндээ энийг би шантрахаар зүйл гэж боддоггүй. Би юу хийж байгаагаа, юунд хүрэхээр тэмүүлж буйгаа мэднэ. Мэдээж эдгээр дарамж хэцүү нь хэцүү. Гэвч энэ дарамт миний гэрэл зураг дарах хүслийг дарахуйц, давахуйц хүчтэй биш учраас л би өнөөдрийг хүртэл зургаа дарсаар байна (Гайхалтай хариулт!).
Ж.Т. Чиний хүрэхээр тэмүүлж байгаа тэр зүйл юу юм бэ?
Х.Х. Би жижигхээн юманд хүртэл сэтгэл хөдөлдөг, модны навч унаад ирэхэд ч догдолдог тийм гэгээн байна. Өдөр бүр хардаг зүйлс, тогтсон хэв маягт уусалгүй бүхнийг өөр өнцгөөс, төсөөллөөрөө баяжуулан хүлээж авдаг маань арилахгүй яваад л байх нь миний хамгийн том зорилго. Хэрэв энэ бүхэн надтай байсаар л байвал би гэрэл зураг дарахаа хэзээ ч зогсохгүй.
Ж.Т. Хүний нүцгэн биеийн хэсгүүдийг нээх гэж, өнцгөө өөрчлөх гэж эротик, порно кино үздэг үү?
Х.Х. Үгүй дээ, үгүй. Киног би тийм зорилгоор үздэггүй. Кино урлагийн хамгийн гоё юм нь юу гээч? Дэлхийн хаа нэгтээ амьдарч буй, надтай хэзээ ч таарахгүй хүмүүсийн ертөнцийг яг хажууд нь байгаа мэт харж болдог нь. Тэрийг мэдрэх, өөртөө нээнэ гэдэг гайхалтай зүйл.
Ж.Т. Чинийхээр хүний нүцгэн биеийг хамгийн урлагтайгаар харуулдаг кино юу вэ?
Х.Х. Филип Кауфманы Unbearable lightness of being.
Ж.Т. Тэгвэл ном?
Х.Х. Г.Г.Маркесийн “Гунигт янхнуудаа дурсахуй”.
Ж.Т. Өө, энэ ч гайхамшиг шүү. Ялангуяа тэр охины унтаж байгаа хэсгүүдийг, мань өвгөний ажиглаж байгааг, дотоодыг гайхалтай дүрсэлсэн байдаг.
Х.Х. 90 насандаа хайр дурлал гээчийг жинхэнээр нь ойлгож байгаа нь бас...
Ж.Т. Нүцгэн зураглалтай кинонуудад насны ангилал тогтоосон байдаг даа. Чиний зургуудыг жишээ нь хэдээс дээш насныхан үзэж болох вэ?
Х.Х. Хүлээж авч чадаж л байвал хэдэн ч насны хүн үзсэн хамаагүй.
Хүүе, ингэхэд итгэл найдварын эсрэг итгэл найдвар гэж байж болох уу? Жишээ нь, сая ... ирээд миний чихний харалдаа үнсэж байгаа аяг үзүүлээд явлаа. Энэ нь намайг үнсмээр байдаг гэсэн үг мөн үү? Найз яриан дундуур ийн орж ирэв. Гэсэн ч энэ удаа бидний анхаарлыг татаж чадсангүй.
Ж.Т. Чи ажлынхаа хажуугаар гэрэл зураг дардаг болохоор...
Х.Х. Би өөрийгөө гэрэл зураг дарахынхаа хажуугаар ажлаа хийдэг гэж боддог ш д (догдлонгуй инээв).
Ж.Т. За тийм байж. Зүгээр л гэрэл зураг гэдэг чиний хувьд ажил гэдгээс илүү үнэ цэнтэй зүйл болохоор өөрийгөө албахгүй, үйлдвэрлэлийн шинж чанартай болголгүй тааваараа зургаа дардаг байх даа гэх гэсэн юм.
Х.Х. Тийм л дээ. Би зураг дармааргүй бол дарахгүй, гэхдээ үнэндээ удаан тэсэж чаддаггүй учраас л байнга зураг авдаг. Харин үе үе юу ч хиймээргүй, ерөөсөө миний хийж байгаа бүхэн ямар ч утгагүй санагдана. Жишээ нь, би гэрэл зураг дараад мөнгө олдоггүй, тэгсэн хэрнээ больж чаддаггүй. Энэ мэтийн зөрчлүүд дотор явагддаг ч гэрэл зураг миний амьдралын нэг чухал хэсэг учраас бүрмөсөн больж хэзээ ч чадахгүй.
 Ж.Т. Хүн бүр өөрийн гэсэн үнэртэй байдаг тийм ээ? Оо энгэсэн, элдэв үнэртэн биш яг өөрийнх нь, хүний үнэр. Зарим хүнийх бүр солиоруулах шахдаг гээч...
Х.Х. Тийм шүү. Би заримдаа хүнээс гардаг тэр үнэрийг хэтэрхий их анзаарч, мэдэрдэг гэж өөрийгөө боддог ш д. Бүр автуулдаг тийм үнэр. Гэтэл эсрэгээр зөвхөн тэр үнэрнээс нь болоод холдмоор, хажигламаар хүмүүс бас байна. Заримдаа бас хайртай хүмүүсийн чинь үнэр хаа нэг газар явж байхад гэнэт үнэртэнэ...
Ж.Т. Чиний өдөр тутмын бараг заншил шахуу болсон үйл юу вэ?
Х.Х. Кофе ууж эхлээгүй нэг ч өглөө байхгүй. Энэ бүр хэвшил болчихсон. Бас үргэлж элдвийн юм бодож явдаг. Манай захирал намайг “Чи ажилдаа ерөөсөө төвлөрч өгөхгүй, “Дэлхий хэзээ анх үүссэн бол” гэж бодоод явдаг” гэж загнасан гээч хаха.
Ж.Т. Гэрэл зураг дарах нэг талаараа хүнийг нээж буй хэрэг. Энэ ер нь хэр хэцүү ажил бол оо?
Х.Х. Би хүмүүсийг өөр дотроо бүтээчихдэг. Байгаагаас тэс ондоогоор, надад юу гэж мэдрэгдсэнээр нь төсөөлдөг. Мэдээж ихэнх тохиолдолд хүмүүс түүн шиг байдаггүй. Тийм учраас хүмүүсээс зайгаа барьсхийж харьцдаг. Дотнын цөөн найзтай, тэдэндээ бол өөр л дөө. Хүмүүс ямар ч болж хувирч болдог юм билээ. Гэхдээ юу гээч, чи бид гурвын энд суугаа мөч, чиний энэ байгаа, миний энэ байгаа л үнэн. Чи хэзээ ч өөрчлөгдөж болно, харин энэ мөч өөрчлөгдөхгүй, үүрд үлдэнэ.
Энэ хүрээд бидний ярицлага өндөрлөв. Харин яриа өндөрлөсөнгүй. Найз маань “ном бичих ёстой юм байна” гэдгээ тэрхэн мөчид нээв. Ямаршуухан эд байвал дээр вэ гэдгийг зөвлөлдөхөөс аргагүйдэв. Гэснээс А, В, С хувилбарын алийг сонгов та? 





3 comments:

  1. This comment has been removed by the author.

    ReplyDelete
    Replies
    1. This comment has been removed by the author.

      Delete
  2. Ёстой сайхан ярилцлага уншчихлаа. С хувилбар :) Сэтгүүлийг нь захиалмаар байна.

    ReplyDelete