“Сэтгэлийн ур ядмаг хэрнээ гарын өчүүхэн ураа ихэд тоосон зураачийн инсталляци шиг нүд хужирлах юмгүй” хэмээн тодорхойлсон Улаанбаатарын гудамжаар тэр алхан, саарал байшингийн гурван давхарт ирлээ. “Хотын уур амьсгал миний амьдралд нэг их чухал үүрэг гүйцэтгэдэггүй. Эрүүл сэтгэлгээний хэм нь алдагдсан хүний хэт гутрал, хэт хөөрлийн савчаатай адил энэ хотын нүргээн дунд би өөрөө хүсвэл ороод хамт савдаг, хүсэхгүй бол тойргоос нь гарчихдаг. Энэ дэлхийн хаана амьдрах нь надад сонин биш, харин мөн чанар минь хэвээрээ юү гэдэг л миний асуудал байх” хэмээн ярих энэ сэхүүн эмэгтэйг өмнө нь “Гоодаль” сэтгүүлийн хуудаснаас имэрдэг байв. “Би ер нь ярьдаг хүн биш юм шиг байна. Унших, бичих нь л надад илүү дөхөм санагддаг. Дотор шатаж байгаа бүхнээ өмнө нь хааяахан зургаар юүлдэг байсан ч яг сэтгэлээ нээж зуралгүй дэндүү уджээ. Харин өдрийн тэмдэглэл бичих үедээ би намайг шаналгаад байгаа тэр зүйлийнхээ гаргалгааг олж харж, яах вэ гэж бичиж эхэлсэн бол яагаадыг би оллоо гэж дуусгаж чаддаг” хэмээсэн энэ эмэгтэй саяхан “Үхэл үгүй”, “Үхлийн сурах бичиг” гэх номыг орчуулж, хагацлын зовлонд хахаж, хайрын дэмээр цангасан олон хүний сэтгэлийг дэвтээсэн билээ.
“Time” сэтгүүлээс нэрлэсэн XX зууны 100 суут сэтгэгчийн тоонд багтсан Элизабет Кюблер-Россын “Үхэл үгүй”, “Үхлийн сурах бичиг” номыг орчуулсан тухайгаа тэр “Чи том болоод ямар хүн болох вэ” гэхээр бид нисгэгч, жүжигчин, зохиолч болно л гэдэг. Тэгээд болдог. Харин хүний арьсыг нөмөрчихөөд дотор нь хүн болж амжилгүй байсаар дэлхийд зорчих визний хугацаа дуусч, нэг л мэдэхэд “Явах цаг боллоо” гэдэг. Нийгэм гэдэг аймшигтай махны машинд хэрхэн тасчуулчихалгүй бүрэн бүтэн гарахыг л бид үр хойчдоо заахаас биш жинхэнэ хүнийг бэлдэхгүй байна. Огт мэдэхгүй хэрнээ үхлээс айдаг, үүнд бэлэн биш байдаг нь мунхаг харанхуйн шинж төдийгүй ойр дотныхныхоо өмнө арчаагүй, хариуцлагагүй байгаагийн тэмдэг. Тиймээс үхлийн тухай ойлголтыг минь өөрчилж, оюун санааны амар амгалан бэлэглэсэн энэ номыг би орчуулж, миний л адил хайртай, дотны хүнээ алдаж, сэтгэлээр үхэж байгаа хүмүүст туслахыг хүссэн. Би нэг их энэрэнгүй болоод нийгмийн сайн сайхны төлөө өөрийгөө зориулж байгаа юм биш, ердөө л би үүнийг хийхгүй бол тайвширч чадахгүй байсан хэрэг” хэмээн тайлбарласан. Бямба гаригийн үдэш үхлийн тухай унших хэр тааламжтай сайхан болохыг би мэдэхгүй.
“Үхэл бол амьдрал дахь цорын ганц жинхэнэ толь юм байна. Ойр дотны хэн нэгнээ алдах үед мөнөөх толь өмнөөс минь харах үед ямар хөөрхийлэлтэй, өчүүхэн болохоо олж үздэг болохоор л бид энэ толиноос айдаг. Ээжийгээ бурхан болоход л би өөрийгөө даанч мунхаг, тэнэг болохыг мэдэрсэн юм.Тэр сүрхий дизайнер, урлаг судлаач, мундаг сэтгүүлийн эрхлэгч, ербусын уран сэтгэмжтэй Амгалан намайг авраагүй ээ. Харин нэгэн бөмбөрцөг дээр нэгэн цагт амьдарч байсан ч нэг агаараар амьсгалж байсныгаа “гэр лүүгээ” явсных нь дараа тээр хожуу мэдсэн Элизабет Кюблер-Росс хэмээх агуу хүн л намайг аварсан. Энэ хүн өөрийгөө шашингүй үзэлтэн гэх боловч Бурханы сургаалийг л энгийн үгээр батлаад байх шиг байдаг. Хүн гагцхүү нөхцөлгүй хайрлаж сурах гэж л энэ хорвоод ирдэг. Суран суртлаа л дахин дахин төрсөөр байх болно гэх Элизабетийн үзэл “Сэтгэлээ ариусган бүрмөсөн гэрэлтүүлэх хүртлээ үхэх төрөхийн хорвоод төрөл авсаар байна” гэдэг буддын гүн ухаантай нэг цэгт огтлолцоод л байгаа юм. Үнэхээр ч бид үхэлд ер бэлтгэлгүй юм. Юу болохыг нь мэдэхгүй хэрнээ үхлээс айдаг, маргааш миний амьдралын эцсийн өдөр хэмээн мэдрэхэд л бидний ихэнх нь сэтгэл дотроо үхэж, барьц алдаж эхэлнэ. Гэвч үхэл гээч нь илүү сайхныг нээх хаалга байдаг ч юм билүү”.
Ц.Амгалан гэх хүнийг үзэл санааны хувьд бүрэлдэн бий болоход хамгийн чухаг нөлөө үзүүлсэн хүн хэн бол? “Хүүхдүүд минь одоо миний тэвчээрийг маш ихээр барж байна л даа. Гэхдээ энэ нь намайг тэвчээрт, хүлээцтэй байхад сургаж байгаа гэж бодохоор тэд маань харин ч надад багшилж, бас үзэл санаанд минь нөлөөлж байна шүү дээ. Тэгэхээр онцгой нэгнийг нэрлэх хэцүү. Гудамжинд согтуу хэвтэж байгаа нэгэн ч надад багшилж, зааж сургаж буй нь үнэн. Хэрвээ бид тэндээс ухаарал олж харвал шүү дээ. Гэхдээ бид юмыг яагаад заавал ийм сувгаар таньж, ухаарах ёстой болохыг би ойлгохгүй байна” гэсэн юм. Тэр их өөрчлөгдсөн бололтой. Нээрээ ч “Гоодаль”-ийн хуудаснаас цогтой, заримдаа галзуу гэмээр бодол санааг нь тэмтэрч байсан тэр хүн, өмнө минь суугаад үйлийн үрийн тухай, үхлийн тухай ийм гэгээнээр бодож явдаг нь миний л хувьд шинэ нээлт болсон юм. Бусдыг ч би энэ мэтээр нээж яагаад болохгүй гэж?
“Хэрэв та өвлийн өвгөн байсан бол шинэ жилээр хэнд бэлэг өгөхгүй байх вэ” гэж асуухад тэр их гайхаж, бухимдаж байгаа нь илт байв. “Яагаад өвлийн өвгөнөөс бэлэг авах эрхгүй хэн нэгэн байх ёстой гэж. Бурхан хүртэл хэнийг ч шүүж ялладаггүй байтал би нэг өвлийн өвгөн төдий болчихоод амьтныг ялгах гэж үү. Ер нь зөв, буруу, сайн, муугийн дэнс гэж юу юм бэ”. Харин өнөөгийн нийгэм тийм ч хүсээд байхаар сайхан эд биш, дарангуйлал дундах гоёмсог шорон гэдэгтэй бид санал нэгдсэн юм. Харин сөрөх үү, дагах уу гэх сонголтын аль нь чухам зөв бол?
“Энэ амьдралыг би цор ганцаараа цогцлоон бүтээгээгүй. Бас хүн бүр хүн төрөлтөн хэмээх нэгэн цулын эд эс нь учраас бүгдээрээ нэг нэгнийхээ амьдралын номыг бичилцэж байдаг. Тэр нь заавал сайн сайхан байх ч албагүй. Гэхдээ энэ тогтолцоог сөрөөд утгагүй. Үг сүггүй бууж өгөөд, сөхрөх ч ёсгүй. Тэвчих л юм даа. Бүх зүйл цаг зуурынх, аз жаргал ч зовлон ч мөн адил” аж. Ц.Амгалан өөрийгөө хүнд хүн гэдгээ хүлээн зөвшөөрсөн. Үздэг кино, унших ном нь хүртэл хүнд, мөн энэ “хүнд”-ийг ойлгох хүмүүстэй л ярилцах дуртай аж. Харин дараачийн өгүүлбэрийг сонсоод бидний хэн хэн маань инээдээ барьж чадсангүй. “Заримдаа тэр хүндийг өргөж чулуудчихаад нисээд явчихмаар. Миний "хүнд" дотор орших хөнгөн хэсэг илүү хүчтэй”. Бямба гаригийн үдэш манай уншигчдад та ямар ном зөвлөх вэ гэхэд тэр “Би бусдад зөвлөгөө өгөх эрхтэй хүн биш” гэж байна. Би ч нэлээн тулгалаа, тэр ч бодлоо. Би хагас сайны орой ямар унших байсан юм бол гэж өөрөөсөө асууж байна.
“Г.Аюурзана, Л.Өлзийтөгс хоёрын эмхэтгэсэн “Монголын сонгомол өгүүллэгүүд” зүгээр байх аа. П.Лувсанцэрэнгийн “Нурамтын өвөрт”, “Ус шиг цэнхэр” гэх хоёр ч өгүүллэг нь багтсан байдаг. Аугаа тансаг монгол хэлний охь шимийг уух шиг унших үед л би өөрийгөө монгол хүн гэдгээ мэдэрдэг. Багадаа дурласан “Монголын шилдэг өгүүллэг” түүвэрт их хайртай. П.Лувсанцэрэнд бүр илүү хайртай. Гэрээсээ түүний түүврийг хоёр удаа алдсан. Одоо хааяа их ядарсан үедээ “Ус шиг цэнхэр”-ээ л уншдаг” гэлээ. Асаж дүрэлзсэн үзэл санааг нь сэтгүүлийн хуудаснаас л тэмтэрч байсны хувьд Ц.Амгалангийн дотор ийм яруу төрх бий гэдгийг мэдрэх сонирхолтой байсан шүү.
Тэрбээр сэтгүүлийн ажлаа завсарласан ч гэлээ өөртөө бичсэн хэвээр гэнэ. Эдгэршгүй өвчтэй хүмүүс, тэдний гэр бүлд сэтгэлзүйн дэмжлэг үзүүлэх “ГЭГЭЭН АСАР” сангаа байгуулсныг нь сонирхвол “Хүмүүс намайг чи арван цагаан буяны ажил хийж байна л гэдэг юм. Гэхдээ буян хийж байна гэж өөрөө бодох үед тэр хэдийнэ нүгэл болсон байдагт би итгэдэг.. Юмны сэдэл л их чухал. Хорт ургамал тарьсан бол хэчнээн ариун усаар услаад ч хорт ургамал л ургана шүү дээ” гэж байна. Нэгэнт бохирдсон саванд сүү хийвэл тэр нь бохир саван дахь сүү л болохоос биш...
-Таны хамгийн сүүлд сонссон баяртай мэдээ юу байв?
-Хүүгээ би өнөөдөр нэг багштай уулзуулсан юм. Тэр өрөөнд нь сайн хүүхдийн чанар, муу хүүхдийн чанарыг жагсаасан самбар байж л дээ. Манай хүүд муу хүүхдийн чанараас цөөнгүй байсныг үнэнээр нь багшдаа хэлсэн байна лээ. Энэ л өнөөдөр (өчигдөр) сонссон хамгийн сайхан мэдээ байлаа. Гэхдээ амьдарч буй хором мөч бүхэн минь, амьсгал бүр сайн мэдээ гэдгийг би мэднэ. Нар мандах, солонго татах, салхи, бороо, хүүхдийн харц, ижийн тухай бодол, наминчлал...Энэ бүхэн бүгдээрээ үггүй сайн мэдээ юм шүү.
Тийм ээ, энэ сайн мэдээ. Нэгэнт өнгөрсөн хүний хувьд хүсээд ч олдохгүй хормыг бид ийн ярилцаж өнгөрүүллээ. Энэ ч бас сайн мэдээ, тийм үү?
sain medee.geer shine 7 honog ehellee :)
ReplyDeleteter uneheer amgalan saihan..
Ene tungalgag haraatai bichdeg zaluugaas mongoliin setgvil zvid bi ih zvil harna gej boddogdoo.
ReplyDeleteTegshee minii duu uneheer mundag bnaa. Chamaig 'jinhene setguulch' bolno gedegtei margah hun garahgui biz
ReplyDelete