May 24, 2011

Америкийн еврей хөрөг Ричард Аведон





Түүний үхэл америкчуудын гашуудлын өдөр болсноос үзвэл Ричард Аведон гэх эрхэм зөвхөн гэрэл зургийн ертөнцөд амьдраагүй бололтой. “The New York times сонины 2004 оны аравдугаар сарын 2-ны дугаарт “Түүний загварын болон хөрөг гэрэл зургууд сүүлийн хагас зуунд Америк гоо сайхан, соёлын хамгийн чухаг тусгал байсан юм” хэмээжээ. Орос цагаачийн гэрт еврэйн хатуу хүмүүжил дунд өссөн Ричард Девитт Клинотны ахлах сургуулийг дүүргэмэгц Мерчант Маринэст гэрэл зурагчнаар ажиллаж эхлэв. Энэ бол 1942 оны түүх. Аавынхаа бэлэглэсэн “Rolleiflex аппаратны хэргийг хоёр жил гаргаж, Алексей Бродовичийн гэрэл зургийн дэлгүүрт давхар ажиллах болов.

Алексей дэлхийн загварын алдарт сэтгүүл “Harper’s Bazaar”-ын урлагийн редактор байсан нь Аведонд онцгой завшаан болж, жил хүрэхгүй хугацаанд тэр “Vogue, Life” сэтгүүлийг дамжиж амжсан байна. Гэвч Аведон хожим түүний гэр, орон болсон “Harper’s Bazaar”-ын ахлах гэрэл зурагчин болж, 20 жилийн амьдралаа тэнд зориулжээ. Тэр гэрэл зургийн ертөнцөд ноёрхож асан бүхий л дэг ёсыг зөрчиж, зөвхөн өөрийн дүрмээр ажилладаг байсан нь “Harper’s Bazaar”-ын ерөнхий өнгө төрхөд ч тусгалаа олсон юм. Аведон загварын гэрэл зургаар мэргэшиж, ингэхдээ моделуудын уйтгарт төрхийг эвдэж, сэтгэл хөдлөлөө харамгүй гаргахыг зарлигддаг байв. Хэтэрхий зарчимч, бас дэндүү гэмээр дураар зан нь “Harper’s Bazaar”-ынханд тааламжгүй санагдаж, Аведон буцаад “Vogue”-д иржээ. Энд тэрбээр хөрөг зураг тал руу мэргэшиж, ингэхдээ тухайн үед зөвхөн “Play boy”-оос л харж болох увайгүй секс дүрслэлтэй кадрууд дарж эхлэв. Гэхдээ тэр “Vogue”-ийг эротик сэтгүүл биш гэдгийг мэдэх учир өөрийнх нь хэлдгээр “нүцгэн урлаг”-ийг л бүтээж байсан юм.

Түүний кадрууд тухайн үедээ жинхэнэ тэсрэлт, өөр хэв маягийн илэрхийлэл байсан учраас тэр давхар сурталчилгааны гэрэл зураг дарж эхэлжээ. Мэдээж түүний нэр хүнд “Vogue”, “Harper’s Bazaar гэх мундаг шошгуудтай хамаатай болсон учраас дэлхийн алдартай компаниудын урилгыг л хүлээн авдаг байв. Жанни Версаче, Кэлвин Клэйн нартай тэр нэлээдгүй хугацаанд хамтарсан юм. Энэ зуур “Рэвлон”, “Колгэйт” брэндүүдийн сурталчилгаанд оролцож байсан. Аведоны дураараар зан хэрээс хэтэрч хожим түүний нэртэй хайр сэтгэлийг шижмээр холбон ярих болсон супер модель Брүүкийн зургийг л дарна хэмээн зөрүүдэлж байсан удаатай. Брүүк Шиэлдс тэр үед ердөө 15 настай байв.
Загварын гэрэл зургаар мэргэшсэн Аведон 1967 оноос хөрөг зураг дарах сонирхлоо хөөж, “Beatles”-тэй хамтран ажилласан нь нас хэвийсэн түүнд яг тохирох ажил байжээ. Тэр өөрөө ийн хэлсэн юм шүү. Оддын кадраас залхсан тэрбээр эгэл амьдрал руу өнгийж, мэргэжлийн гэрэл зурагчны замналаар хэсэг хугацаанд амьдарсан. Америкийн хөдөө, тосгонуудаар аялаж, эгэл хүмүүсийн хөрөг зураг дарж, үүнийгээ эмхэтгэн “Баруун Америкт” хэмээх ном хэвлүүлсэн нь гэрэл зургийн ертөнцийн хамгийн чухаг бүтээлүүдийн тоонд хэдийнэ багтжээ. Зарим шүүмжлэгчдийн “XX зууны хөрөг гэрэл зургийн нэвтэрхий толь” хэмээн үнэлсэн дээрх номонд уурхайчид, ковбой эрс, гэрийн эзэгтэй нар буусан нь ахуйн гэрэл зургийн томоохон өнцөг нээсэн тохиолдол байв.
Аведоны хожим дурссанаар тэр загварын ертөнцийн гял цял, тансаг зургуудаасаа илүү “Баруун Америк”-ийн кадруудаа их үнэлдэг. Америкийн томоохон мужуудад хийсэн цуврал үзэсгэлэндээ тэр эдгээр зургуудаа л онцгойлж байсан юм. Удалгүй тэр улс төр, алдартнуудын хөрөг зурагтай нөхөрлөж байгаад 1992 онд “The New Yorker” сэтгүүлд ирж, үйл явдлын гэрэл зургийн кадрууд дарж эхлэв. Энэ салбарт тэр харин төдийлэн онцгой гавьяа байгуулсангүй. Гэвч тэр амьдралынхаа сүүлийн жилүүдэд гэрэл зургийн салбарын бүхий л алдартай шагналуудыг хүртсний дотор Олон улсын гэрэл зурагчдын нийгэмлэгийг 1993 оны тэргүүн шагнал, Дэлхийн гэрэл зурагчдын нийгэмлэгийн 150 жилийн ойн медалиуд чухал байр эзэлнэ.
Загварын хүрээнийхэнтэй ажилладаг байсных, шалиг завхай гэх нэр хочийг зүүж явсан ч түүний амьдралд хоёрхон эмэгтэй байв. Эхнийх нь 1944 онд гэрлэж, таван жил хамт амьдарсан загвар өмсөгч Доркас Ноуэлл, нөгөө нь 1951 оноос хойш хамт амьдарсан Эвелин Франклин. Аведон, Эвелин хоёул 2004 онд, ердөө долоохон сарын зайтай тэнгэрийн оронд оджээ.
<!--[if gte mso 9]> Normal 0 false false false EN-US X-NONE X-NONE

1 comment: