May 25, 2011

“Үхэгсэдийн хөөрөлдөөн”




“Кираго: Миний эзэмшил бол жад болоод чарлах дуун, элсэн цөл, Бурханд мартагдсан хязгаар нутаг, хэнд ч дуулдаагүй ялалтууд байсан юм. Би Барранка Яако хэмээх газар илд агсаж, морь унасан бүлэг хүмүүст алуулсан учраас л хүмүүсийн нандин дурсамж дотор амьдарч байгаа, хойшид ч тэндээ олон жил үлдэх болно...
Росас: Чи ч хөөрүү хүн юм аа. Өөрийн үеийнхний бахдалаас илүүтэй хойч үеийнхний худал магтаал үнэтэй байна гэж үү. Тэр чинь ямар ч үнэгүй. Хэдхэн задгай зоосны л хэмжээнд хүрвэл дээд гэж хоржоонтойгоор өгүүлэв...
-Магадгүй би талийгаач байж зохихгүй хүн байж мэдэх юм. Гэлээ ч надад энэ газар, энэ яриа яг л зүүд шиг санагдаад байна. Гэхдээ энэ бол миний зүүд биш. Өөр хэн нэгэнд, хараахан төрөөгүй байгаа хэн нэгэнд л зүүдлэгдэж байгааа зүүдтэй илүү адилхан юм даа.
Тэдний хөөрөлдөөн үргэлжилсэнгүй, учир нь яг энэ үед Хэн нэгэн тэднийг дуудсан юм...”
Үнэмлэхүй сайн хэзээ ч байдаггүйтэй адил үнэмлэхүй муу ч гэж бас үгүй. Ядаж хүчээр хэн нэгийг нь үзэн ядах шалтгаан өгөөгүй учраас л энэ харилцан яриаг иш татаж балайрах вэ дээ. Үхэгсэдийн хөөрөлдөөнийг амьд ахуйдаа шүүн тунгаах нь утгагүйн адил Борхес бээр ч бас бурханд итгэдэг юм байна даа гэдгийг ойлгох гунигтай юм. Бурхан байлаа ч гэсэн хүнийг өөрөөс нь өөр хэн ч аврахгүй гээгүй бил үү? Хэн нэгэн байхдаа ч яахав. Гэхдээ хамгийн чухал нь энэ биш (миний хувьд), хэнд ч дуулдаагүй ялалтууд... Хэнд ч дуулдаагүй ялалтууд... хэнд ч дуулдаагүй ялалтууд. Нийт даяар шагшин магтаж, үеийн үед дурсан, хөшөө багана босгон хүндэтгэл үзүүлдгээс тэс өөр, цөөн хүмүүс мэдэх, бүр хэнд ч анзаарагдаагүй, бүтээгчээсээ ч нууцгай ялалт бидний дунд бишгүй л байдаг хойно. Нийтийн зүрхийг догдлуулсан ялалтын амтнаас нууцгай, аминч ялалт үнэ цэнэтэй байдаг ч юм билүү, хэн мэдлээ. Гэхдээ бас үнэмлэхүй ялалт байдаг эсэх нь эргэлзээтэй. Ялагдлын амт хэдий чинээ гашуун тусам ялалтын үнэ цэнэ тэр чинээгээр дайвалздаг биш үү?

No comments:

Post a Comment