Aug 2, 2012

Лондонд сонстоогүй уухай



       Би спортын хорхойтон биш л дээ. Гэхдээ өвдөг нь бэртсэн ч өрсөлдөөний талбарт бэлэн зогсох тэр зориг, тэр чадлыг хараад биширлээ. Өөрт огт хамаагүй нэгний амжилтад хөөрч, нулимс дуслуулан зогсох тэр сэтгэлийг хараад уярлаа. Дэвжээн дээр, тэртээ Лондонд сонсогдохгүй ч ялалтын уухай монгол даяар түгэв. Энд Н.Энхбаярыг, тэнд УИХ-ын гишүүдийг хараан зүхэж, Усанбаатарын доголон гудамжаар ус туучин алхдаг минь ял мэт санагдавч ялалтын уухай надад ямар гээчийн диваажинд буйг минь, хэрэв ажвал, анир тавин сонсвол хорвоо чигтээ гайхамшигт учралаар, гоёхон үзэгдлээр  дүүрэн байдгийг мэдрүүллээ.
Өмнөд Суданы марафонч Гуор Мариал Олон улсын олимпийн хорооны туган дор оролцохоор болсон тухай гунигт мэдээг сонссон нь лав. Суданы иргэний дайны үеэр ойр дотнын 28 хүнээ алдсан тэрбээр Өмнөд Суданы нэрийн өмнөөс уралдахгүй гэдгээ мэдэгдэж, эх оронгүй тамирчин хэмээн цоллуулж байна. Тэр ялж ч, ялагдаж ч мэднэ. Гэхдээ эх орон нь түүний төлөө залбирахгүй, хэний ч биш нэгэн байх нь, хэн ч биш байхад үнэ цэн бий болов уу. Ялалт зөвхөн алтан медалийг дагаж ирдэггүй ажээ. Итгэл хүлээх нь, итгэл алдахгүйн төлөө хичээх нь, эцсийн мөчид ч бууж өгөлгүй зүтгэх нь, эцсийн үр дүнг хүлээн зөвшөөрөх нь, өөртөө сэтгэл ханах нь, дутуугаа мэдэх нь, илүүдээ итгэх нь ялалт юм. “Түвшинбаярын өвдөг бэртсэн чинь дагаж доголох дөхлөө”, “Ээж маань монголын тамирчин тоглох бүрт зурагтаа арцаар ариулж байна”, “Түвшинбаярыг барилдахын өмнө эмээ сүү өргөж байсан”... Ийм үг та хэр олныг сонссон бэ. Тийм ээ, та ч бас миний юу мэдрээд, тэрийгээ хараахан үг болгон гаргаж чадахгүй байгааг, энд нэг юм тээглээд байгааг мэдэж байгаа байх, өөрөө ч бас мэдэрсэн байх.
Монгол хүн гэдгийг маань юу мэдрүүлдэг вэ. Ер нь миний дотор байгаа тэр монгол хэзээ гарч ирээд, хэзээ нуугддаг бол оо. Юу тэрийг сэрээж, хөглөж, унтрааж, асаадаг байх вэ. Хэлж мэдэхгүй юм. Гэхдээ миний дотор байгаа тэр “монгол” ассаан. Биеэр жигтэй гүйдэл гүйгээд л, энэ мэдрэмжийг үгээр хэрхэн тайлбарлах билээ. Хэн нэгний өмнөөс догдлох... би хүнээрээ л байгаа юм байна гэж бодов шүү. Өглөө ирж, орой харьдаг нэг хэвийн уйтгартай өдрүүдэд цаг нисэх мэт өнгөрдөг. Нэг л мэдэхэд маргааш, маргаашийн маргааш ч ирчихсэн л байдаг. Гэтэл тэр мөчид, догдлол, айдас, хүлээлт, итгэл зэргэцсэн тэр хугацалд цаг өнгөрч өгөхгүй, магадгүй өнгөрөхгүй байгаад, би эргүүлэгт орчихсон мэт санагдаад... Түвшинбаяр дэвжээн дээр Оросын бөхөд ялагдсаан. Итгэл найдвар бидний сэтгэлд л бүрэлдэж, тэндээс ургадаг учраас урам хугарахгүй. Ялсан ч, ялагдсан ч тэр бидний сэтгэлд ялагч хэвээр л байна.
Лондонд сонстоогүй уухай энд нүргэлж, тэнд хүрээгүй гуниг монгол хүний дотор хурсан. Гэвч тэр биднийг, бид түүнийг мэдэрсэн тэр агшин мандтугай.



2 comments:

  1. Mandtugai mandtugai... Yostoi ogshchihloo. Setgel neg baih gedeg ene dee...

    ReplyDelete
  2. Санал нэг байна аа, залуу минь. Тэр бол бидний баатар.

    ReplyDelete