Aug 9, 2012

Түгжрэл



Замын түгжрэлд цухалдаж гүйцээд, хүн биш хурууны хээг тань мэдрэх автомат машинд ахиад л цагаа бүртгүүлж амжсангүй юу, Та. Шинэхэн өглөөг даргынхаа ууртай харц, ээлжит сануулга, цалингаас тань тав, арван цаас хороох “ял”-ын тогтоол хүртчихээд цухалдаж сууна уу. “Замын түгжрэлээс болж цагтаа ирж чадахгүй байгаа бол эрт бос! гэж цаадуул чинь хэлж байгаа биз. Техник, технологи хурдацтай хөгжиж буйн харгайгаар компанийн захирлууд ажилчдаасаа робот шиг ажиллахыг шаардах болов оо.
Шиврээ бороонд ч живчих дөхдөг нийслэлийн чанаргүй замууд, үдэш амарч хэвтээд, өдрийн ид ачаалалтай зэрэгцэн тоос манаргаж зогсдог зам засварынхан, энэ бүхнийг зохицуулж суугаа эрх мэдэлтнүүдийн буруугаас болж унтах цагаа хумслах нь шударга хэрэг бишсэн. Мөнөөх л түгжрэлээс үүдэн үдэш гэртээ хариад, Лондоны олимпийн уухайг мэдрэлгүй нам унтах нь заавал үүрэх ёстой “ял” биш байлтай. Гэвч замын түгжрэлээс боллоо гээд шинэ зууны завгүй хэмнэл биднийг хайхрахгүй нь хайран.  Нэг минутад дэлхий дээр 258 шинэ хүн мэндэлж, 56600 баррель газрын тос олборлож, “Google.com” цахим хуудсаар хоёр сая хайлт хийн, 204 сая и-мэйл илгээж, 100 мянган удаа “жиргэж”, “Нокиа” 780 ширхэг гар утас үйлдвэрлэж, “Фэйсбүүк”-т 92000 статус бичиж, Билл Гэйтс 15000 ам.доллар олж амждаг ажээ. Хором түгжрэх нь, унтаж хоцрох нь хувь хүний, улмаар улс орны хөгжлийг хэрхэн хойш татах вэ гэдгийн хариу нь энэ.
Туйлын муу үр дагавар гэж хаа байхав, түгжрэх зуураа найзуудтайгаа хуучилж, ном уншиж, замын хажуугаар дугуйтай сүнгэнэж, зарим нь явган алхаж, таргалалттай тэмцээд л ачаалалтай ажлын дундуурх “хориотой” бүхнийг гүйцэлдүүлж амжина. За яахав, өвөлдөө Утаанбаатар, өдөртөө Удаанбаатар, зундаа Усанбаатар болж, урдах тодотголуудаа солбиж байдаг нийслэл маань хурдан хөгжөөсэй, чанартай зам барьж, дахин бүү “живээсэй” гэж залбираад гүйж л байя. 
Мартсанаас, маргааш өглөө хамтдаа гүйх үү, хө?

No comments:

Post a Comment