Аяндаа
мэнд л явсан уу даа, нутгийн салхи сураггүй ээ
Ар
л нутагтаа сууна уу даа, хэзээ л ирхийн бол доо хө...
Ар, Өвөр Монголын газар нутаг, хүн амыг нийлүүлж үзвэл... |
Эргээд бодоход энгийн л нэг мөрүүдэд эгээ
бидний түүх бүрэн бүтнээрээ багтсан мэт санагдана. Өөрийнх нь утсан дээрх олон
зуун дуунуудаасаа Тэнэгэр надад энийг онцолж сонсгов. Өвгөн болсон аав нь дуулж
суугаа бичлэгээс энэ л мөрүүд л зүрхэнд үлджээ. Тунирхал ч үгүй, нулимс ч үгүй
дуулах нь... цагийн цааз гэгч үл дийлдэх хүчний нөлөө байлгүй.
Дэлхийн түүх гэдэг дайны л түүх байдаг.
Эзэлж эзлэгдэх, салж нийлэхийн орчилд элэг холдох, эргэж хэзээ ч нийлэхгүйгээр
одох, эс бөгөөс газрын хөрснөөс бүрмөсөн арчигдсан эх адаггүй түүхийн нугачаанд
эцэс төгсгөл гэж байх биш. Хоёр Солонгос өөр хоорондоо хүйтэн зэвсэг агсаж
хүнийрхэж байхад, хоёр Судан салан тусгаарлахыг илүүд үзээд, хүсэл ёсоор нь болж
хөөрцөглөж суухад, хорвоогийн бөөрөнд хөрс нь нийлсэн ч, хилийн зураасаар хоёр
талд хуваагдсан хоёр Монгол хэл ч үгүй, тэмцэл ч үгүй чимээгүйхэн дүнсийх юм.
Дээр хөхрөх тэнгэрт, дотор цохилох зүрхэнд, элэг санах сэтгэлд л хил байдаггүй
нь яамай.
Хэлж болохгүй үг гэж байдаг. Хэдий иймийн учрыг
мэдэх байтал хэлэхгүй бол болохгүй үе ч гэж бас бийсэн. Тэнд байхдаа сонссон
дуу бүрийг эргээд бодоход тэсэлгүй тэд дуундаа л үгээ шингээдэг юм уу даа гэж
бодов.
Өндөр
өндөр уулан дээр гарвал эзэн хаанаа санана
Яагаад
саналаа гэвэл, эзэлж явснаа санана...
Хувь тохиол ч юм шиг, бас хувь тавилангийн
эз ч юм шиг, Тэнэгэрийн нутаг болох Баруун Сүнэд Ар Монголтой хил залгаа
байдаг. Монголын үнэртэй салхи гэдэг дууны үг мэт тэднхийн хүмүүс энэ нутагт
суудагтаа таатай. “Намайг багад ийм явдал болж билээ. Нутгийн ах маань
эхнэртэйгээ муудалцсандаа бачуураад бага зэрэг гашуун юм амсаад хойшоо чиглээд
алхчихаж. Тэгсэн өөрөө ч мэдэлгүй Монголын хил даваад, цэргүүдэд баригдан хоёр
сар хэртэй шоронд суусан юм. Манай радиогоор мал хуй л хил давсан гэж
сонсогддог болохоос биш хүн гараад явчихсан гэж ёстой дуулддаггүй байсан үе
болохоор манайхан гаднаа шоолон тохуурхаж байсан боловч дотроо атаархаж байсан
ч байж магадгүй. Тэр жил, 1980-аад оны дундуур танай нутагт нэг их зуд болоод,
баахан зээр манай нутаг руу ороод ирдэг юм байна. Амьтад хэл, хил гэж мэдэхгүй
болохоор Монголын нутагтаа ороод ирлээ гээд аав маань бэлгэшээж байсан юм.
Тэгтэл манайхан учиргүй хядаад дуусгадаг байгаа. Би бага жаахан байсан учраас
уйлаад л байснаа санадаг юм” гэж Тэнэгэр хууч дэлгэлээ. Тэгснээ, “Ганцхан
алхам”... гээд тэр санаа алдав. Ганцхан алхам. Зээр хүртэл хэл үггүй даваад
гарчихаж болдог тэр хэцийг Тэнэгэр хэрэв давбал шоронд суухаа мэднэ. Уудам
дэлхийд түүнд гишгэх газар мундахгүй ч хүсэлд нь хөтөлж, хүлээсээс нь салгах
тэр алхмыг хууль, хил хоёр зааглаж байдаг нь тоогүй.
Урьд уул, ус нь тэгширсэн сайхан нутаг
байсан Өвөрмонголын талд одоо өндөр өндөр барилгууд өөр өөрөөсөө өрсөн
сүндэрлэж, энэ газар урьд Монголын нутаг байсан гэдгийг балтлах бүхэн утсаар л
байна. Бага сургуулиудад нь дөрөвдүгээр анги хүртэл босоо монгол бичиг заадаг
байсан нь байж, цөм хятад хэл дээр байх болсон гэнэ. Тийм болохоор бага
хүүхдүүд эх хэлээрээ ярих нь багасаж, хятад монголоо хольж хэрэглэх болсны
жишээг хаа сайгүй л харсан билээ. Бидний үеийн залуусынх нь зарим яриаг
ойлгоход бэрх байсан нь ч үүнтэй холбоотой. Удахгүй түүхийн номон дээр нь
байдаг Монголын талаар хоёрхон хуудас мэдээллээс өөр юм үлдэхгүй юм биш биз
гэсэн харуусал төрснийг нуух юун. Гэсэн ч цаг хугацаа биднийг дөрвөн зуун жил
заагласан ч гэлээ том нуурын жижиг загас болсон цөөхөн хэдэн өвөрмонголчууд эх
түүхээ санагалзах юм бүхнийг үлдээх гэж их л чармайж буйг үгүйсгэх аргагүй. Энд
төрийн байгууллагаас эхлээд дунд сургуулийн хичээлийн эрхлэгч нь хүртэл хятад
хүн байдаг. Толгой албан тушаалд өвөрмонгол хүн суулгах нь нүдний гэм. Тийм
байтал өнөө хэр Чингис хааны тайлга, тахилгыг алдалгүй хийж, туурга тусгаар бид
хүртэл бусдын соёлд уусаж байхад дөрвөн зуун жил Хятадын элгэнд амьдарсан тэд
босоо монгол бичгээ хэрэглэсээр ямартай ч шинэ мянганы босго давсан нь чухал
юм. Харин цааш хэрхэхийг бид ч, тэд ч тааж мэдэж чадахгүй.
Найрлаж
суугаад салсан найзаа битгий мартаарай
Насан
багадаа хагацсан намайгаа битгий мартаарай...
Тэд урьд өөрийн, одоо бол хүнийх болсон
нутагтаа юуг ч юм хүлээж л суудаг. Хэдэн зуунаар элсэн сунайсан урт цаг хугацаа
тэднийг хатуужуулсан болохоор хүлээж суухдаа түвдэггүй, хариу нь ирэх хүртэл
яарахгүй. Ирэхгүй байсандаа ч гэмгүй ч, ядаж л хүлээж суугаа нь сэтгэлийг нь
цатгадаг болохоор тэр. Нэр усаа дурьдалгүй, бас зориг гаргаж хийсэн мөнөөх
өвөрмонгол залуугийн мэдэгдэлд (өмнөх дугаарт бүрэн эхээр нь оруулсан) “Өчигдрийн өвөрмонголчуудын үзсэн туулсан зовлон
өнөөдөр Монгол Улсыг дайрч болохгүй. Монгол хүний гал голомт эрүүл оршиж,
монгол хүний мэлмий ухаан саруул цэлмэг байх болтугай” гэсэн өгүүлбэр байсныг
та санаж байгаа биз ээ. Өнөө тэдний туулж буй зовлонгоор бид даажин хийх
эрхгүй, өмнө зүгт элгэн садан маань байгааг мартаж бүр ч болохгүй. Өвөрмонголчуудын
хэл яриаг дооглон тохуу хийж, өөр хоорондоо бид шоглоом болгодог нь нууц биш.
Яг л тэр залуугийн хэлсэн шиг Монголын үндэстэн ястнууд өөр өөрсдийн соёл,
аялга дуудлагаараа монгол хэмээх агуу соёлыг чимэн оршиж буй энэ шүү дээ.
Эндээс гарахад урт ч юм шиг санагдаж
байсан өдөр хоногууд нүд ирмэхийн зуур улирч, эргээд эх орон руугаа буцах
хугацаа ч болов. Тэнэгэр энэ өдөр ажлаа орхиж, намайг суулгаж өгнө гэсээр нисэх
онгоцны буудал руу хамтдаа явлаа. “Чи энд ахиж ирнэ үү” гэж асуухад нь “Тэгнэ
ээ” гэж ам өглөө. “Дараа ирэхэд чинь
чамайг Сүнэд нутгаараа дагуулж явна аа. Харин чи намайг хэзээ нэгэн цагт
Монголд очвол хөдөө нутгаар хэрэг гарган дагуулж явна шүү”. Хэзээ нэгэн
цагт... Хэзээ нэгэн цагт бид дахиад уулзана, харин тэгэхэд бүр олуулаа байвал, бүх
монгол нэгдэж, бүрэн мэнд болбол сайхан аа. Нэг алхмын зай, нэг л алхам...
Аяндаа
мэнд л явсан уу даа, нутгийн салхи сураггүй ээ
Ар
л нутагтаа сууна уу даа, хэзээ л ирхийн бол доо хө...(Өвөрмонгол
ардын дууны хэсгээс...)
Энэ
сурвалжлагыг бичихэд тусалсан хүмүүст чин сэтгэлийн гүнээс талархаж буйгаа
илэрхийлье. Тэндхийн өвөрмонголчуудтай холбож өгсөн Өвөрмонголын их сургуулийн
оюутнууд болон өөрсдийн амьдралын тухай үнэн төрхийг, үзэл бодлоо цааргалалгүй
илэрхийлж, цаг гаргаж байсан ярилцагчиддаа баярлалаа. Тэр дундаа хэдий хожим
ямар нэгэн эрсдэл үүсэж магадгүй гэдгийг бидний хэн хэн маань мэдэж байсан ч
сэтгэлийн үгээ нээхээс эмээгээгүй, сурвалжлагын турш хамт байж тусалж, дэмжиж
байсан Тэнэгэр танд талархаж буйгаа хэлье. Салхи биднийг хөтөлж байдаг болохоор
удахгүй энд мэнд уулзаж, чиний мөрөөддөг, чиний төсөөлдөг, чиний зүрх хамт
байдаг Монгол эх орноор хамтдаа аялаж, элгэн садантайгаа уулзах өдөр удахгүй
гэдэгт итгэнэм.
No comments:
Post a Comment