May 10, 2013

Луугийн атган дахь цаасан шувуу: Чингис хааны тайлгад оролцсон нь


Өвөрмонголын их сургуулийн багш Мөчирийн албан тасалгаанд Чингис хааны зурагтай 2006 оны хуанли байв. Их Монгол улс байгуулагдсаны 800 жилийн ойг энд нижгэр тэмдэглээгүй ч, үлдэж хоцорсон эд нь энэ. Хуанлийн тоо өөрчлөгдсөн ч утга санаа нь бол хэвээр гэдгийг илтгэж байгаа юм аа гэж тайлбарласан. Эндхийн бусад өвөрмонгол хүний нэгэн адилаар тэр үгэндээ их харам. Харин удахгүй Ордост байдаг Чингис хааны онгонд Эзэн хааны тайлга тахилга болно, тийшээ очоод үзээрэй гэж зөвлөсөн. Ер нь тэнд таарсан өвөрмонгол хүмүүс болзоот энэ өдрийн тухай л яриад байсан нь сонирхол татаж, Тэнэгэрийг дагаад Ордос хот руу зам шулуудлаа.
 Ордост Их эзэн Чингис хааны тайлгыг жилд дөрвөн удаа хийдгийн нэг болох Цагаан сүргийн тайлга гээчийг хаврын сүүл сард хийдэг бөгөөд 99 цагаан гүүний сүүгээр цацал өргөдөг уламжлалтай аж. Уг тайлгад бэлтгэх гэж ёс төгөлдөр юм болдог бөгөөд урьд Цагаан сүргийн тайлга сар гаруй үргэлжилдэг байсан тухай мэдээ ч бий. Тайлга 09.00 цагт болно гэсэн учраас бид яг цагтаа очтол тэнд хэн ч байсангүй. Ганц нэгхэн жуулчин холхиж байхаас биш, тэрх үү том цогцолбор бүхэлдээ эзэнгүй шахам байсанд гайхаж, хүнээс учрыг асуутал мөнөөх тайлга Чингис хааны “жинхэнэ” онгонд болж байгаа, та буруу газар иржээ гэв. Энд хоорондоо км хүрэхгүй газар хоёр ч том цогцолбор байдаг багаад Чингисийн хуурамч ба жинхэнэ онгон гэж тайлбарласан нь жигтэй санагдлаа. Цагаасаа нэгэнт хоцорсон бид яаран “жинхэнэ” онгон руу очиход өвөрмонголчууд бүгд энд нүүгээд ирчихэв үү гэлтэй шороон түмэн хүн цугласан байхыг олж үзэв. Чингис хааны онгон байрладаг гэх ордны үүдэнд хүмүүс хоёр тал болон гудамлан зогссон байх бөгөөд зарим нь алгаа дээш харуулан, өвдөг бохирон сууцгаажээ. Тэдний дунд хятад хүмүүс ч байсан бөгөөд “Манайд Чингис хаантай холбоотой арга хэмжээ бүрд хятад хүмүүс мэр сэр явдаг юм. Тагнуул хийдэг юм байлгүй” гэж Тэнэгэр надад ярив.

Цагаан сүргийн тайлга бол эсгий туургатны хамгийн том найр, наадам гэдгийг Өвөрмонголын их сургуулийн Монгол судлалын сургуулийн нэрээ нууцлахыг хүссэн багш хэлсэн. Чингис хаан 50 насны хутгийн баяраар бага зэрэг чилээрхээд хоёр сар гаруй болж сайн эдгэсэнд наян нэгэн хоногийн муу ёр төгсөв хэмээн буман сүргийн бат зэлээ татаж, 99 цагаан гүүний сүүгээр дээд 99 тэнгэрт сацал өргөж, хурмаст тэнгэрийн онгон хүлэг, өндгөн цагаан морио тасамдаж мялааснаас үүдэж, жил бүрийн хавар ийм ёслол хийдэг болсон юм байна. Ер нь Өвөрмонголын ихэнх нутагт мал аж ахуй эрхлэх нь багасаж, хөдөөгийн хүмүүс нь хот суурин газар бараадах болсноор 99 цагаан гүүний сүү олох л бэрх асуудал байдгаас биш бусдаар энэ найр наадам уламжлалт хэв шинжээ ер алдаагүй гэнэ.
Тэгж байтал монгол баатар эрийн өмсгөл агссан эр “Чингис хааны цагаан сүргийн тайлга” гэж хятад, босоо монголоор бичсэн дарцаг барьж, араас нь чанасан ууц бүхий цар өргөсөн хүмүүс мөнөөх ордон руу явж орлоо. Дотор зураг авч болохгүй хэмээж камер сэлтийг маань хурааж авав. Нууцаар зураг авах завшаан гарч юун магад гээд гар утсаа сэм халааслаад явж орлоо. Туяа гэж өөрийгөө танилцуулсан тайлбарлагч бүсгүй энэ өдөр их л завгүй яваа харагдана. Арваас илүүгүй хүнтэй бүлэг аялагчдыг дагуулан тайлбарлахдаа хүн тус бүрээс 50 юань аваад үнэн, эсвэл зохиомол нь үл мэдэгдэх түүхийг урсгаж гарна. Чингис хааны эдэлж, хэрэглэж байсан зүйлс гэж дуулга, аяга сэлтийг заахад нь тэр өөрөө ярьж буйдаа зүйлдээ итгэдэг болов уу гэж бодов. Ордны төвд Чингис хааны алтадсан баримал байх бөгөөд үүгээр орсон хүн бүр сөхөрч мөргөөд, хүж асаагаад явах ёстой гэж тэр хэллээ. Хятад, монгол гэлтгүй хүн бүр л хүж асаагаад цааш явах.
Танхимын ханыг Чингисийн байлдан дагуулалтыг харуулсан зургаар чимсэн байх бөгөөд зарим нь их л хятаджуу төрхтэй харагдсан нь хаана байгааг минь дахин нэг сануулсан. Чингис хааны онгон Өвөрмонголд байдагт манайхны ихэнх нь дургүйлхдэг нь нууц биш билээ. Бидний ойлгодгоор онгон гэдэг нь хүнийг нутагшуулсан газар гэсэн утга заана. Харин тайлбарлагч бүсгүй хэлэхдээ “Чингис хаан аян дайнаа үргэлжлүүлж явах зуураа энэ газар ирээд нас барсан хойно намайг энд нутагшуулаарай гэж байсан тухай түүхэнд бичсэн байдаг. Дараа дахин Ордост ирэхэд нь ташуур нь уначихсанд “Тэнгэрийн таалал буюу. Намайг энд үлд гэлээ” гэж хэлжээ. Тийм учраас өвөрмонгол ард маань энэ газрыг Чингис хааны сүнс нь оршсон газар гэсний учиртай” гэлээ. Онгон нь бус сүнс нь хоргодсон газар болж таарлаа. Ер нь хятад хүмүүс үгээр тоглохдоо гаргууд гэдгийг бараа, бүтээгдэхүүн сэлтээс нь ч бид бэлхнээ мэдэх билээ.
1930-аад оны үед Хятадын газар нутгийн ихэнх нь япон цэргүүдэд эзлэгдэх үед Чингисийн онгон эвдэрч, сүйдэхдээ тулсан тухай Тэнэгэр надад ярьсан бөгөөд хожим Хэрээд Шаралдай гэж өвөрмонгол эрдэмтний бичсэн “Чингис хааны онгон шүтээний тайлга, тахилга” номноос бүрэн түүхийг нь олж авлаа. Тэрхүү номд бичсэнээр Японы цэргүүд тэр үед Эзэн шүтээнийг авч явъя гэсэнд дархдууд эрс эсэргүүцэж, дайн самуун дуустал Хятадын умард хэсэгт түр шилжүүлсэн түүх байдаг аж. Энэ бүхэнд Хятадын Засгийн газар ихээхэн дэмжлэг үзүүлсэн бөгөөд тухайн үед гаргасан тушаалд нь “Эзэн шүтээнийг хаана аваачсан ч зохих тооны сахиж хамгаалах дархад хүмүүс дагалдан явна. Үүнийг огт хориглож болохгүй. Шүтээн хаана ч очсон тайлга тахилгыг осолдолгүй хийлгэж, аливаа зардлыг Засгийн газраас ханган олгох хэрэгтэй. Нүүлгэж шилжүүлэхдээ монгол зан заншлаар бэлэг ёсыг бүр гүйцээж, зам тутам олон монголчуудын тайж тахих, мөргөх шүтэхийг харгалзаж, хүндэтгэх ёстой” гэж бичсэн байв. Энэхүү нүүлгэх явцыг нүдээр харсан хүмүүсийн бичсэнийг тухайн үеийн “Аянчин” сэтгүүлд бичихдээ Чингис хааны онгон шүтээнийг олон монголчуудын нулимсан далай дундуур Эзэн хороон дахь ариун голомтоос нь салган авч явсан билээ” гэжээ. Одоо бол энэ газар жуулчдын болон өвөрмонгол хүмүүсийн бөөнөөрөө цугладаг нэг газар болсны дээр жилдээ дөрвөн сая гаруй хүн ирдэг гэж Туяа маань хэлэв.
Энд монгол хүмүүсийг үнэгүй, харин хятад болон гадаадын жуулчдыг 100 юанийн тасалбар олгож, оруулдаг юм байна. Очсон даруйд өвөрмонгол хүн бүрийн зааж, хэлээд байсан мөнөөх Чингис хааны цагаан сүргийн тайлга нь 99 цагаан гүүний сүүг тэнгэрт өргөж, ордны өмнө зэхсэн овоог гурвантаа тойрсноор өндөрлөв. Сүүлд бодоход энэ ёслол нь олон аймаг монголчуудыг нэг дор цуглуулахад үнэ цэн нь оршдог бололтой. “Энд ирсэн ар монгол хүмүүс их сонин хачин юм асуудаг. Гэтэл бид салан одохоос урьд энэ газар Монгол гүрний л нэг хэсэг байсан шүү дээ. Юунд хүрэн бөөртэй мэт загнацгаадгийн учрыг би ойлгож дийлдэггүй” гэж Туяа хэлсэн. Тэр энд таван жил ажиллаж байгаа бөгөөд өвөрмонголчууд голцуу ирдэг энэ газарт ажилладгаа бэлгэ ерөөл гэж боддог юм билээ. Өвөрмонголд Чингисийн онгоноос гадна Хөх хотод Чингис хааны нэрэмжит авто зам, мөн “Чингисийн сүм” гэх газрууд бий. Чингисийн сүм хэмээсэн тэрхүү газар биднийг очиход түр засвартай байсан бөгөөд монгол гэрийг дуурайлгасан бөөрөнхий барилгыг бүхэлд нь Чингис хааны хэлсэн үгсийг босоо монгол бичгээр таталган сийлж чимжээ. Тэрх үү бичгүүдийн дунд “Эвдрэх учирт нь эвийн зүйг эр, алалдах дайсан дор арга мэхийг хэрэглэ” гэсэн үг байв.
Үргэлжлэл бий

1 comment:

  1. Цуврал өгүүллүүд, аян замын тэмдэглэл чинь тун их сонирхол татаж байна. Баярлалаа

    ReplyDelete