Тавдугаар
сарын 15-ны үдэш бусад бүхий л ёслолын арга хэмжээний нэгэн адилаар улаан
хивсэн дээгүүр алдартай жүжигчид, кино найруулагчид алхан орсноор 66 дахь
удаагийн Каннын кино наадам албан ёсоор эхэлнэ. Ёслолын тайзны голд албан ёсны
постерийг харуулах бөгөөд тэнд нь Пол Ньюмен, Жоанн Вудворд нарын гол дүрд нь
тоглосон “Шинэ маягийн хайр” (1963) киноны зурагт хуудсыг дүрсэлсэн байгаа. Өөд, уруугаа харан үнсэлцэж буй
хосын эл зургаар постерийг чимсэн шалтгаан нь
2008 онд нас барсан Оскар болон Каннын кино наадмын шагналт жүжигчин Пол
Ньюмений дурсгалыг хүндэтгэж буй хэрэг гэдгийг тайлбарлах юм. Танхимд хүмүүс
цуглармагц хөшиг нээгдэн, “Amelie” киногоор танил болсон Францын жүжигчин Одри Тоту баяр ёслолын байдалтайгаар
гарч ирээд, цугласан хүмүүст мэнд мэдэхийн сацуу багахан илтгэл тавих болно. Үгээ
хэлж дуусмагцаа 66 дахь удаагийн Каннын кино наадмын шүүгчдийн бүрэлдэхүүнийг
танилцуулна. Тэр дундаас нэг хүнийг онцгойлон танилцуулах учиртай бөгөөд
түүнийг хэчнээн агуу найруулагч, уран бүтээлч, суут хүн болох тухайд хэдэн үг
хэлнэ. Тэр бол Стивен Спилберг.
Өдгөө
66 настай энэ эр 1974 онд “Sugarland express” киногоор Каннын өндөр босгыг алхаж, 1982 онд “E.T” бүтээлээрээ шилдэг эх зохиолын шагнал
гардсаны сацуу 11 удаа Оскарт нэр дэвшиж, “Шиндлерийн бүртгэл” (1993), “Цэрэг Райныг аварсан нь” (1998) бүтээлээрээ шилдэг найруулагч болсон
бахдам түүхээс цухас дурдана. Мөн түүний сор болсон бүтээлүүд болох “Индиан
Жонес”, цуврал, “Нил ягаан өнгө”, “Шиндлерийн бүртгэл”, “Юрий галавын
цэцэрлэг”, “Хиймэл оюун ухаан”, “Чадвал намайг бариарай”, “Дайны морь”,
“Тинтиний адал явдал” зэргийн зураглалаас товчхон харуулна. “Каннд олон орны
киног танилцуулдаг болохоор найруулагчийн хувьд оюун бодлоо тэлэх, өөр орны
соёлоос суралцах завшаан болдог” гэж хэлсэн үгнээс ч бас ишлэх магадлалтай.
Шүүгчдийн бүрэлдэхүүнийг танилцуулсны дараа нэгэн онцгой зар түгээхээр зэхнэ.
Энэтхэг улс энэ удаагийн наадмын онцгой зочин улсаар сонгогдож буйг зарлах
бөгөөд урьд Египт, Бразил хоёр л ийм статустайгаар оролцож байсныг зарлана.
Каннын кино наадмыг угтан кино урлагийн зуу гаруй жилийн түүхт энэ оронд олон
арга хэмжээ зохион байгуулсан тухайгаа болон энэ наадамд оролцох нь хэчнээн их
нэр хүндтэй, эрхэм хэрэг болох тухай Энэтхэгийн Соёлын сайд үг хэлэх юм.
66
дахь удаагийн Каннын кино наадмын нээлт, хаалтын киноны нэрс хэдийнэ тодорхой
болсон учраас энд бичиж болохоор байна. Одри Тоту дахин гарч ирж, Австралий
найруулагч Баз Лурманнын “Гайхамшигт Гэтсби” киногоор Каннын кино наадам өндөр
хөшгөө нээж буйг зарлах учиртай. Скотт Фицжеральдын ижил нэртэй зохиолоос (1925)
сэдэвлэн бүтээсэн романтик жанрын 3D
эл бүтээлийн гол дүрд тоглосон
Леонардо Ди Каприо, Кэри Маллиган нар энэ үед Гранд театрт олна алга ташилтад
бялууран сууцгаана. Леонардо 2007 онд “The 11th Hour” киногоо танилцуулах гэж Каннд ирснээс
хойш анх удаагаа энэ ёслолд оролцож буйгаа ярих тун магадтай ба найруулагч нь
болох Баз Лурманн Каннын кино наадмыг нээж буй хоёр дахь 3D бүтээл болж байгаа тухай өгүүлэх нь
гарцаагүй. 2009 онд Пите Доктерийн “UP” 3D бүтээл Канныг нээж
байсан түүхийг энэ үед хүмүүс дахин санагалзах юм.
Нэгэнт
нээлтийн киног хэлснээс хойш хаалтын киног бас зарлана. Тэр нь Францын
найруулагч Жером Саллийн “Zulu” нэртэй кино байх бөгөөд тавдугаар сарын 26-нд олонд толилуулна. ӨАБНУ-ын
нийслэлд зураг авалтыг хийсэн энэ кинонд Орландо Блүүм, Форест Витакер нар
тоглосон бөгөөд Ф.Витакер 1988 онд Клинт Иствудын “Bird” киноны дүрээр Каннын шилдэг эрэгтэй жүжигчин
болсон тухай дурсахаас өөр аргагүй.
Дундуур болох үйл явдлаас заримыг дэлгэвэл
богино хэмжээний киноны төрөлд оролцох бүтээлүүдийн нэрс хэдийнэ гарчихсан
байгаа. Энэ жил 132 оны 3500 гаруй богино хэмжээний бүтээл хүлээж авснаас есөн
кино шилдгийн төлөө өрсөлдөхөөр болсныг олонд танилцуулна. Үүнд Ираны “Bishtar
az do Saat”, Палестиний “Condom
lead”, Исланд, Данийн уран
бүтээлчдийн хамтын бүтээл болох “Whale valley”, Японы “Inseki to impotence”, Бельгийн “Mont Blanc”,
Польшийн “Olena”, Францын “Ophelia”, БНСУ-ын “Safe”,
Францын “37’4 S” гэсэн бүтээл
багтсан бөгөөд цөмийг нь театрт үзүүлэх юм. Энэ төрөлд анх удаа Палестин кино
өрсөлдөж байгаа нь хэчнээн чухал, онцлогтой болох талаар бас хэдэн үг хэлнэ.
Одоо
бидэнд мэдэгдэж буйгаар ирэх тавдугаар сарын 15-26-ны хооронд нэг иймэрхүү үйл
явдал болж өнгөрөх төлөвтэй байна.
66 дахь удаагийн Каннын кино наадамд өрсөлдөх
кинонуудын нэрс.
“Venus in Fur” – Роман Поланский (Франц)
“Inside Llewyn Davis” – Ах, дүү Коэн (АНУ)
“Borgman” – Алекс Ван Уордермен (Голланд)
“The Great Beauty” – Паоло Соррентино (Итали, Франц)
“Behind the Candelabra” – Стивен Содерберг (АНУ)
“Nebraska” – Александр Пэйне (АНУ)
“Jeune and Jolie” – Франсуа Озон (Франц)
“La Vie d’Adele” – Абдельлатифом Кешиче (Франц)
“Wara no Tate” – Такаши Мийке (Япон)
“Like father, like son” – Хироказү Корида (Япон)
“Tian Zhu Ding” – Зя Жанкэ (БНХАУ)
“Grisgris” –
Махамат Салэ Хароун (Чад)
“The Immigrant” – Жэймс Грей (АНУ)
“Heli” – Амат Эскаланте (Мексик)
“The Past” – Ашхар Фаради (Франц)
“Jimmy P.”- Арно Деплешан (Франц)
“Michael Kohlhaas”- Арно де Паллирес (Франц, Герман)
“Un Chateau en Italie”- Валери Бруни Тедески (Франц)
No comments:
Post a Comment