“Kush
& Oyuka” жазз хамтлагийн “Say it now”
цомгийн нээлт, мөн цомгийн нэрээр нэрлэгдсэн тоглолт ирэх сарын 8, 9-нд “iLoft”-д
болох гэж байна. Бид урлаг буландаа тэднийг урьж ярилцсанаа уншигч танд толилуулж
байна.
-“Say it now” хэмээн нэрлэгдсэн цомог тань хэвлэлтэд
явж, удахгүй цомгийн баяр, тоглолтоо хийх гэж байна. Энэ бүхнийг чухам хэнд,
юунд зориулсан бэ?
Куш: -Хөгжимд зориулсан.
Мөн хөгжимд хайртай хүмүүст болон өөрсөддөө зориулсан юм аа. Залуу насыг би
алдаа гаргах нас гэж боддог. Бидний анхны цомог магадгүй хүмүүст таалагдахгүй ч
байж болно. Гэвч хүнээс заавал нэг юм үлдэж хоцрох ёстой байдаг. Дуучнаас дуу
үлдэнэ, хөгжимчнөөс хөгжим үлдэнэ... Энэ цаг үед уран бүтээлээ хийж байгаагийн
хувьд юм үлдээхийг хүссэн. Тэр нь хэн нэгэнд гэхээсээ илүү өөрсөддөө хожим
дуурсагдах зүйл бүтээж байгаа хэрэг.
Оюука: -Уран бүтээлээ
бид өөрөө өөртөө баяр хөөр авах гэж хийдэг. Бас ямар нэгэн цэгт хүрнэ гэсэн
зорилго өөдөө тэмүүлж амьдардаг. Бид нэг хамтлаг болсноосоо хойш за ямар ч
байсан цомог гаргах хэрэгтэй, гэхдээ тэр нь чанартай, сайн байх ёстой гэж
хүссэнээс өнөөдөр энэ бүхэн бүтлээ.
-Хүсэл, зорилгоос тань үүдэж бүтсэн энэ цомгоо гаргах гэж та хоёр хэр их
хөдөлмөрлөв. Энэ цомог ямар үнэ цэнээр бий болоод, өнөөдөр үзэгчдийн гарт хүрэх
гэж байна вэ?
-Оюука: Яг цомог
гаргая гэж зорьсноос хойш хоёр жил өнгөрсөн байна. Сургуулиас сурсан мэдлэг
болон хамтлаг болсноос хойших туршлага энд шингэсэн. Анхын цомог маань гарч
байгаа учраас концерт хийх ёстой гэж бодсон. Гэхдээ үүнийг зөвхөн баяр хөөр
гэхээсээ илүү “Бид өнөөдрийг хүртэл ингэж хөдөлмөрлөж, ийм цомог гаргалаа.
Үүнийг та юу гэж үнэлэх вэ” гэсэн асуултын хариуг авах гэж хүсэж байна.
Үзэгчийн, сонсогчийн үнэлэлт дүгнэлт бидний цаашдын замд тус, нэмэр болох юм.
Куш: -Уран бүтээл
гэдэг нэг талаар үзэл санааны зэвсэг. Энэ маань сонсож байгаа хүнтэй ямар нэг
сэжимээр холбогдож чадвал бидний зорилго биелжээ гэж үзнэ. Анхны цомог маань
болохоор бид үүндээ их хайртай байгаа.
-Монголын жазз хөгжмийн ертөнц яг урсгалынхаа ньюнс шиг хөгжүүн, дэврүүн
биш байна. Уран бүтээлчдийн хувьд зах зээлээ ер нь юу гэж хардаг вэ. Эзэнгүй,
хоосон шахам талбар байгаа нь сайн хэрэг үү, эсвэл хөл хөдөлгөөнгүй байгаа нь сонирхолгүй
хэрэг үү?
Оюука: “Монголын жазз
ертөнцөд өнөөдөр хэн ч алга. Бидэнд боломж гараад ирлээ шүү” гэж бодож
байгаагүй. Бодох нь байтугай, харин ч хийх гэж буй зүйлээсээ эмээж байсан, одоо
ч мөн тэрийг мэдэрч байна. Өнөөдөр монголчууд маш сайн мэдээлэлтэй болж, хөгжим
их сонсож байгаа. Энэ зах зээлд уран бүтээлчид нь эзэнгүй байлаа гэж бодоход
тэрхүү маш сайн мэдлэг, мэдээлэлтэй сонсогчид биднийг шүүмжилнэ.
Харин хэзээ нэгэн цагт Монголд жазз уран
бүтээлчид олон болоод, бид хоёрын өнөөдөр хийж буй уран бүтээлийн талаар жаахан
ч болтугай дурсвал тэр нь миний амьдралын хамгийн том баяр баясал байх болно.
Нууцхан хүслээ ил хэлчихье л дээ. Гэхдээ тэр цаг, мөчийг бид харахгүй байлаа ч
гэсэн одоо хийж байгаа зүйлдээ баяр, хөөртэй байдаг.
Куш: -Мартин Зинкер
гэж Германаас ирсэн контрабас хөгжимчин Монголд ирэхдээ “Монголд юу нь сайхан
байна гээч. Монголын жааз дөнгөж эхэлж байна” гэсэн. Энэ үгийг сонсоод би “цүл”
гээд л нэг их том юм рүү орчихсон. Энэ эхлэлийн жаахан ч гэсэн орон зайд нь
багтаж байгаа нь биднийг баярлуулдаг. Тэрнээс биш энэ их хоосон их талыг өөрсдийн
нэрээр бүрхэе гэж бодоогүй.
-Өнөө цагт дэлхийн жазз хөгжимд Эсперанза Сполдинг гэх нэр тодорч байна. Нас
залуухан, нэр алдарт хүрсэн... Яг та бүхэнтэй нэгэн цагт уран бүтээлээ туурвиж
байгаагийн хувьд тэр та хоёрын өрсөлдөгч мөн үү?
Оюука: -Тэр бол
цаанаасаа төрчихсөн уран бүтээлч. Залуухан, Берклигийн их сургууль төгссөн,
тэгээд бүр профессороор үлдээчээ гэсэн хариу хүртэл авч байсан гээд л... Урьд
нь түүний талаар бодож байсан юм байна аа. Тэр бол сурах юм ихтэй, үлгэр
дууриалал болохуйц хүн гэдэг талаас нь хардаг уу гэхээс өрсөлдөгч гэж бол бодож
зүрхэлдэггүй.
Куш: -Өчигдөр
хамтлагийн бэлтгэл дээрээ бид Жейми Каллумын нэг дууг бэлдсэн юм. Тэр бидний л
үеийнх, одоо дэлхийд алдаршиж, Их Британи улсаа төлөөлж байгаа хүн. Түүний дууг бэлдэж бид байхдаа ямар хэцүү дуу
вэ гэж бодож байтал, маргааш нь тэр шинэ цомгоо худалдаанд гаргаж байх
жишээтэй. Бид хоёр энд түүний дууг сурах гэж “зовж” байхад тэр ахиад шинэ дуу
хийж байна. Ингээд бодохоор...
Бид орчин үеийн хөгжмийн чиг хандлага хаашаа явж
байгааг ажиглах дуртай. Үүнд, Эсперанза Сполдинг бол бидний сураагүй, үзээгүй
тэгэхдээ сурахыг, үзэхийг хүсдэг хүний маань нэг.
-Ирэх сарын 8, 9-нд та хоёрын “Say it now” тоглолт болох гэж байна.
Тэр өдөр хүмүүс яагаад цаг, заваа гаргаад тийш очих хэрэгтэй вэ. Тэдэнд та хоёр
юу бэлдсэн бэ?
Куш: -Бидэнд шүүмжлэл
хэрэгтэй. Бидэнд тэр хэрэгцээ нь байна. Бид үзэгчдэд амьд хөгжмийн гоё, сайхныг
мэдрүүлэх гэж хичээж байгаа. Тийм ч учраас тоглолтын нийт төсвийн дийлэнх нь
хөгжмийн дуугаралтад зарцуулагдаж байгаа байх жишээтэй.
Нөгөө талаар бид өөрсдийгөө шалгуулж
байна. Мөн энэ бол бид баяр хөөр. Тусалж дэмжиж байсан найз, нөхөд,
үзэгчидтэйгээ баяр хөөрөө, талархсан сэтгэлээ хуваалцаж буйн маань илрэл.
Мундаг уран бүтээлчид!
ReplyDelete