Гартаа
барьж буй үзгээ дуустал та 45000 орчим үг бичиж болно хэмээн “Dailybeast.com” цахим хуудаст
бичжээ. Гэвч хэрэв та 1980 оноос хойш төрсөн бол дээрх тоог хэзээ ч гүйцээж
чадахгүй болов уу хэмээн ёжилсон байв. Компьютер хэмээх дөрвөлжин хар хайрцагт
бидний амьдрал тэр чигээрээ шахуу багтчих гээд хэцүүдэж байх зуур таны бичгийн
хэв бага ангийн хүүхдээс ч “муухай” болж эхэлснийг та анзаарсан уу. Гэхдээ
асуудлын гол нь энэ биш юм аа. Ингэхэд та хамгийн сүүлд гараа гаргаж хэнд
захидал бичсэн бэ, дугтуй дүүрэн сэтгэл хаалгыг тань үүдэнд хүлээж байх юм уу?
Үг гэдэг
хачин эд. Нүүр тулахад амнаас гарамгүй нандин үг, угтаа сэтгэл гэж бий санж.
Бид залбирахдаа, мөрөөдөхдөө, төсөөлөхдөө нүдээ аньж, дотроо шивнэдэг. Учир нь
бидний мэдэх нандин бүхэн нүдэнд харагдахгүй, чинадын чинадад нуугдаж байдаг
аж. Яг л үүн шиг үзэг, цаас амсардуулан бичих нь үгэнд гэгээн шид нэмж буй
хэрэг. Шидгүй, сэтгэлгүй үгс өрсөн тоосгоноос ялгарах зүйлгүй. Биднийг
хайрцаглан буй компьютер, гар утсаар түмэн үг өрдөг хэдий ч эд сэтгэлгүйн
учраас мөнөөх шидийг нь шүүгээд авчихдаг байж мэднэ. Үг үзэглэнэ гэдэг нь хоолой
дээр тээглээд амаар дамждаг амархан дамжлагатай байдаггүй болохоор бид боддог,
тунгаадаг. Бодлогогүй үг амаар гардаг ганцхан сувагтай байсан нь өргөжин тэлээд
мессеж, мессенжер тэргүүтнээр өртөөлдөг болжээ. Хүн хүнээсээ холдоод л байгаа
гэдэг. Угтаа сэтгэл холдон буй учраас л тэр биз ээ. Америкийн зохиолч, сэтгүүлч
Китти Бёрнс Флорей “Бичгийн хэв ба эрээчмэл” (Script & Scribble) номондоо
“Хүмүүсийн бичгийн хэв улам л гаргацгүй, болхи болж байна. Компьютер дээр
тогтмол ажилладаг хүний гарын алганы байрлал налуу бус, доош чиглэсэн тэгш
хэмтэй болж, хурууны өндөг үзэг түших биш, даралт үзүүлэх хэрэгсэл болж хувирч
буй учраас арга ч үгүй биз. Гараар бичих нь өнөө цагт мартагдсан урлаг боллоо” хэмээн
бичжээ. Мөн эх бичвэр судлаач Клэйр Суддат “Time” сэтгүүлд нийтлүүлсэн “Бичмэлийн мөхөл” нэртэй
өгүүлэлдээ Америкийн дунд сургуулийн сурагчдын есөн хувь нь хичээлээ дэвтэрт
биш, зөөврийн компьютер дээр хийдэг болсон бөгөөд үүнийг нь багш нар хүлээн
зөвшөөрдөг болсон жишээг дурджээ. Бид нэгэнт дүүрсэн хэмээн тайвширч болох ч
бидний дараагийн үе бичгийн машины амьд хувилбар болон торниж байгааг юу гэж
зөвтгөх билээ.
Бичгийн
хэв давтагдашгүй ганц хувь байдаг. Харин компьютерт бичсэн нь “Ariel mon”, “Times new roman” гэх форматаар л
ялгагдахаас биш угтаа нэг л цутгалттай. Харин гараар бичнэ гэдэг түүх бүтээх,
сэтгэл шингээх, дуртгал үлдээхийн нэр. 400 гаруй хуудастай “Зуун жилийн
ганцаардал” номыг уншаад, товчлон бичих даалгавар авч байсан тэр үед хэрэв
компьютер гээч эд бидэнд хүртээмжтэй байсан бол ганцхан цагийн дотор түчигнүүлж
орхиод, бүр залхуу хүрвэл сканнердэж оруулчихаад, хэвлээд гаргах байсан биз.
Гэвч уйгагүй бичиж байсан мөнөөх дэвтрээ одоо сөхвөл надаас хэдийнэ талийж
одсон нямбай зан, хэрэндээ л сайхан бичих гэж хичээсэн зүтгэл, үг үсгийн алдаа
бүхэн нь он сар өдөртэйгээ дурсамж тээн дурайж байх юм. Харин мэйлээр ирсэн
захидал, утсанд хадгалагдсан мессежүүдийг дүүрчихвэл нь “delete” хийж л мэднэ.
Шидгүй үгийн үнэ цэн ийм хэврэг байдаг ажээ. Ээж, аавын минь хоорондоо харилцаж
байсан захидлууд өнөө хэр байдаг юм. “Сайн байна уу гэх сайхан монгол үгээр
энэхүү захидлаа эхлэе би. Чамаас минь захидал ирэлгүй яг 13 хонож байна. Энэ
зуур толгойд юу эс орох вэ?...” хэмээн цагаан дээр хараар бичсэн хайрын түүх
тэдний хувьд чулуун дээр төмрөөр сийлсэн Цогтын хадны бичгээс ч үнэ цэнэтэй. Тэд
дурсамжаа тушиж үлджээ. Харин өнөө цагийн хайрын түүх гар утасны “inbox” дүүрэх хүртэл
наслаад л устдаг аж.
Гарын
үсэг зурахаас бусдаар үзэг шүүрхээ больж дээ. Гараа эвэрштэл ганц сайхан
бичихсэн, сэтгэлээ нээхсэн. Ингэхэд та хамгийн сүүлд гараа гаргаж хэнд захидал
бичсэн бэ, дугтуй дүүрэн сэтгэл хаалгыг тань үүдэнд хүлээж байвал гоё уу?
Үгийг урнаар хэлхэхийн гайхамшигыг өгүүлэл бүрээс тань харах юм. Ямар ч сайхан цэлийтэл нээсэн үүдэн хоймор билээ дээ энэ бодролууд..
ReplyDelete