“Шинэ
давалгаа”. Дэлхийд энэ үг ч, утга нь ч хуучирсан атал Монголд бол үгээсээ илүү
утга нь зайлшгүй чухаг болсон цаг үед бид аж төрж байна. “Уламжлал дагасан буюу хавчигдмал үхмэл кино урлагаас хөндийрөх хандлага
нь тухайн улс орны кино урлагийн эрүүл энх байдлыг илтгэнэ. Төгс биш байж
болно, гэхдээ эрх чөлөөт кино бидэнд үгүйлэгдэж байна. Одоо кино хийж байгаа
ихэнх хүнд найдах итгэл надад алга. Залуу кино уран бүтээлчид л кино урлагийн
баригдмал ойлголтоос чөлөөлөгдөж, хайрцагнаас гадуур сэтгэх анархи үйлдлийг
хийж чадна. Хөлдүү, нэг хэвийн байдлыг эвдэх цор ганц арга зам бол гоо зүйн
хувьд дээд түвшний, тэс өөр эрэлхийллийн кино хийх явдал юм” гэж Ионес
Мекас аль тэртээ 1959 онд хэлж байсан нь өнөөдөр ч үнэ цэнэтэй хэвээр байна. Литва
гаралтай энэ эр Америкийн авангард кино урлагийн эцэг гэгдэх хүртлээ сайн, муу
олон замыг туулсан ч үндсэн чиг шугам нь болох төгс биш ч бай хамаагүй, эрх
чөлөөт кино хийх замаасаа гажаагүй бөгөөд өнөөдөр, маргаашийн кино бүтээгчдэд
түүний архив коран, библиэс ч үнэтэй “судар” болон үлдсэн байдаг. Харин бидэнд
судар болох архив бий юү? Монголд ер нь артхаус, авангард, андерграунд кино
байдаг уу? Арилжааны тал руугаа нэгэнт хэлбийсэн Монголын кино урлагт цус
сэлбэх “донор”-ууд байгаа юу?
Энэ түвэгтэй гурван асуултад хариу болох
нэгэн арга хэмжээ маргааш буюу, бямба гаригт болох гэж байгаа талаар та сонссон
байх. “Монголын анхны андерграунд,
эксперименталь, бэсрэг киноны уралдаан”. Хэдийгээр шинэ зуун гараад
чилийсэн урт арван гурван жил болж, дэлхийн андерграунд, эксперименталь кино
урлагийн түүх зэгсэн зузаан болсон энэ үед, одоо л дөнгөж ийм уралдаан, шинэ
оролдлого гарч байгаа нь харамсалтай хэрэг мөн. Гэвч хэн ч зориглоогүй,
хүсээгүй ажлыг гардан хийж, анхны оролдлого, шинэ дайралт гаргаж чадав, тэд.
Тэд гэдэг нь “Алтан хальс” холбооны залуус. Дөрвөн жилийн өмнө “Dreamers” өдөрлөгөөр дамжуулан арт хаус кинонуудыг
манай залууст таниулж эхэлсэн хүмүүс. Нэг сонирхол, нэг хүсэл бүхий нэг үеийн
залуус долоо хоног бүр “Занаду” арт галерейд цуглаж, арт хаусыг шимтэж эхэлсэн.
“Занаду” арт галерей өдгөө тавилгын дэлгүүр болсон ч тэнд цугларч асан залуус
“Улаан гэр” рүү нүүсэн байна. “Dreamers”-ээр дамжуулан бидний кино мэдлэг, таашаал ч бас холоо нүүдэллэн, хөгжжээ.
“Алтан хальс”-ын гаргадаг арт хаус
кинонуудаар үзэгчийн хувьд өөрсдийгөө бэлдсэн, оюун санаагаа ч тэр хэрээр
тэлсэн залуусын төлөөлөл “Монголын андерграунд” кино уралдаанд өөрсдийн
бүтээлээ сойчихоод, маргааш юу болохыг хүлээж суугаа. Нэгэнт тогтсон дэгээр хэн
нэг нь байр эзэлж, нөгөө нь хоосон гуяа ганзаглан буцна байх. Гэвч маргааш,
маргаашийн маргааш түүх болон үлдэх үнэ цэнэтэй ажлыг эхлүүлсэн, оролцсон,
бүтээлцсэн тэд бүгдээрээ ялагч гэдэг нь гарцаагүй. Маргааш бид Г.Саруулбилэгийн
“0#0”, Л.Баатархүүгийн
“Гүнд”, Ш.Эрдэнэбаярын “Шувуу”, Б.Жаргалангийн “Нэг дотор”, Б.Даваахүүгийн “Track: 12354464154” зэрэг 26 бүтээлийг үзнэ. Монгол залуусын
андерграунд сэтгэлгээг тольдоно, Монголын авангард төрхийг олж харна. Энэ бол
хуучин байхыг, хоцрохыг хүсээгүй, хайрцаг дунд хэл үг, үйлдэлгүй хөшиж суухыг
тэвчээгүй залуусын 26 янзын орголт, 26 янзын зугаталт. Оргосон, зугатсан
хүмүүсийг хуулийн дагуу хүлж, хорьж шийтгэдэг ч гэлээ энэ тохиолдолд, энэ удаад
оргогсдын жимээр бид явах хэрэгтэй. Тэдэнтэй хамт зугатах ёстой. Тэгээд хаа
хүрэхийг, юунд тулахыг үзэх хэрэгтэй.
“Кино эхэлчихсэн юм уу?” гэсээр үзвэрт
өдөр, болзолт цагаас хоцрон, хаалга үүд түчигнүүлэн орж ирэгсдийг театрт
суугсад сатааран хардаг. Хожимдсон ч гэлээ бид дэлхийн андерграунд кино
ертөнцийн хаалгыг ийн нээж орлоо. Урьд биднийг нэг нүдээрээ ч тоодоггүй хүмүүс
одоо эсрэгээр “Монголд андерграунд кино эхэлчихсэн юм уу” гэсээр бидний
ертөнцийг, бидний бүтээлийг, бидний санаа руу шагалзсаар орж ирнэ. “Төгс биш ч
байж болно, гэхдээ эрх чөлөөт кино” энд хийгдээд эхэлчихлээ.
Кино сонирхогчдын
мөрөөдлийн тайз, хүслэнт газар Каннын кино наадмаас “Алтан мөчир” гардсан
монгол хүн байтугай, анхны оролдлого ч гаралгүй өдийг хүрсэн. Энд хэн ч
буруугүй хэдий ч энд Монголын буруу байна. Гэвч бас зөв нь ч байна. Хөгжлийн хувьд биднээс төдийлэн хол
зөрөөгүй атал Ази, Ойрхи Дорнодын орнууд энэ тайзнаа шуугиулаад хэдийнэ
эхэлчихэж. Урьд үзэгдээгүй, мэдрэгдээгүй тэдний сэтгэлгээ, хийц ур маяг кино
урлагт цочроо өгч байна. Харин бид алга. Бид юугаа ч дэлгээгүй байгаа учраас,
бас дэлгэе гэвэл өчнөөн юм би учраас тэдний хувьд бид нээгдээгүй, танигдаагүй
онгон зэлүүд газар хэвээр. Дэлхийгээс өөр амьдралтай гариг байдгийг хэн ч мэдэхгүй
ч, мэдье гэсэн эрмэлзэл, сонирхол дүүрэн шиг Монголын андерграунд кино
ертөнцөөс хүсэж, хүлээх, сонирхох юм даанч их бий. Тиймээс хоцорсон гэдэг нь
буруу биш, хоцорсон ч гэлээ эхлээгүй бол тэр харин бидний буруу болно. Бид
буруудаагүйн баталгааг маргааш “Улаан гэр”-т очиж өөрийн нүдээр үзээрэй.
Болзолт цаг нь 13.00 шүү!
Сайхан өгүүлэл. Ингэхэд кану эхэлчихсэн юм уу?
ReplyDeleteсайхан болж өнгөрсөн байх очиж үзэхийг хичээсэн ч амжаагүй дээ. дараагын өгүүлэлдээ наадам ямаршуухан болсон талаар нийтлэл бичээсэй
ReplyDelete