Одоо би толь болсон. Нүцгэн зовхины завхайрал надад
чамайг буй чигээр нь нээж өглөө. Тэнгэрийн хөхийг шингээж, өөрийгөө бүтээсэн
тэнгис шиг тэнд би өөрийгөө ч бас олж харлаа. Ариун хэвлээс анх унасан шигээ
ямар тунгалаг, ямар үнэн юм бэ.
Юу ч битгий хэл ээ. Би бүхнийг, чамайг, бас өөрийгөө урьд
байгаагүй их тунгаар мэдэрч байна, яг одоо. Арьс хоорондын харилцан яриа л
хамгаас үнэн гэдгийг нүүрээ будаг, биеэ хувцас сэлтээр хучаагүй нүцгэн цогцос
чинь хэлээд байна. Төрөхдөө бид нүцгэн байв, үнэн байж. Үхэхдээ бид нүцгэн
байна. Тэгэхээр үнэн аж. Харин энэ зуур хүнтэй хамт бий болоогүй төрөлхийн бус
өгөгдлүүдэд сатаарч хэчнээн удаан тарчилж явснаасаа ичив. Бидний энэ гэгээрлийг
ухаж ойлгохын ч сөхөөгүй нүцгэн байгаагаас минь л ичиж улайн, нулимж, харааж
мэдэх нүгэлтнүүд гадаа дүүрэн байна. Ямар тоогүй вэ. Хуваалцахсан, харуулахсан.
Жинхэнэ өөрийг нь мэдэхийг, өөрт нь өөрийг нь мэдрүүлэхийг, нүв нүцгэн үнэнийг
өмнө нь эрээ цээргүй дэлгэвэл тэд яах бол. Аягүй л бол нүгэл гэнэ. Шалиг
завхай, увайгүй садар амьтад гэж бас тохуурхаж ч мэднэ. Энэ ертөнцөд ирсэн эхлэлээсээ тэд ичих
боллоо гэж үү?
Бүгд л нүцгэн төрдөг. Би ч бас ийм л замаар энд ирсэн.
Тэгэхэд би хиргүй тунгалаг, оюун бодол маань ч саруул цэлмэг байсан. Ээж минь
надад нэг удаа хэлж байсан юм. Би бусдын л адил төрөхдөө уйлсан гэж. Тэгэхэд би
нэг ч хэлж чаддаггүй хэрнээ түүнтэй одоогийнхоосоо ч илүү ойлголцдог байсан
гэж. Гомдлоо нуудаггүй, баяраа харамладаггүй. Одоо харин яагаад ийм хохь хөндий
болсныг бидний хэн маань ч олж мэдээгүй, биенээсээ асууж ч бас асууж
зүрхэлдэггүй. Ийм байх ёстой л гэж бодож явсан байх.
Хэлд ороод би үгээ нуудаг болсон. Үгтэйгээ хамт сэтгэл
хөдлөлөө ч бас хорьж сурсан. Хүмүүсийг дуурайж хувцах өмсөх болсон.
Хувцастайгаа хамт өөрийгөө ч бас далдалж сурсан. Танигдахгүй, мэдэгдэхгүй,
хүссэн дүрээ үзүүлж, хүссэнээрээ тэднийг хуурдаг болсон. Чиний нүцгэн цогцсыг
харж, жинхэнэ өөрийг чинь, өөрийгөө бас олох хүртэл тэр шүү дээ. Тун саяхан,
дөнгөж хэдхэн хормын л өмнөх явдал.
Гоо цогцос чинь одоо намайг сэрлээс дээгүүрх таашаалд
хөтлөх боллоо. Зөвхөн чамайг, бас өөрийгөө буй чигээр нь мэдрэх надад
хангалтгүй байна. Бусдыг ч бас ингэж хаалтгүйгээр мэдрэхсэн. Ээмэг, зүүлт,
торгон оймс, бэлхэвч, бас хөхний даруулга. Сулласан бүхэн чинь энд хөглөрчээ. Ээ,
чи яасан олон юманд түүртэж явсан юм бэ. Энгэсэгээ ч бас арилгачих, энүүний
хэрэг юун. Нүцгэн зовхиноос ч гоо үзэсгэлэнг нь нээж чадах нүд бидэнд байгаа нь
л болоо.
Ээ, одоо л би амгалан боллоо. Энэ зуур юу эсийг бодож
сөхсөн юм.
Хоёул эхэлснээ ч бас дуусгая...
Тачаангүй мэдрэмж тэр нүцгэн оршихуй!
ReplyDelete