Aug 29, 2013

Өвөрмөц гэдэг ч хангалтгүй


            “Магадгүй” (Тильда Свинтон)
     Тильда Свинтон “Магадгүй” төслөө 1995 онд эхлүүлсэн. Лондоны Серпентин галерейд шилэн хоргон дотор долоо хоног унтаж, хоргоноос гадна орчинд хэн ирж, юу болж буйг үл тоон аж төрсөн, тэр. Тэгэхдээ хэвлэлээр нэг ч мэдээлэл цацаагүй, тэр ч бүү хэл галерейн хөтөлбөрт ч мэдэгдээгүй, үүдэндээ зарлал хадаагүй учраас орж ирсэн хүмүүс эхэндээ түүнийг таньсангүй. Үүнээс 18 жилий дараа, өнгөрсөн гуравдугаар сард тэр Нью-Йоркийн Орчин үеийн урлагийн музейд хэдэн өдөр (найман цаг болоод хэсэг зуур амарч байсан) амьд үзмэр болж хэвтсэн. Цаг хугацаа бүхнийг өөрчилдөг болохоор, энэ зуур хүмүүсийн зан авир, сэтгэхүй, хэрэглээ хүртэл зэгсэн хувьсаж, “Твиттер”-ийн зурагт жиргээгээр “урилга” хийсэн хэдэн мянган хүн тийшээ цувсан ажээ. Сонирхолтой нь, энэ инстолляцийг үзсэн хүмүүс нийгмийн сүлжээгээр зураг дамжуулахдаа ихэнх нь “Нойрсож буй гоо бүсгүй” гэсэн тайлбар хийцгээсэн байсан юм.
            Унтаж байх зуур хүний бие сулран тавирч, биеэ цэгнэхээ нь хүртэл больдог. Магадгүй энэ бол хамгийн эмзэг урлаг байх. Өчүүхэн дуу чимээ, шивнэх төдий яриа л энэ урлагийг үгүй болгож мэднэ. Түүний инстолляцыг үзэхээр өдөрт дунджаар 20000 хүн музейд орж ирсэн. Үзсэн хүн байтугай, сураг сонссон хүн шалтгааныг нь эрэн бэддэг. Тэрбээр өөрөө энэ төслөө “Үхэл амьдралын зааг буюу сэрүүн үхэл” хэмээн тайлбарласа. Учир нь 1995 онд Тильдагийн дотнын найз Дерек Жарман нь ДОХ-оор нас барсны дараахан тэр төслөө эхлүүлсэн бол, өнгөрсөн арванхоёрдугаар сард ээж нь бурхны оронд очсоны дараа мөн “Магадгүй” төслөө үргэлжлүүлсэн юм.
            Шилэн хоргоны буланд “Тильда Свинтон. 1960 онд Шотландад төрсөн. “Магадгүй” 1995/2013. Амьд үзмэр, шил, ган хүрээ, дэр, гудас, ус” хэмээн тайлбар бичсэн байжээ.

         

          
          “Байшин доторх үүл” (Бернаут Смилде)
          Бернаут Смилде цаг агаарыг захирч дөнгөнө. Германы эл уран бүтээлч цэлмэн тэнгэрийг, цэнгэг агаартай өрөөг үүлтэй болгож чадна. Амстердамын галерейн хоосон өрөөнд борооны үүлийг тогтоон барьж чадсан түүний сүүлчийн төсөл олны анхаарлыг ихэд татсан юм. Түүний бурхных мэт энэ хүчийг гартаа оруулахад шинжлэх ухааны бяцхан мэдлэг л хангалттай байжээ. Өрөөний хэм, чийгшлийн тохиргоог сайтар судалж, улмаар үүл бүрэлдмэгц үүнийг тогтоон барих цэгийг тооцоолсноор энэхүү алдартай инстолляц нь бий болсон. Энэ бүхэн гүйцмэгч тэр манан үүсгэгч машиныг асаах товчийг дарснаар манан (хиймэл) дээш хөөрч мөнөөх цэгт хүрээд тогтоно. Өрөөний яг голд нь. Энэ ч мөн адил тун эмзэг үзмэр учраас үзэгчид шилэн хоргоны цаанаас харах боломжтой аж.
            “Би агшин зуурын бүтээлд дурлах болсноос энэ бүхэн үүдэлтэй. Мөнхийн бүтээл мөнхөд үлддэг, миний бүтээл түрхэн зуур үзэгдээд өнгөрдөг. Магадгүй үүлний хөргийг хэдэн мянган жил харснаас нүдэн дээр нь үүл бүрэлдээд, тогтоод, ууршаад алга болохыг харвал сонирхолтой байх” гэж Смилде ярьжээ. Тэр бүтээлээ илүү амьд харагдуулахын тулд цэнхэр өнгийн хана тойруулж, нарны туяатай төстэй гэрэлтүүлэг ашигладаг.


            “Бороот өрөө” (rAndom international)
            Огт норохгүйгээр бороонд алхаж болох уу. Бороот өрөөн дотор, цувгүй, шүхэргүй алхаад үзвэл ямар бол. Гэвч дээрээс тань яг шингэн бороон дусал гоожино. Харин танхим бүхэлдээ 3D технологиор бүрхэгдэж, алхааг тань мэдрэх хэдэн сая мэдрэгч байрлуулсны хүчинд урд, хойно тань бороо орсоор л байх авч эгц дээрээс тань юу ч дусахгүй. Энэ санааг сэдсэн “rAndom international” хэмээх уран бүтээлчдийн бүлгэм үүнийгээ “Хүн, байгаль, технологийн нийлэмж” гэж тайлбарлаж байна билээ. Тэд өнгөрсөн онд Нью-Йоркийн Орчин үеийн урлагийн музейд эл бүтээлээ толилуулсан бол өдгөө Лондоны Барбикан төвд очоод буй гэсэн.
            Хүмүүсийн ая тухыг бодож “Бороот өрөө”-нд нэг дор арваас их хүн оруулдаггүй. Олон удаа орж туршлагажсан хүмүүсийн яриагаар бол хэрэв та хурдан алхах, эсвэл жижигхэн зайд гүйх юм бол норох магадлал бий аж. “Бороот өрөө”-ний хана, тааз, шал бүхэлдээ хав хар өнгөтэй байдаг бөгөөд дундуур нь хэцэлсэн гэрэл гаргасан байдаг.
            

Aug 26, 2013

Мэрилин Монрогийн сүүлчийн ярилцлага


  

Life” сэтгүүлийн сурвалжлагч Ричард Мэримэн уг ярилцлагыг авснаас хэдхэн хоногийн дараа буюу 1962 оны наймдугаар сарын 5-нд Мэрилин Монро нас барсан тухай харамсалтай мэдээ олонд түгж, Ричард уг ярилцлагаа сэтгүүлийн 1962 оны наймдугаар сарын 17-ны дугаарт “Ганцаардмал бүсгүйн сүүлчийн яриа” нэртэйгээр хэвлүүлсэн аж. Энэхүү ховор бөгөөд сонирхолтой ярилцлагын эхийг 2007 онд “Guardian” сэтгүүлээс хэвлэн гаргасан “ХХ зууны алдартай ярилцлагууд” номоос авав.
            “Something’s got to give кинонд Мэрилин Монрог тоглуулахаас татгалзсан нь түүнд томоохон цочрол өгсөн юм. Гэнэт л уриалгахан, найрсаг мэт олон харагддаг Мэрилин хэвлэлийнхэн, найз нөхөд, ер нь бүхнээс зугатаж, сураг алдарч, хэсэг зуур чимээгүй байсан билээ. “20th Century Fox” кино студийнхэн түүнийг өндөр төсөвтэй киноны ажлыг цалгардуулж, дураараа аашилж байна хэмээн хэвлэлээр зэмлэсэн, сүрдүүлсэн мэдэгэл удаа дараа хийж байхад Мэрилин юу ч хэлээгүй. Тэр хэлээгүй зүйлийн шалтгаан нь, Монро ахиж кинонд тоглохоос залхсан байлаа. Ердөө л энэ. Түүний тоглосон кино бүр 200 сая ам.доллараас дээш орлого олж, галзуурсан шүтэн бишрэгчид нэрийг нь дуудан хашхирч, хаа ч очсон олны хайр, хүндлэл, алга ташилтад бүчүүлж байсан тэр үед киноноос хөөгдөнө гэдэг түүнд цочирдом, бас хүлээн зөвшөөрөхөд хэтэрхий увайгүй явдал байсан нь мэдээж. Хайр дурлал, тоглосон киноных нь тухай л асуудаг байсан сэтгүүлчид түүний өргөмөл хүүхэд байсан хуучны таагүй дурсамжийнх нь талаар шалгааж эхэлсэн нь ч бас нөлөөлсөн байх. Харин бидний дунд өрнөсөн дотно яриа түүний урьд хэнд ч хэлээгүй, яриагүй бүхнээр дүүрэн байсан бөгөөд манай үеийн алдартай жүжигчин надад сүүлчийн ярилцлагаа өгөөд тэнгэрт хальсан нь нэг талаар бахархам, нөгөөтэйгүүр цочирдом байсныг хэлэх хэрэгтэй. Тийм учраас тогтсон дэгийг эвдэн энэхүү ярилцлагаа түүний ярьсан бүхнийг нэгтгэн өөрийн нь хүүрнэл болгоод, өмнө тань дэлгэж байна. Монрогийн тухай Монро ийн ярьсан билээ.
            Заримдаа би поло хүрэм өмсөн, нимгэн алчуур толгойдоо ороогоод туслах болон бие хамгаалагчгүйгээр хотын дундуур ганцаараа алхах дуртай. Миний төлөө хоолой мэдэн хашхирч, зүсийг минь ойроос харж, гарын үсгийг минь буулган авахаар улайран зүтгэдэг тэр хүмүүс яаж амьдардаг бол оо гэдгийг мэдэх гэж тэр.
Хүүхдүүд өхөөрдөм бөгөөд аюултай. “Бурхан минь, энэ миний бодож байгаа хүн мөн үү. Энэ чинь Монро байна” гэж надад сонсогдохуйц шивнэлдээд, ер юу хийж байснаа орхиод гудамжны төгсгөл хүртэл араас дагана. Харин томчууд тэдний л адил догдолж буй нь илт боловч, буурь заан “Сайн уу, Монро. Сайхан өглөө байна шүү, тийм ээ” гээд дотночлон асуудаг. Би үүнд дуртай. Олны хайр, хүндлэл дунд байна гэдэг хичнээн гайхамшигтай хэрэг вэ. Тэд сэтгэл хөдлөлөө юунаас ч нуулгүй ил гаргаж, намайг хүн гэдгийг мэдрүүлдэг. Харин жүжигчид болон найруулагчид тэс өөр. Тэд намайг дэлгүүрийн лангуун дээрх үнэт эрдэнэ гэж харан, яг л түүн лугаа л ханддагт би дургүй. Үргэлж худал инээмсэглэл, ялдам хандлага гарган нялуурах тэд уулзсан тохиол, надтай өрнүүлсэн харилцан яриа бүхнээ хэвлэлээр цацаж таашаал авна. Үгээ хүртэл үнэлж, алдар нэрийн хойноос уйгагүй хөөцөлдөгч тэдгээр хүмүүсийн дунд амьдрах надад юутай хэцүү байдаг гээч. Тэд байнга л элдэв гялгар, хээнцэр үдэшлэг зохиож, үүндээ намайг тусгайчлан урина. Тансаг оройн зоог идэнгээ алдартай төгөлдөр хуурчийн аялгууг сонсон суух сайхан боловч би юунаас болж энэ сайхан зүйлийг мэдрэн суугаагаа бодохоор заримдаа ой гутна. Намайг энгийн л нэг Мэрилин Монро биш, Холливудын алдартай жүжигчин Мэрилин Монро болохоор л тэд урьсан! Харин би таван настайгаасаа эхлэн жүжигчин болохоор мөрөөдөж байхдаа ийм зүйлийг ер хүсээгүй юмсан. Хүүхэд байхдаа өглөө бүр өнөөдөр ямар дүр бүтээж тоглох вэ гэдгээ бодож сэрдэг байсан. Ширээгээ тайз болгоод, чихмэл тоглоомуудаа эрийтэл өрж, үзэгчдээ гэж төсөөлөн хүссэнээ л хийнэ. Дуулна, бүжиглэнэ, заримдаа үнэмшилтэйгээр уйлна. Одоо эргээд бодоход тэр үед л би жинхэнэ жүжигчин байж. Эсвэл, миний хүсдэг жүжигчний амьдрал тэр байсан. Харин одоо намайг юу болсныг хараач!
Сургууль манай гэрээс дөрвөн км зайтай байсан бөгөөд энэ зай миний хувьд алдрын гудамжийг орлож байсан санагдана. Алдартай жүжигчин болоод шигсэн олон зурагчдын дундуур инээмсэглэн гар даллаж, гарын үсгийг минь авахаар шуугисан олон хүн над руу зүтгэж байна гэж төсөөлөхдөө би тэсгэлгүй инээд алдаж байснаа санадаг. Одоо энэ бүхэн надад бодитоор ирсэн ч хүүхэд насны минь мөрөөдөлд ургасан тэр хүсэлтэй хэзээ ч эгнэшгүй бөгөөд хүрэмгүй.
Gentlemen prefer Blondes (1953) кинонд Жэйн Рассельтай хамтрах завшаан олдоход тохиолдсон нэг явдлыг яръя. Тэгэхэд би олонд тэгтлээ танигдаагүй байсан ч энэ кино дэлгэцнээ гарсны дараа хүмүүс намайг өөрөөр харж эхэлсэн юм. Кинонд Жэйн хүрэн улаан, би шаргал үстэй байсныг та санаж байгаа байх. Жэйн үсэндээ 200 мянган ам.доллар төлсөн бол, би үсээ шаргал болгох гэж долоо хоног бүр 500 ам.доллар төлдөг байв. “Яагаад” гэж би найруулагчийг шаналгаж байгаагүй ч, хүмүүс надтай яг л 500 ам.долларын үсэнд минь тааруулж харьцаад эхлэхэд энд нэг л юм буруу болоод байгааг мэдэрсэн. Зураг авалтын үеэр Жэйнтэй адилаар туслахуудад, кино багийнханд шаардлага тавих үед “Чи од биш гэдгээ санаж, наад үг хэлээ цэгнээрэй” гэж өөдөөс минь томорно. Тэсэлгүй би нэг удаа “Кинонд бид адилхан гол дүр бүтээж байгаа тохиолдолд тэрний од, миний мод байх ямар ялгаатай юм бэ” гэж  шулуухан хэлсэн. Гэсэн ч тэд миний үсний будагны өртөгтэй адилаар надтай хямдхан харьцсаар кино дуусаж, дараа нь Жэйнээс илүү миний нэр тодрон гарахад би тэднийг яллаа гэж дотроо бодсон. Хүнийг ялгаж харьцах ямар увайгүй болохыг би тэднээс суралцаад өнгөрсөн бол үсний будагны үнэнд нь тааруулж хүнтэй харилцдагаа тэд ер болиогүй юм.
Жүжигчид машин биш. Бид бусадтай адилхан ядардаг, өвддөг, тухайн зүйлийг хийх бэлтгэлгүй, хүсэлгүй үе тохионо. Үйлдвэрийн ажилчин, талхны мухлагийн худалдагчаас ялгаа юу ч үгүй. Тэнгэрийн од, нар сар ч гэсэн шөнө гялалзаад өдөр “амардаг”. Харамсалтай нь ихэнх найруулагч алдартай жүжигчдээс өдөр бүр гялалзахыг хүсдэг. Сэтгэлээр унаж, хямрах үед кино багийн бүх хүн надад анхаарал хандуулж, бүчин авна. Тухайн мөчид би ганцаараа байхыг хүсэж байлаа ч тэд огтхон ч хэрэгсэхгүй. Учир нь би тэдний хувьд дэлгүүрийн лангуун дээрх үнэт очир эрдэнэ бөгөөд үргэлж түүнийг харуул, манаач манаж байх ёстой гэж боддог. Гэтэл би чинь хүн шүү дээ. Хүн!
Гэвч алдар нэр надад үргэлж тааламжгүй байсан гэвэл худал болно. Мэдисон скуэрь театрт ноён Ерөнхийлөгчийн төрсөн өдрийн баярт хүрэлцэн очиж, “Төрсөн өдрийн мэнд хүргэе” дууг дуулах завшаан олдсонд би одоо ч баярладаг. Тайзнаа гарч, яг тэр дууг дуулахад эргэн тойрон чив чимээгүй болж, зөвхөн миний хоолой надад сонсогдох тэр мөчид би хязгааргүй аз жаргалтай байж билээ. Чимээ шуугиан, алга ташилт, уухай... бүхнээс би цуцсан үе байсан болоод ч тэр үү. Тэд над руу юу ч гэж хашхираагүй ч дулаан дотно мэдрэмж нь илтэд төөнөж билээ.  Гэвч тухайн мөчид намайг ийн бодож зогссон гэдгийг хэн ч мэдээгүй. Үнэнээ хэлээрэй Ричард, чи ч гэсэн тэгж бодоогүй тийм үү? Харин та нар намайг тачаангуй хэмээн бодож, “секс бэлгэ тэмдэг” гэцгээн хашхирсан. Яг үнэндээ би секс бэлгэ тэмдэг гэж юу болохыг, яагаад намайг ийн нэрийддэгийг ойлгодоггүй. Хэрэв би ямар нэг зүйлийн бэлгэ тэмдэг болохыг өөрөө хүсвэл тэр нь секс л биш шүү. Охид миний амжилтад хүрэхийг мөрөөдөж, яг л миний багийнх шиг ширээн дээрээ гараад Монро болж жүжиглэж байвал би баярлана. Харин тэд “Мэрилин Монро шиг секс бэлгэ тэмдэг болно” гэж хүсвэл энэ надад шагнал биш, шийтгэлээс өөрцгүй. Секс бэлгэ тэмдэг болоод сонин дээрх элдэв гүтгэлэг миний тухай тэдний бодлыг өөрчлөх вий гэж би үргэлж эмээдэг ч бас нуухыг хүсдэггүй байсан. Би тэдэнд “Надаас юу ч битгий нуу. Миний тухай уншсан, сонссон бүхнээ цааргалалгүй асуу. Би үнэнгээр нь хариулна” гэдэг. Учир нь тэдний амьдардаг тансаг шилтгээн, бэлэн зэхсэн бүхний цаана, бодит амьдрал дээр юу болдгийг мэдээсэй гэж би хүсдэг. Би алдар нэрд хүрэхээс өмнө сарын таван доллар олохын төлөө өдөр бүр зуун таваг угаадаг байсныгаа тэдэнд нуулгүй хэлдэг. Идсэн хоолны тавгаа ч өөрсдөө хурааж үзээгүй тэр хүүхдүүд ийм зүйл байдгийг мэдэх хэрэгтэй. Ингэж байж тэд хүнийг ойлгох болно. Алдар нэр, цатгалан амьдрал, мөнгийг хүсвэл, хичээвэл чи олж чадна. Харин хайх хэрэггүйгээр үргэлж дэргэд чинь байсан эгэл хүмүүс, эгэл хандлагыг хэзээ ч мартаж болохгүй гэдгийг ойлгуулахыг хүснэ.  

Aug 25, 2013

Хатан хааны эр




Лондоны Сент Павел катедралийн гадна цугласан мянга мянган хүн Хатан хаан II Элизабетийн титэм залсанаас хойших 60 жил, алмаазан ой эхлэхийг хүлээж байлаа. 1897 онд агуу Викториа хатан хаан алмаазан ойгоо тэмдэглэж байснаас хойш хааны язгуураас 60 жилийн босго давсан хүн нэг ч байгаагүй болохоор аль тэртээгээс эхтэй түүхэн үйл явдлын гэрч болно гэдэг эгэл британи хүний хувьд ч тэр, шинэ эриний хүмүүс бидэнд ч тэр сонирхолтой үйл явдал мөн. Тиймээс 2012 оны зургадугаар сарын бүрсгэр тэр нэгэн өдөр мэнд саруул байсан хүн бүр энэ үйл явдлын эргэн тойрныг ажин, догдолж байв. Гэвч тэнд нэг л хүн байсангүй. 25 настай орь залуухан гүнж Их Британийн Хатан хааны сэнтийд заларснаас хойш 60 жил ханилсан Эдинбургийн гүн, хатан хааны эр нөхөр, хунтайж Филипп ёслолын арга хэмжээ Британи даяар эхэлж, баярын уухай дэлхий даяар нүргэлж байхад эмнэлэгийн орон дээр ухаангүй хэвтэж байсан юм. Ёслол эхлэхээс ердөө ганцхан цагийн өмнө хунтайж Филиппийн түрий булчирхайн үрэвсэл нь сэдэрч, тэр даруйдаа эмнэлэгт хүргэгдсэн бөгөөд тэнд очмогц ухаан нь балартжээ. Өнөө цагийн хамгийн нөлөө бүхий эзэнт гүрний Хатан хааны эр нөхөр, насаараа энэ хүчирхэг хатагтайн сүүдэрт дарагдаж явсан түүнд хувь тавилан ийм нэгэн бэлэг барьсан юм. Харин энэ үед Хатан хаан Элизабет, бүх дэлхий түүнийг харж байхад, Британи даяар суу алдрыг нь бахдах, жарны турш ганцхан тохиох түүхэн өдөр ирсэн байхад эр нөхрийнхөө араас эмнэлэг рүү явж зүрхэлсэнгүй (Queen” хамтлагийн “Show must go on” дуу шиг). Элизабетийн эр нөхрөөс бусад нь цөм цугласан хааны ордны ёслолын арга хэмжээ төлөвлөсний дагуу тун сайхан болж өнгөрч билээ.
            Холын хамаатнууд болох Элизабет, Филипп нар 1934 онд хааны ордны нэгэн том үдэшлэгийн үеэр анх танилцсан гэдэг. Таарах завшаан бүрийд ордны цэцэрлэгт хүрээлэнд болздог байсан залуу сурвалжтанууд эхэн үед захидлаар харилцаж байгаад нууцаар сүй тавьсан байдаг. Учир нь гүнж Элизабет 21 нас хүрэхээс өмнө албан ёсоор сүй тавьж болохгүй. Гэвч тэд хүлээсээн. Ийнхүү болзолт өдөр ирж, 1947 оны намар тэд хуримласан бөгөөд уг арга хэмжээг радиогоор шууд дамжуулахад дэлхийн 200 сая хүн сонсож байлаа. Тухайн үед хүн бүр л Филипп гэж хэн юм гэж бие биенээсээ илүү, дутуу мэдээлэл сонсчих гээд шалгааж байсанчлан одоо хэр түүнийг мэдэх, тухай нь дурсан ярилцах хүн цөөн. Хэвлэлүүд ч түүнээр нэг их оролдоогүй. Хаа нэг эмнэлэгт хэвтлээ, тэндээс гарлаа гэсэн шүү юм л эрээчдэг санж. Хаантай суусан эмэгтэй хатан болдог жам байхад Хатан хаантай суусан түүнийг хааны энд дүйцүүлэн дурсах хүн ч цөөн ажээ. Элизабет хатны сэтгэлийг булаасан энэ эр уг нь тийм ч дорой гаралтай нэгэн биш юм. Грекийн ханхүү Эндрью, Баттенбергийн гүнж Алис нар цорын ганц хүү нь болох Филипп Маунтбаттенийгээ Грек, Данийн ханхүү хэмээн зарласан нь одоо Элизабетийн эр нөхөр болж, нууцлаг аж төрж буй энэ эр. Жавхаалаг өндөр нуруутай, гунигтай харцтай, сэтгэл татам ханхүү эрийн цээнд хүрч, британи эмэгтэйчүүдийн зүрхийг шархлуулж байлаа. Залуу Хатан хааны бодлого, үйл хэрэгт зарим британи эмэгтэй эрс шүүмжлэлтэй хандаж байсан нь Филиппийн нөлөөтэй байсан гэж үзэх шалтгаан ч байж болох талтай. Харин одоо үс нь бууралтаж, харц нь бүүдийсэн 91 настай энэ эрийг залуудаа “зүрх шархлуулагч” байсаан гэвэл итгэх хүн тун цөөн. Энэ түүхийг мэдэх, мэдэрч явсан бүсгүйчүүдийн ихэнх нь нууцхан хүслээ тээн оджээ.
            Парист боловсрол эзэмшсэн залуу хунтайж 1939 онд Эзэн хааны тэнгисийн цэргийн флотод элсэж, Дэлхийн II дайны үеэр Германы эсрэг дайнд оролцон, хөлгийн залуурч хийж явсан гэх баримт байдаг. 21 насандаа Их Британийн тэнгисийн цэргийн флотын дэслэгч цолтон болж, түүхийн турш дахь хамгийн залуу дэслэгч болсон төдийгүй хөлөг онгоцоо шөнийн гэнэтийн дайралтаас хамгаалсан учраас Хааны нэрэмжит шагнал хүртэж байв. Эцгийнхээ төр барих сүүлийн жилүүдэд дэргэд нь түшиж, улс төрийн үйл хэрэгт илтэд татагдаж эхлэх үед нь дайны үе таарч, хэцүү замнал туулж явсан Элизабетад залуу ханхүү сэтгэлийн үгтэй захидалуудаа алдахгүй илгээж байсан гэдэг. Хаан язгуурын хөшигний ард л болохоос биш сонгодог нэгэн хайрын түүх ийн бургилж байлаа. Дайны халуун цэгт гүнжийн сүйт залуу, язгууртан эр гэдгээрээ Филипп түрий барьж байгаагүй бөгөөд хөлөг онгоц дээрээ хоноглож, хар талхаар хооллон бусад цэргээс онцгой эрх дарх ер эдлэж байгаагүй хэмээн хожмын дурсамжуудад бичигдэн үлджээ. Ер нь ч Филипп гүндүүгүй зантай тухай нь түүнийг сайн мэдэх хүмүүс ярьцгаасан байдаг. Бас шооч. Хатан хааныг дагалдан улс орны тэргүүд, нөлөө бүхий хүмүүстэй уулзахдаа хошин үгээрээ мадалж, халуун нүүрийг нь түлсэн жишээ бишгүй. Ямар сайндаа л, Нигерийн Ерөнхийлөгч Олусегун Обасанжо Хатан хаан II Элизабеттэй уулзах үеэр үндэснийхээ хувцас болох жигтэй малгай, халат мэт нөмрөг өмссөн байхыг нь хараад “Та улсын удирдагч биш харин унтлагынхаа өрөө рүү явж байгаа эр шиг харагдаж байна” гэж билээ. Францад айлчлал хийж саатаад, өглөөний унданд гахайн мах, өндөг, салмон загас, халуун шоколад зэрэг байхыг харчихаад “Үгүй ер, францчууд өглөөний цайг хэрхэн бэлддэгийг ер мэдэхгүй юм гээч! гэж идээ, ундны соёлоор баялаг түүхтэй гэж барддаг энэ улсын тогооч нарыг нэг сайн “чимхсэн” түүх ч бий. Харин Их Британийн Хатан хаантай 65 жилийн турш ханилахдаа тэр улс орны амин чухал асуудал ер оролцож байгаагүй. Уг нь ордныг тухайн цаг үед эрх барьж буй хааны нэрээр нэрлэдэг. Тиймээс хурим болон VI Жорж хаан (II Элизабетийн эцэг) нас барсаны дараа ордны нэрийг хэрхэн өөрчлөх вэ гэсэн асуудал босоход бүх нийтээрээ “Маунтбаттений ордон” гэх байлгүй дээ гэж хүлээж байв. Гэвч Элизабетийн эмэг эх Хатан хаан Мэри болон тухайн үеийн Ерөнхий сайд Уинстон Черчилл нарын няцаалтаар “Виндсорын ордон” хэмээн нэрлэсэн. Мөн ууган хүү, одоогийн Уэльсийн хунтайж мэндлэхэд тэр хүүгээ өөрийн овгоор нэрийдэж болсонгүй. Хаан өвөөгийнх нь нэрээр Чарльз Артур Жорж гэсэн нэр хайрлаж байв. Энэ үйл явдлын дараа “Би хааны ордны бяцхан амёб шүү дээ. Төрсөн хүүгээ өөрийнхөө овгоор нэрлэж чадахгүй Их Британи дахь цорын ганц эцэг би” гэж хошигнол, харууслын дундуур хэлж байлаа. 800 байгууллага, сангийн гишүүн тэрбээр саяхан бүхий л албан тушаалаасаа өөрийн хүсэлтээр чөлөөлөгдсөн юм билээ. Харин одоо тэр бие нь чилээрхэхгүй л бол зураг зурж суудаг болсон гэнэ лээ. Бараг бүтэн галерей нээчих хэмжээний байгалийн судалбар зургууд түүнд бий гэлцдэг юм. 
            Анх Элизабеттэй суухад амьд сэрүүн байсан VI Жорж хаан түүнд Эдинбургийн гүн хэмээх хэргэм олгосон. Дараа нь Элизабет Хатан хаан болмогц эр нөхөртөө Их Британийн ханхүү болгосон. Өнгөрсөн жил болсон Филиппийн 90 насны ойгоор Тэнгисийн цэргийн адмираль гэх хэргэмийг эхнэрээсээ гардсан. Гэвч түрүү булчирхайн хорт хавдараа эмчилж чадахгүй байсаар нурууны эмгэгтэй тулж хунтайж Филипп амьдралынхаа сүүлийн жилүүдийг хүндхэн өнгөрүүлж байна. Магадгүй, Хатан хаан ч бас олны өмнө барагтай л бол ил гарахгүй байгаа нь улсынхаа дээд эрх мэдлийг хамгийн удаан хадгалж буй тэд энэ насандаа л амарч, амгалан байхыг илүүд үзсэн юм байлгүй дээ. Бүхий л үлгэр домогт гардагчлан Хааны ордон гэгч хайрлаж дурлахад хамгийн тохиромжгүй газар байдаг санж. Нэгэн эзэнт гүрний, нэгэн хатны нөхрийн, нэг даруухан түүх анх яаж эхэлсэн яг тэр хэвээрээ ажин, түжин хөвөрч яваа нь л энэ билээ. 

Тэд мэдэрдэг, үхэл ямар гашуун болохыг


  Хэрээний талаар сайхан сэтгэгдэлтэй хүн ховор. Бидний багадаа уншсан бүхий л үлгэр, домогт хар хүчний хамсаатан болно. Хараалч, сувдаг, бусдын үлдэгдэл сэгээр хооллогч, зовлонгийн зөнч, чөтгөр шуламын зараалч гэнэ. Үлгэр, домог нь ятгуулан сэнхрүүлэх агуу их шидтэй болохоор бидний ихэнх маань зарим амьтдын, тэр дундаа хэрээний тухайд өөрийн мэдэлгүй л элдэв хар сэжигтэй болчихсон байдаг. Гэвч хэрээ дотроо бол гаднах шигээ тас хар, арилчихсан амьтан биш ажээ.
Зэрлэг байгаль судлаач Жон Марзлафф хэрээд үхсэн нэгнийхээ араас хэрхэн гашууддаг болохыг олон жил судалсан хүн. Тэгэээд тэр ийм нэгэн зүй тогтлыг ажиглан тогтоожээ. Хэрээний сүргээс хэн нэг нь үхснийг мэдмэгц, хоёроос гурав нь холдолгүй манаж байдаг. Урьд урьдынхаас илүү чанга дуугаар хашгиран гуагчих бөгөөд нисэлт нь хүртэл эрчимлэг болно. Бусдыгаа дуудаж байгаа нь энэ. Төд удалгүй зуу зуун хэрээ нисэн ирж, мөнөөх үхсэн хэрээний дэргэд цуглаад хэдэн цагаар огт чимээгүй шомбойн сууна. Тэгснээ энд тэндээс жижиг мөчир, өвс зууж ирээд үхсэн нэгнийхээ дээрээс далд ортол нь шидлээд, “оршуулгын ёслол”-ыг өндөрлөдөг аж. “Тэд мэдэрдэг, үхэл ямар гашуун болохыг” хэмээн Жон Марзлафф ярьсан бөгөөд тэрбээр энэхүү үйл явдлыг хэдэн зуун удаа харж, баримтуулж авсан байна. Хүн оюун ухаан, зүрх сэтгэлтэй учраас амьтдаас ялгардаг, магадгүй дээд төрөл нь болдог гэж бидний ихэнх нь боддог. Тэгтэл биш ажээ. Шиншлэх, содон дуу авиа гаргах, хуцах, жиргэх, гуаглах зэрэг нь ямар ч утгагүй хоосон үйлдэл үү. Амьтдын дуу авиа, үйл хөдлөлийг бид хараахан мэдэрч чаддагүй гэдэг нь тэд сэтгэл хөдлөлгүй, сэтгэдэггүй гэсэн үг мөн үү. Бидний хэлийг ойлгодоггүй шигээ сүргээс хэн нэг нь үхвэл тэд мөн л юу ч болоогүй мэт ажин түжин байдаг болов уу.
Үр нь үхсэнтэй үл эвлэрсэн эх сармагчин зулзагынх нь цогцос хөрч, ялзрах хүртэл хэдэн өдрөөр биеэсээ салгалгүй, тэвэрч суудаг. Дотно нөхөр нь нас барсаныг мэдвэл нохой, муур хоолоо ч идэлгүй нам жим болдог бөгөөд муур тасралтгүй гийнан дуугарсаар байдаг. Бонобо мичнүүд үхлийн өөдөөс чулуу, мод шидлэн, цээжээ чангаар дэлдэн хилгэнэдэг аж. Итгэхэд бэрх ч үнэхээр тэд үхлийг мэдрэхийн сацуу гашуудлаа өөр өөрсдийн ёсоор илэрхийлдэг юм байна. Аргагүй л дээ, амьтад бидний л нэгэн адил байгалийн нэг хэсэг бөгөөд амьсгалж байдаг шигээ сэтгэл хөдлөлөө ч бас илэрхийлж л таарна. 
 Тэд үхэл хэзээ нэгэн цагт ирнэ гэдгийг мэддэг эсэхийг бид мэдэхгүй. Мэддэг байлаа ч мөнхийн амьдрал байж магадгүй гэж бас найддаг ч байж мэднэ. Кенийн үндэсний цэцэрлэгт хүрээлэнд Элеанора хэмээх заан амьдарч байсан бөгөөд 2003 онд ижил сүргийнхнийхээ дэргэд нүд аньжээ. Сүргийнх нь бусад гишүүн эхэндээ үхлийг “үнэрлэсэнгүй”. Хөдөлгөөнгүй болсон цогцосных нь дэргэд удаан зогсон хошуугаараа хүрч үзэн, хөлөөрөө зөөлөн өшиглөж байж. Маргааш нь Мауи гэх нэртэй заантай хамт түүний цогцосыг орхиод бусад нь хэдэн тийш тарж, төд удалгүй сүргийн бусад гишүүд ирсний дотор Элеонорагийн зургаан сартай тугал хамт иржээ. Бүхэл бүтэн долоо хоног бяцхан тугал эхийнхээ дэргэдээс холдоогүй бөгөөд сүргийн зарим гишүүн ч үргэлж хамт байгаад байж. Эхийнх нь хөхнөөс дусал ч сүү гарахгүй байсан ч, тугал хатах завдал өгөхгүй хөхсөөр л байсан аж. Ингэсээр тав хоногийн дараа тугал ч мөн адил нас барсан байна. Харин сүргийн бусад гишүүн тэдний цогцосыг ялзрах хүртэл цөөвөр чоно, арслан зэрэг махчин амьтдаас хамгаалсаар байсан гэдэг.
Сармагчингууд бусдаасаа ухаантай учраас нэгнийгээ үхэж буйг мэдэрдэг. Голландын Арнхемийн амьтны хүрээлэнгийн Оортже хэмээх сармагчин хорт могойнд хатгуулж, аажмаар үхэж байж. Хүрээлэн хаалгаа барьж, хүмүүс холдох хүртэл юу ч болоогүй мэт байсан тэд орой нь Оортжег тойрж, ээлж ээлжээр нүдийг нь нээж хараад байсан гэнэ. Тэгснээ бүгдээрээ цээжээ дэлдэн орилж эхэлсэн бөгөөд ажилтнуудыг ирж, тусламж үзүүлэх хооронд Оортже хорвоогоос хальжээ. Амьтад, тэр дундаа сармагчин зөвхөн өөрийнхөө ижлийн үхэлд гашууддаггүй. Кенийн үндэсний цэцэрлэгт хүрээлэнгийн нэгэн бонобо сармагчин Габун хорт могойд хатгуулж, нас барахад сүргийн бусад гишүүд мөнөөх могойг чулуугаар цохиж алжээ. 
Тэгтэл үхмэгц нь саяхан дайсагнаж, хөнөөсөн тэд гэнэт л “сайхан сэтгэлтэй” болж, газар малтан мөнөөх могойг хаяад, дээрээс нь өвс, зомгол сэлтийг хаясан байна. Муур бол бүр сонин. Яг л алдарт Хачико нохойн түүх шиг, Сиамын муурны ихэр нь өнгөрсний дараа үлдсэн нэг нь байшингийн дотор булан, тохой бүрээр мөшгин явсаар, яг үхсэн газар нь ирээд нам сууж, тэндээсээ хэд хоног огт босоогүй аж. Мөн Гвинейд нэгэн эх сармагчин монш нь үхснээс хойш 68 өдөр буюу, бараг зандштал нь биеэсээ салгалгүй байсан түүх ч бий.

Хүмүүс бид өөрсдийгөө ухаантай гэдэгт итгэн амьтны ангиллын хамгийн дээр оюун ухаант хүн хэмээн залсан. Гэвч биднээс ухаан мөхөс гэгдэх амьтад байгальтай яг урьдын хэвээр эвлэг зохицоод амьдарсан хэвээр л байна. Тэднийг бид сэтгэл зүрхгүй, сэтгэлийн хөдлөлгүй л гэдэг. Гэвч тэд эх болсон байгалийнхаа төлөө эрээ цээргүйгээр нулимдаггүй. Заан газар ухаж, баавгай мод тарьж, зээр нугыг түймэрддэггүй гэдгийг мэднэ. Хүн хүнээсээ бүр их холдож буй өнөө цагт бид амьтдын тухай маш ихийг мэдэх хэрэгтэй. Тэгээд тэднээс маш ихийг сурах ёстой. Учир нь тэд анх ирсэн төрхөөсөө төрөл арилжин холдоогүй шүү дээ.

Aug 24, 2013

Би эрин

    

Энд би өөрийнхөө тухай, намайг би өөрөө юу гэж боддог талаар, миний тухай надад ямар бодол байдгийг бичих гэсэнгүй. Учир нь нийгмийн сүлжээгээр өдөр бүр би өөрийнхөө тухай бичдэг болохоор тэр. Харин өөрөө нэгэнт түүх болсон өтөл буурал өвгөд намайг яагаад залхуу, амиа хичээсэн, өрөөлд тусгүй, мэдлэг гүе, нойр бөх, номд хойрго гэж адалдаг талаар бичих гэлээ. Гэхдээ энэ би өөрийн талаар өөрийн бодлыг сийрүүлэх гэсэнгүй. Надад судалгаа, бас баримт байна. 
    Бидний үеийнхнийг БИ гэх үг бүрэн төлөөлнө. Бид биш, тэд бүр биш, зөвхөн БИ. Хэлэх, сэтгэх эрх чөлөөг хүртэл боомилдог байсан урьд үед үгийн үнэ цэнэ гээч тэнгэрт тулж байсан байтал одоо би л гэхэд дээрх хэдхэн өгүүлбэрийг бичихийн зуур Фэйсбүүкээ гурвантаа шалгаж, нэг статус бичиж амжсан байх юм (нэг их чухал ч юм биш).  Одоогоос хэдхэн жилийн өмнө айл бүрийн гэрэл зургийн цомогт хуримын, дунд болон их сургуулийн, мөн цэрэгт байх үеийн зураг л байдаг байв. Сайндаа л нэг хоёроос хэтрэхгүй тэмдэглэлт баярын инээмсэглэсэн зураг байх. Гэтэл одоо яав? Би гадуур нэг цаг зугаалах зуураа өөрийн, тэжээвэр амьтан, үзэж харсан сонин хачин зүйлс болоод идэж, уусан юмсынхаа зургийг авахад л гэрэл зургийн нэг цомог дүүргэж чадна, болно. Бидний үеийн залуусаас альбумтай нь цөөн. Байлаа ч ойрын хэдэн жил шинэ зураг нэмээгүй байх нь олон. Фэйсбүүк, Инстаграм руу нь харин орж харвал ихэнх нь, дийлэнх нь ганцаараа авахуулсан зураг байж мэднэ. Гурван настай хүүхэд камерт яаж харагдахаа мэддэг болж, энэ үедээ хэдийнэ XVII зууны үеийн хаанаас ч олон хөрөгтэй болсон байх. “Тэд яг л бидэнтэй ижил зарчимтай. Алдартан мэт өөрийнхөө зургийг хаа сайгүй дарж, бүхий л сүлжээгээр түгээдэг” хэмээн “Us weekly” шар сэтгүүлийн эрхлэгч Майкл Стийл ярьсан нь ортой.  
    Футурист, зохиолч Кристофер Ласк 1979 онд бичсэн “Нарциссизмын соёл” номдоо “Хэвлэл мэдээлэл илүү чөлөөтэй болж, технологи хөгжихийн хэрээр би, би гэсэн үзэл гаарч, хүүхдүүд бүр багаасаа л алдар нэр мөрөөдөж өсөх бөгөөд ирээдүйд дэлхий дээр хүний тоо олшрох боловч хоорондын харилцаа нь тэр хэрээр холдох болно” хэмээн бичиж байж. Тэрбээр зөн билэгтэн бус, ирээдүй судлаач байсны хүчинд энэ бүхнийг урьдаас харсан атал өөрийн нүдээр үзэхээс өмнө 1994 онд таалал төгсчээ.
    “Time” сэтгүүлийн саяхны дугаарт “Me, me, me Generation” хэмээн нийтлэл гарсан нь 1990 оноос хойш төрсөн буюу дээд тал 23 нас хүрч буй шинэ үеийнхний талаар байв. Энэхүү нийтлэлээ бичихийн тулд тэд дэлхийн 58 орны 20 мянга гаруй залуусаас сорил авахад нарциссист үзэл гурав дахин нэмэгдсэн байжээ. Дээрх сорилоос “Би эрин”-ийн төлөөлүүд бэлгийн харилцаанд эрт орж, ганцаараа ч байсан хамаагүй тусдаа гарах, хичээлийнхээ хажуугаар ажил эрхлэх үзэгдэл урьд байгаагүй ихээр нэмэгдсэн болох нь анзаарагдсан аж.
    23-аас доош насныхан улс төр, шашины талаарх өөрийн үзлээ яг л дуртай хамтлаг, дуучныхаа тухай ярьж буй мэт итгэл төгс өгүүлж чадна. Тэгээд бүр зогсохгүй тогтмол энэ талаар бичнэ (мэдээж өдрийн тэмдэглэлдээ биш, блог болон нийгмийн сүлжээний цахим хуудаст). Тэдний ихэнхийх нь улс төрийн үзэл баримтлал бол улс төрийг үзэн ядах. Энэ тухайгаа тэд хамаа намаагүй бичдэг атлаа сонгуульд саналаа өгдөггүй, бас элдэв жагсаал цуглаан болоход оролцдоггүй. Хажуугаар нь сэмээрхэн өнгөрөх далимдаа жагсагчдын зургийг авч өөрийн хуудастаа оруулснаар тэдний хувьд жагсаал, цуглаан өндөрлөх жишээтэй.
Тэд урьд хорьж, хориглож байсан бүхнийг үл тэвчдэг бөгөөд тэр хэрээр юуг ч хүлээж авахад бэлэн. Арьс өнгөөр ялгаварлан гадуурхах, ижил хүйстний гэрлэлтийг үл зөвшөөрөх, хар тамхи, мансууруулах бодисыг хорих зэргийг тэд хүлцэж тэвчдэггүй. Тэд урьд нийтээр чимээгүй дагаж мөрддөг байсан дэгийг эсэргүүцдэг мөртлөө, тухайн үед хориотой байсан бүхнийг өөгшүүлэн дэмждэг. Өөрийг нь бүрэн хэлхсэн техник, технологиудад завсаргүй хүчиндүүлдгээс болж өглөө сэрэхдээ маруухан атлаа тэд маш яаруу. Хувийн орон сууц, машин, хүссэн ажил, өөрийн гэсэн бизнесээ эхлэх санаа тэдэнд маш эрт сууж, өдөр бүр бодолд нь хонх болон жингэнэдэг болсон. Тийм учраас “Би эрин”-ийхэн шинэ ажилд удаан тогтдоггүй. Эрт үүрлэсэн мөрөөдөл нэгээс нөгөө тийш зугтахад хүргэдэгээс гадна нэгэн хэвийн хөшүүн байдал, удирдлагын шаардлага сэлтийг хүлээн зөвшөөрдөггүйсээ болж 30 хүрэхээсээ өмнө тав, зургаан ажил сольсон байх нь гайхах зүйл биш болжээ. Дээр дурдсан шинжүүдээс харахад, захын нэг өсвөр насны хүүхэд Фэйсбүүктээ 500-гаас дээш найзтай болсонтой нь харьцуулбал тэдний гэр бүл зохиох, хүүхэд төрүүлэх нас улам л ухраад байгаа нь гайхаш төрүүлмээр.
Тэглээ гээд энэ нь муу гэж хэн ч хэлээгүй. Марк Зукерберг 30 нас хүрэхээсээ өмнө дэлхийн тэрбум гаруй хүнийг нэгтгэсэн цахим хуудас бүтээж, тэрбумтан болсон бол 27 настай Лэди Гага дэлхий даяар 31 сая хувь цомог борлуулж, 15 настай Малала охин Нобелийн Энхтайвны шагналд нэр дэвшиж, дурсамж номоо бичих дөрвөн сая ам.долларын гэрээ үзэглээд амжсан. 17 настай Ник ДАлоисиогийн зохиосон “Summly хэмээх программыг “Yahoo” 30 сая ам.доллараар худалдаж авсан бол АНУ-ын Дорсет хэмээх жижиг хотын захирагчийн суудалд дөрвөн настай хүү Роберт Тафтс суусан түүх ч байна (Түүх ч бас биш юм, хараахан түүх болж амжаагүй нэн саяхны явдал).
1980-аад дэлхий нийтээр нийгэм цаг үеийн байдал эрс өөрчлөгдөж, эцэг эхчүүд хүүхдүүдээ багаас нь чиглүүлж, ирээдүйд нь анхаарах нь ихэссэн. Ямар хүн болохыг нь заадаггүй юмаа гэхэд ядаж л төгөлдөр хуур, баллет, бие хамгаалах урлагийн дамжаанд явуулж, багаас нь илэрсэн сонирхлыг нь улам гүнзгийрүүлэхэд санаа тавих болсон. “Юу ч болоогүй, хэн ч уриалаагүй байхад л эцэг эхчүүд нэг л өдөр өрсөлдөөнд орж эхэлсэн. Хүүхэд хар зөнгөөрөө, нийгмийн ая тухд тааруулаад зохицож амьдрах хөг өнгөрсөн гэдгийг мэдмэгцээ л ингэх болсон байдаг. Магадгүй тэр үеийн эцэг эхчүүд маш сайн футуристууд байсан байх” гэж “Dreamworks” кино компанийн хүний нөөц хариуцсан захирал Дэн Саттервэйт ярьжээ (Энэ компанид 30-аас доош насны 2200 ажилтан байдаг). Дан ганц нэг чиглэл хөөх нь эрсдэлтэй гэж эцэг эхчүүд ч, хүүхдүүд ч маш сайн ухамсарлах болсон. Тиймээс тэд чадахаасаа чадахгүй хүртэл бүхий л зүйлд өөрсдийгөө сориход бэлэн. Шинэ юм гэдэг бол тэдний хувьд ус, агаараас ч үнэ цэнэтэй зүйл бөгөөд түүнийг танин мэдэж, өөрийн болгох нь хообий нь болсон гэлтэй.
 “Би эрин”-ийнхэнд хэн ч, юу ч хамаагүй. Тэд өөрсдийгөө бүхэл ертөнц гэж бодохын сацуу, хэдийгээр долоон тэрбум хүнтэй дэлхийд амьдарч байгаа ч Робинзон Крузогоос өөрцгүй. Гол нь тэд хамгийн жаргалтай Крузонууд. Учир нь тэд “арал дээр хаягдах”-ыг, ганцаараа байхыг өөрсдөө хүсдэг. Өөрсдийнхөө зургийг авах боломжтой гар утас, элдэв сэтгэгдлээ чөлөөтэй бичих компьютер байхад л хангалттай. “Би эрин”-ийхэн ганцаардал гэж ярьж, бичдэг ч чухам юунаас болж ганцаардаж буйгаа мэддэггүй. Ганцаардаж байна гэж Фэйсбүүктээ бичсэн байлаа ч бусадтай хамт байж бас чадахгүй. Яг л хөдөө очиж амрах юмсан гэсэн тайлбартайгаар байгалийн зураг хэдэн арван удаа аплоад хийдэг ч нэг ч удаа явдаггүйтэй нь ижилхэн. Учир нь тэдэнд зөвхөн өөрсдөө л хэрэгтэй. “Би”-д нь “би” нь л чухал.
Ахмад үеийнхэн цагийн цагт л өөрөөс нь залуу хүмүүсийг элдвээр гоочилж, чамлаж байдаг. Тэгвэл “Би эрин”-ийнхэн өтөл болсон хойноо юу гээчийн үеийг үзэж, тэдэнд юугаа хэлэх нь сонин. “Би эрин”-ий дараа ямар үе өсөж бойжих нь түүнээс ч сонин!