Sep 2, 2012

Сумын сургуулиас цуурайтах мөнгөн хонхны дуун









            Төв аймгийн Зуунмод сумын IV дунд сургуулийн хичээлийн шинэ жилийн нээлт 09.00 цагаас эхлэх хуваарьтай байсан ч биднийг 08.10 цагт очиход зургаан настай О.Амин-Эрдэнэ хэдийнэ ирчихсэн байлаа. Энэ жил анх удаа сургуулийн босго алхах гэж буй зургаан настай тэрбээр нээлтийн хонхыг цохих хүндтэй үүрэг хүлээжээ. Бас шүлэг унших гэнэ.
“Цэцэгхэн насаа үдэж, цэцэрлэгээ бид төгслөө.
Мөнгөн хонхны дуунаар мөрөөдлийн сургуульдаа ирлээ...” хэмээн унших шүлгээ цээжлэн сургуулийн хонгилоор алхаж байна. “Ах аа, аав ээж надад цоо шинэ цүнх авч өгсөн. Та харах уу?” гэсээр надтай уулзав. “Дэвтэр, шугам, үзэг, харандаа...бас сам байгаа. Барбины зурагтай гоё сам байгаа биз” гэлээ. Зунжин амарч, гэртээ өнжсөн хүүхдүүд ангийнхантайгаа уулзах гэж яаран ирсэн нь илт. Зуун мод сумын IV дунд сургууль Төв аймгийн төвөөс ердөө 4.5 км-ийн зайтай Зүүндэлгэрт багт байдаг. Төв аймгийн төвд гурван ч сургууль бий. Харин уг сургуульд энэ хичээлийн жил 265 сурагч суралцахаар бүртгүүлжээ. Эцэг, эхчүүд төвийн сургууль бараадалгүй, яагаад сумын сургуульд хүүхдүүдээ сургаж буй нь сонирхол татав. Ойролцоох Сэргэлэн сумын хичээлийн шинэ жилийн нээлтэд 50 хүрэхгүй сурагч оролцож байхад энд бол өөр. “Сумын сургууль хэдий ч сургалтын чанар нь сайн. Өнгөрсөн жилийн Ерөнхий шалгалтад энэ сургуулийн төгсөх ангийн сурагчид найман хичээлээр аймагтаа, гурваар нь улсад тэргүүлсэн. Тиймээс хүүхдээ энэ сургууль руу шилжүүлсэн” хэмээн Сэргэлэн сумын иргэн Э.Батболд хэлэв.
Өглөөний нарны шижир туяа зүгт бүрт цацарч, шинэ хувцсаа өмсөж, инээмсэглэлээр нүүрээ чимсэн сурагчид хоёр, гурваараа зуны амралтын сонин сайхныг хэлэлцэн сургуулийн зүг айсуй. Зүүндэлгэр багт нэг л сургууль буй учраас энэ өглөө хүмүүсийн хөл хөдөлгөөн нэг чигт, зүүн хойд дэнж рүү төвлөрч байна. Сургуулийн захирал Ө.Дуламсүрэн нээлтийн үг хэлсний дараа шинэхэн сурагч О.Амин-Эрдэнэ “Далгавараа марталгүй, дандаа онц сурдаг сайн сурагч болоорой” хэмээн захиад түрүүжин бэлдсэн шүлгээ уншиж, сонирхуулсан. Дараа нь тэрбээр XI ангийн сурагч Б.Батбаясгалангийн хамтаар мөнгөн хонхны дуу хангинуулж, эрдэм номын их аяндаа гарах цаг болсныг мэдэгдлээ.
Анги бүрийн самбарын хажууд зурагт байрлуулжээ. 10.00 цагаас Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж “Хүн болох багаасаа” сэдэвт хичээл заах гэнэ. Зурагт хүрэлцээгүйн улмаас I, II ангийнхан хамтдаа нэг ангид суужээ. Тэгтэл зургаан настай Н.Буяннэмэх ээж нь ангид байхгүйг гэнэт мэдээд, уйлж гарав аа. Тэр мөддөө тайвшрах янзгүй учраас багш Д.Даваадулам ээжийг нь ангид оруулж, Ерөнхийлөгчийн заах хичээлд хамтдаа суулгав. Гэвч цэцэрлэгийн ширээнээс сургуулийн босго дөнгөж алхаж буй тэдэнд сайн хүн болох тухай номлох Ерөнхийлөгчийн хичээл сонирхолтой санагдаагүй бололтой. Хөвгүүд хойно суугаад шинэхэн үзэгнийхээ шидийг ангийн ширээн дээр туршина. Тэдний хажууд дөрвөн ч хөвгүүн бөөгнөрсөн харагдана. Х.Буян-Арвижих анх удаа өөрийн гэсэн гар утастай болсноо гайхуулж байгаа нь тэр. “Чиний утасны дугаар хэд вэ?” гэж асуухад, “76, 86, 87...ммм 65” гэлээ. Ширээний ард удаан сууж сураагүй тэд бие засахаар гарав. Сургуулийн жорлон гадаа байдаг учраас багш нь хөтөлж, галуу цуваа шиг нэг эгнээнд жагсаад, шуугилдан одлоо. “Хүн болох багаасаа” сэдэвт хичээл ороод, эхний өдөр дуусав. Маргааш тэд зураг, дууны хичээлтэй. Бас “Монголын нууц товчоо” сэдэвт хичээлийн үеэр багш Д.Даваадулам Чингис хааны баатарлаг түүхээс сонирхуулахаар зэхснээ ярив.
Залуу багш Ц.Нарангэрэл өнгөрсөн жил анхны ангиа төгсгөж, энэ жил V ангийг дааж авч буй. “МУИС-ийн биологийн ангийг төгсөөд, Борнуур суманд хоёр жил ажилласан. Харин энэ сургуульд ирээд найман болж байна. Сумын сургууль, хотын сургууль ялгаагүй. Хөдөөгийн хүүхдүүд багшийгаа хүндэлнэ, орчин нөхцөл нь хотынхон шиг тансаг биш учраас хичээлдээ маш их мэрийдэг. Тиймээс би цаашдаа ч энэ сургуульдаа багшилна гэж бодож байгаа” хэмээн тэрбээр ярьсан. Өнгөрсөн жил түүний шавь нар Элсэлтийн ерөнхий шалгалтад хими, биологийн хичээлийн хэмжээст онооны дунджаар аймагтаа тэргүүлсэн байна. Тэдний эл амжилт энэ хичээлийн жилд сургуулиа төгсөх ахлах ангийн сурагчдын бахдалыг төрүүлж, урам зоригийг нь сэргээжээ. “Би сургуулиа төгсөөд эдийн засагч мэргэжлээр суралцахаар төлөвлөж байгаа. Хүссэн мэргэжлээ эзэмшиж, төгсөөд Зүүндэлгэр багтаа ажиллаж гэж боддог” хэмээн 11a ангийн дарга О.Цэрэнтогтох ярьсан.
Сургуулийн хүндэт самбарын хажууханд, “Хүн бүрт жижиг хонх нуугдаж байдаг. Хэрэв түүнийг нь зөв хөглөж чадвал улам сайхан аялгуугаар эгшиглэнэ” хэмээсэн М.Горькийн үгийг ишэлсэн самбар байхтай таарав. Тийм ээ, хүүхэд бүрийн дотор нуугдаж буй тэр хонх Монголын хөгжлийн хөг болох учиртай. Хонх минь жингэнэн дуугар, дэлхий нийтээр сонстол цуурайтаарай. 

No comments:

Post a Comment