Jan 23, 2011

Амьтан тэжээхээ больё


Өвөөгийндөө өвөлжөөд, зун нь гэртээ ирсэн зургаан настай надад гэрийнхэн маань варений шилтэй найман загас бэлэглээд, удахгүй аквариум авч өгөх тухай амлахад ямар сэтгэл хөдлөл үзүүлэхээ би мэдээгүй. Үзүүллээ гэхэд яав ч олигтой нүүрний хувирал гаргахгүй байснаа л тодорхой санадаг юм. Тэр өдөртөө, усанд явах зуураа би тэднийг Дондогдуламын рашаанд юүлж орхисон. Ээж минь намайг амьтан хайрлаж мэдэхгүй хэрцгий хүн гарах нь дээ гэсэн харцаар “шагнах” тэр үед рашааны хүйтэн усанд өнөөх загаснууд тэсэж үлдээ болов уу гэсэн бодол зурсхийж байсан. Амьтан хайрлах хайр хамгийн хүчтэй илэрсэн үе минь тэр байж дээ гэж одоо ч бодогддог.
Удалгүй “Баавгай” нас барсны дараа манайх нохой тэжээх оролдлого дахиж хийгээгүй. Тэр цагаас л хойш би хүнээс бусад амьтантай төдийлэн ойртож, дотносоогүй юмдаг. Гэхдээ үүрнийх нь гадаа элсэн чихэр асгахад идэхээс урьтан үүр рүүгээ зөөх шоргоолж, зөвхөн зурагтаар л “уулзсан”, чулуунд дурлагч оцон шувууг харахад төрдөг гайхалтай мэдрэмж арилчихаагүй гэж найддаг. 4.5 тэрбум жилийн өмнө дэлхий үүсэж, анхны амьд биет бүрэлдсэн гэдэг эрдэмтдийн тооцоо үнэн бол геологийн цагаар авч үзвэл хоног дуусахаас ганцхан хормын өмнө хүн ухамсартай болсон гэнэ лээ. Яг энэ хормоос л эхлэн хүчтэй нь хүчгүйгээ
гэх дээрэлхүү үзэл дээд цэгтээ хүрсэн болов уу гэж би таамагладаг. Үүнээс өмнө амьдрахын төлөө тэмцэл өрнөж, амьтад нэгнийгээ найз биш хоол гэсэн нүдээр харах явдал байгаагүй гэж гүжирдэхгүй л дээ. Гэхдээ чоно, баавгайн толгой яаж ч “эргэсэн”, туулай тэжээх тэнэг бодол орж ирэхгүй гэдэгт итгэдэг. Бодоод байх нь ээ, бидний амьтан хайрлах хайр нэг л өөр, гаж юм шиг. Логикийн хувьд ямар ч утга авцалдаагүй гэж нэрлэсэн ч зохих юм уу.
Нохойд хайртай хүн хэзээ ч хөөрхий гөлгийг эхийнх нь халуун өврөөс салгаж, хашаандаа гинжилж орхихгүй. Уяатай нохой өөрөө яаж ч тэмцээд хоол олж чадахаасаа өнгөрсөн тохиолдолд эзэндээ бялдуучилж, яс горьдон мурилзах “өрөвдөлтэй үзүүлбэр”-ийг харж таашаал авдаг этгээдүүд амьтанд хайртай гэж ярихаар яав ч үнэмшилгүй сонсогдоно. Өөрийгөө амьтанд хайртай гэж боддог танилынхаа гэрийн шилэн хоргон дахь загасыг харахаар өрөвдөх сэтгэлээс өөр хариу үйлдэл үзүүлж чаддаггүй. Тэр хорго нь шоронгийн зэврүүн өрөө шиг санагдаж, доторх хоёр хенли нь цаазын ялаа хүлээж суугаа хоригдлоос ч өрөвдөлтэй харагддаг. Ингэж таашаал авдаг “маньяк”-уудыг би өөрсдийг нь загас болгоод хоргонд хорьж байгаагаар төсөөлөх “дуртай”. Хэрвээ бидний туулай, усан гахай, нохой, муур тэжээх нь амьтан хайрлах хайрын шинж тэмдэг мөн юм бол үнэхээр “эгдүү” нь хүрээд хүн хазаад авсан чоныг ч өөртэйгээ адилтган өршөөн соёрхох сэтгэлийг хүн төрөлхтнөөс нэхэх хэрэгтэй. Хүн чоно албал аз хийморийн бэлгэдэл болж, чоно хүн барих аваас жигшүүртэй үзэгдэлд тооцдог “эрэмдэг” маягийн хайр байж болох уу. Би, бас та амьтны ангиллын хамгийн дээр “Оюун ухаант хүн” гэх “шошго”-той залардаг.
Гэтэл “Нохой бол хүний сайн нөхөр, харин хүн нохойны сайн нөхөр мөн үү” гэх эргэлзээтэй асуулт бидний сүрхий нэр хүндийг ганхахад хүргэдэг юм. Гэхдээ буруу биш. Би л хувьдаа “Хүнийг таньснаас хойш амьтанд хайртай болов оо, би” гэж хэлж зүрхэлсэн Гётетой санал нэгддэг.
Төсөөлье л дөө. Баавгай маш сайхан сэтгэлтэй. Тэр хүн гэдэг хоёр хөлтэй, хохимой толгойтой амьтанд жигтэйхэн хайртай учраас ойн гүн дэх үүрэндээ хамт амьдарч, хүнийг тэжээхээр шийдэж. Тэр хүнийг гинжилж, дөнгөлж чадахгүй ч хэтэрхий хайртайдаа үүрнээсээ оргуулахгүй байх арга сэднэ. “Гоё” сонсогдож байна уу. Та баавгайгаар хайрлуулах гээд оролдоод үзэж чадах уу.
Ямар ч тэнэг хүн байлаа, ийм сонголтонд тулбал, утсан чинээ амиа хоохойлон зугтаана. Үнэн ээ хэлье би ч тэдний нэг. Гэхдээ ийм “тэнэг” сонголтыг өөртөө тулгаж, ухаан бодлоо өмхийрүүлчихгүйн тулд амьтан хайрлах хайраа эргээд нэг ухаалгаар харъя гэж уриалах хүсэлтэй байна л даа.
Та бодоод үз дээ. Амьтан, хүн ялгаагүй хэчнээн сая, тэрбум жилийн өмнө уснаас гарч, дэлхийн агаарт зохицох чадварынхаа ачаар хөхтөн амьтны өвөг болсон тэр өчүүхэн эд эсийн л үргэлжлэл. Ялгаа нь бид хэлтэй, хэрэндээ таарсан оюун ухаантай.
Гэхдээ энийг би давуу тал болгон өргөж, амьтны амийг санаан зоргоор эд бад хийлгэн, “янаглан хорлох” үндэслэл болж чадахгүй гэдгийг хэнбугайн ч өмнө хэлж чадна. Жил бүр, зөвхөн шинжлэх ухааны туршилтад хамрагдсан 2.8 сая амьтны талаас илүү хувь нь хорвоогийн мөнх бусыг үзүүлдэг гэсэн аймшигт баримтыг олж үзээгүй, эс бөгөөс ойшоогоогүйдээ та одоо ч өөрийгөө өмөөрч суугаа гэдэгт эргэлзэхгүй байна.
Ганцхан жилд 732 сая гэрийн тэжээмэл амьтан зохисгүй асаргааны улмаас үхэж, 10 тэрбум 280 сая амьтан зөвхөн америкчуудын хоолны ширээнд залардаг гэдэг аймшигт тоо баримтыг сонсоод хүн л юм бол та хирдхийнэ. Бодоод үз л дээ, ганцхан Америкт л ийм байгаа юм чинь дэлхий нийтээр тооцож үзвэл... ээ бүү үзэгд.
Би цагаан хоолтон биш л дээ. Хүй нэгдлээс хойш уламжилж ирсэн махчин араншингаа дийлж чадаагүйн харгайгаар хонь, үхрийн мах зулгаахгүй л бол хоёр ч хонож дийлэхгүй жирийн монгол хүний нэг. Гэхдээ “нэг амь нөгөө амиар хооллоно” гэх байгалийн хуулийг зөрчиж дийлэхгүйгээ мэддэг учраас өөрийгөө өмөөрч дөнгөдөг юм. Хүн анх ухамсартай болсон 150 мянган жилийн тэртээгээс хойш хэчнээн амьтан зооглосныг тооцоход бидний зохиосон ямар ч ухаалаг тоон систем хүрэлцэхгүй нь лавтай.
Хэрвээ энэ хязгааргүй тоон үзүүлэлт танд хангалттай санагдсан бол ядаж амьтан тэжээнэ энэ тэр гэж тэнэглэхээ больё, тэгэх үү. Дэлхий дээр амьд амьтан бий болсон цагаас хойш хүн, жоом хоёрын тоо толгой л зогсолтгүй өсөж байгаа гэсэн мэдээ бий.
Хүн амьдралынхаа турш 40 тонн махан хүнс хэрэглэдэг гээд бодохоор л дотор хачин болдог юм. Гэтэл эсрэгээрээ зөвхөн хүний буруутай үйл ажиллагаанаас болж сээр нуруутны багийн 20 хувь, далай тэнгисийн амьтны 50 хувь нь ор мөргүй устаж, араг яс нь л үлдсэн байх жишээтэй. Нэг бөхтэй тэмээ, хулсны баавгай, тахь... мөхлийн ирмэгт тулаад байгаа амьтны төрөл зүйлийн тоо ч дуусахгүй.
Гэтэл оюун ухаант хүн төрөлхтөн бид “2050 он гэхэд дэлхий дээрх амьтны төрөл зүйлийн 25 хувь нь устаж үгүй болох нь ээ” гэж тооцоолохоос өөрөөр гийж, гийгүүлсэн юм алга. Би амьтны хүрээлэн үзэх дургүй. Аз болж манайд тийм юм байхгүй нь над шиг “солиотнуудад” ашигтай.
Торонд байгаа матар, горилл, баавгай урьд насандаа ямар үйл хийснийхээ төлөөсөнд хү- ний өмнө амьдаараа хатах ял “эдэлж” суугааг харж баясах тэвчээр надад заяагаагүй. Харин хашаанд минь байдаг шоргоолжны амьдралд хэт их орооцолдохгүй, мөр мөрөөрөө эвтэй амьдрахыг би илүүд үздэг. Усны, эсвэл тэнгэрийн амьдрал надад зохихгүй гэдгийг мэдэх учраас газартаа, төрсөн гэртээ амьдрах шиг жаргал надад байхгүй.
Үүний адил загас усандаа, туулай бутандаа, тоть ширэнгэдээ л амьдрах нь тэдэнд заяасан эрх чөлөө, аз жаргал. Хэрвээ та туулайд үнэхээр хайртай л юм бол бутанд нь буцаагаад тавьчих.
Ийм зэргийн хайр танаас гарч чадахгүй бол та амьтан хайрлагч биш. Нохой гудамжинд даарч байснаас манай гэрт хоолтой ундтай, дулаан хэвтэрт байг л дээ гэж та бодож байна уу. Уул талаар гэр хийж амьдрах ёстой энэ амьтныг ер нь хэн суурин газарт авчирсан юм бэ?

2 comments:

  1. Сайхан нийтлэл байна амжилт хүсье улам сайн нийтлэл бичээрэй чамтай хэзээд санал нэг байхаа хэлье

    ReplyDelete
  2. сайн бичдэг юм байнаа, хэзээ нэгэн цагт хаа нэгэн газар бичих урлахын учигаар учрах байхаа гэж найдъя,,

    ReplyDelete