May 7, 2013

Луугийн атган дахь цаасан шувуу: Сүнстэй хотоос улбаатай юм


Үргэлжлэл... 
      Монголын эзэнт гүрний, тэр дундаа Чингис хааны байлдан дагуулалт, түүх соёлтой холбоотой хөшөө, дурсгал энд бишгүй. Өөд өөдөөсөө харсан хоёр том морины баримал хотын яг зүрхэнд нь байх бөгөөд найман шарга морь, дайтахаар мордож буй баатар эрс, Алунгоо эхийн ачлалыг харуулсан хөшөөг тойроод тоолшгүй олон барилга сүндэрлэжээ. Өнөө мөн барилгын ажил ид үргэлжилж, эргэн тойрон хүчит машины дуу хадсан хэвээр л. Гэвч өдрөөс өдөрт өнгө засаж буй энэ буйд газар нэг л юм дутуу байлаа. Тэр нь оршин суугчид нь. Ер нь эндхийн хүмүүс хааччихсан хэрэг вэ?
     Энэ бол Ордос, “Сүнсний хот” гэдгээр нь хүмүүс сайн мэдэх газар. Эндхийн сүржин, өндөр барилгууд нь нэг бол эзэнгүй хоосон, нэг бол баригдаж дуусаагүй байсан нь анхаарал татмаар. Өвөрмонголын энэ хэсэг газар зөвхөн Хятаддаа төдийгүй дэлхийд нүүрсний нөөцөөр шуугиулж асан 20 жилийн хугацаанд Ордос хот зэгсэн хөлжиж амжсан бөгөөд энэ нь БНХАУ-ын барилгын салбарын хөөс цахрах үетэй яг таарсан болохоор хэнд ч юм зориулж хэчнээн олон барилга барьсныг нь тоолох аргагүй. “Тариаланчид эзэмшил газраа уул уурхай, барилгын компаниудад зарж, түргэн хугацаанд маш их хөрөнгөжсөн. Ажлын байр хэдэн мянгаараа бий болж, орхигдож, мартагсан Ордос гэнэт л баячуудын эгнээнд шилжсэн” гэж Тэнэгэр надад ярив. Ордос явах замд тэр “Өвөрмонгол охид ордос хүнтэй суухыг мөрөөддөг” гэж хэлж байсны учрыг сая л ойлгож билээ.
    Нэгэнт түргэн хугацаанд бэлтэй болсон болохоор байгалийн баялаг гэдэг шавхагддаг эд болохыг мэдэх учраас орон нутгийн удирдлага нь түрхэн зуурын мөнгөний их урсгалыг тогтоон барих гэсэндээ эхлээд аялал жуулчлалын бүтээгдэхүүн бий болгох, дараа нь барилга, орон сууц барихад хөрөнгө зарцуулахаар шийдсэний илрэл энэ аж. Хорин жилийн дараа эргээд харахад энд эзэнгүй шилэн харшууд, худалдан авагчгүй дэлгүүр, хоосон оффисын барилга бүхий гял цял, цоо шинэ хот сүндэрлэн боссон байна. Эндхийн иргэд гэгдэх цөөн хүмүүс хотынхоо хөгжлөөр учиргүй бахдан баясдаг бол эдийн засгийн шинжээчид Ордосыг Хятадын барилгын салбарын хөөсрөлтийн тод жишээ болгон ярьдаг болжээ. Одоогоос ердөө 25 жилийн өмнө л Хятадын Засгийн газар иргэдээ хувийн орон сууц, байшин барилгаа наймаалцаж болохыг хуульчилсан болохоор ч тэр үү, нүүж суух “соёл”-д тэд хараахан дасаагүй байгаа нь илт. “Бид гэнэт баяжсан шигээ гэнэт л ядуурах нь. Энд хэн ч ирэхгүй байна шүү дээ” гэж тансаг зэрэглэлийн орон сууц барихад нэг сая ам.доллартай тэнцэх хэмжээний хөрөнгө зарцуулсан Хуан Ли гэх бизнесмэн BBC-д ярилцлага өгсөн байсныг энд ирсэн хойноо олж үзэв.
      Хятадын нүүрсний нийт олборлолтын зургааны нэгийг дангаар эзэлдэг Ордосын ДНБ нь 49.83 тэрбум ам.доллар буюу Монголынхоос бараг тав дахин их. Нэг хүнд ногдох ДНБ-ий хэмжээгээр улсдаа Бээжингийн дараа хоёрдугаарт жагсдаг. Уг үзүүлэлт 25239 ам.долларт хүрсэн нь Өмнөд Солонгос, ОХУ, Саудын Араб, Туркийнхээс ч илүү гарсан гэсэн үг. Нэгэнт энэ талаар хөндсөнийх, Өвөрмонголын Ордос хотыг өөрийн улсын Өмнөговь аймагтай харьцуулбал сонирхолтой байж мэднэ гээд тооцоо гаргаж үзлээ. Өмнөговь (101.3 тэрбум тонн), Ордос (149.6 тэрбум тонн) хоёрын нүүрсний нөөц  хоорондоо тийм ч их зөрүүтэй биш. Өмнөговийн нүүрсний нөөц цаашдаа нэмэгдэх боломжтой ч гэж үздэг. Хоёул харьяа улсдаа төдийгүй дэлхийд нүүрсний нөөцөөр зуузай холбон, тэргүүнд бичигддэг хэдий ч хөгжлийн хувьд эрс тэс ялгаатай. Эдийн засгийн бодлого, өрсөлдөх чадварын судалгааны төвөөс энэ онд гаргасан “Аймгуудын өрсөлдөх чадварын тайлан”-д бичсэнээр Өмнөговийн ДНБ 283 сая ам.доллар буюу Ордосынхоос 176 дахин бага, нэг хүнд ногдох ДНБ нь 3232 ам.доллар буюу найм дахин дор байх жишээтэй.
   Сүүлийн арван жилд Ордос бараг дангаар шахуу Өвөрмонголын эдийн засгийг өөд татсан бөгөөд 2001 оноос өнөөдрийг хүртэл тус өөртөө засах орны эдийн засгийн өсөлтийн хурд дунджаар 17 хувьтай байсан нь Хятадын өөр ямар ч муж, хотод гүйцэгдэхгүй өндөр үзүүлэлт юм. 2009 онд Өвөрмонголын нүүрсний үйлдвэрлэл дээд цэгтээ хүрч, уг түүхий эдийн олборлолтоор улсдаа тэргүүлсэн. Одоо бол тус улсын нүүрсний нийт олборлолтын 27.8 хувийг Өвөрмонгол дангаараа хангах болсон гэж  “The Economist” сэтгүүлд бичсэн байсан. Зөвхөн нүүрс гэхгүй, газрын ховор элементийн нэг болох германийгийн дэлхийн нийт нөөцийн 38 хувь нь энд бий. Энэ бүх тоон үзүүлэлтүүд хамжсаар Өвөрмонголыг ДНБ-ий хэмжээгээр Хятаддаа 15 дугаарт, нэг хүнд ногдох үзүүлэлтээр хоёрдугаарт бичигдэхэд дэм болсон байх юм.
     Хөх хот, Ордос хотууд нь Хятаддаа нэлээн өндөр эрэмбэтэй болж ирсэн учраас яг л манай Улаанбаатар хотын нэгэн адилаар хүн амын бөөгнөрөл илтэд мэдрэгдэх болжээ. Хамгийн сүүлийн тооцоогоор л гэхэд Хөх хот, Ордост нийлээд Өвөрмонголын хүн амын тэн хагас нь аж төрж байгаа юм байна. Малчид, тариаланчид газраа уурхай, барилгын компаниудад худалдаж, бүгд л томоохон хотууд руу нүүдэллэн ирэх болсон аж.
      Хүнс бараа төдийгүй цахим хуудсууд нь хүртэл эх орны бүтээл байдаг нь эдийн засгийн хувьд томоохон давуу тал болдог. Жишээ нь, энд “Google”-ийн оронд “Weibo”, Фэйсбүүкийн оронд “WeChat”-ийг хэрэглэдэг. Хятадын “Tencent holding” компанийн бүтээсэн “WeChat”-ын ажиллах горим Фэйсбүүктэй тун төстэй бөгөөд өнгөрсөн нэгдүгээр сарын байдлаар нийт 300 сая хүн ухаалаг гар утасны уг апп-ийг ашиглаж байгаагийн дийлэнх нь хятадууд хэмээн “Forbes” сэтгүүлд бичсэн байв.
     Хөх хотод сурдаг оюутан найзынхаа “WeChat”-аас Тэнэгэр хэмээх өвөрмонгол залуугийн тухай би анх олж мэдсэн бөгөөд Чингис хаан, Монголын тухай өдөр бүр мэдээлэл оруулдаг түүнийг найз маань “Их үндсэрхэг хүн байна лээ. Чи уулзах юм бол илүү их юм мэдэж авна даа” гэсэн юм. Хамгийн сүүлд л гэхэд тэр “WeChat”-даа “...Бид хэдийгээр Хятадын нутагт амьдарч байгаа боловч сүүлийн жилүүдэд манай монгол залуус босоо бичгээ хэрэглэхээ байж, эх хэлээрээ ярихаас төвөгшөөх янзтай болжээ. Ингэж болохгүй. Бид эх хэлээрээ ярьж, бичиж байх хэрэгтэй...” гэж ханз үсгээр бичсэн пост оруулсан бөгөөд түүнийг нь гуч гаруй хүн “like” дарж, нэлээд нь санал нийлсэн сэтгэгдэл үлдээжээ. Цахим хуудас битгий хэл албан ёсны бүртгэл, эмнэлгийн шинжилгээний маягт сэлтээс эхлээд бүхий л зүйл хятадаар бичигдсэн байдаг болохоор аргагүй байх. Гэхдээ тэр үе тэнгийн өвөрмонгол залуусаа бодвол крилл үсэг гадарлах учраас Монголтой холбоотой мэдээллийг цаг тухайд нь авч дөнгөөд байдаг ажээ.
       Сурвалжлагын маань эхнээс л нэр нь дурдагдсан, Өвөрмонголд байхад маань олон талаар тус дэм үзүүлсэн Тэнэгэр гэх залуутай Хөх хотын төв талбайн ойролцоох нэгэн кофе шопт анх уулзахаар тохирох үед миний Монголоос авч явсан тамхи дууссан болохоор замаасаа цагаан хайрцагтай, “Nine” гэсэн бичигтэй хятад тамхи аваад дотогш орон хүлээж байлаа. Тэгтэл үсээ  мөлчийтөл нь хусаж, баруун гараа чигт нь готик маягийн шивээсээр хулдсан, харваас монголжуу царайтай, ширүүн харцтай эр орж ирлээ. Дөнгөж мэндэлснээ тэр ширээн дээрх тамхи руу маань зааж, “Чи тэндээс ирсэн мөртлөө хятад тамхитай, би энд байгаа хэрнээ Монгол газрын янжууртай” гээд шоолонгуй инээснээ халааснаасаа “Marlboro гаргаж, намайг дайлсан юм. Үнэхээр ч тэр тамхин дээр нь “Монгол Улсад худалдахыг зөвшөөрөв” гэсэн бичиг байхыг олж харав. Тамхи, цай болон зарим хүнсний зүйлийг тэр Эрээнд байдаг танилуудаараа дамжуулан захиж авдаг аж. Ер нь л тэр хятад хүнс, бараа хэрэглэх дургүй, тэдэнтэй нэг их харилцдаггүй, хятад хүмүүсийн ажиллуулдаг газраар ч үйлчлүүлдэггүй хэгжүүн нэгэн юм байх. Бидний уулзсан кофе шопийг өвөрмонгол хүмүүс ажиллуулдаг болохыг гарахдаа л би мэдэв. Ганцхан тэр биш, миний уулзсан хэд хэдэн өвөрмонгол залуус бага сургуульд байхаасаа эхлээд л хятадуудтай тааламжгүй харилцсаар ирсэн гэж байлаа. Өвөрмонголын их сургуулийн оюутан Үзэм (мөн нэрийг нь өөрчлөв) дотуур байранд нэг монгол, дөрвөн хятад охинтой хамт байдаг боловч хоорондоо мэндэлдэг ч үгүй гэж хэлсэн юм.
      Чухам энэ тухай, улмаар орчин цагийн өвөрмонгол залуусын амьдрал, хятадуудтай хэрхэн харилцдаг талаар болон бусад сэдвээр ярилцлага хийх санал тавихад тэр эрс эсэргүүцсэн. Зүгээр суугаад ярилцаж болно, гэхдээ ярилцлага болгон сониндоо нийтэлж болохгүй гээд байв. Өмнөх нийтлэлд дурдсанчлан, Ар, Өврийг нэгтгэн нийлүүлэх гэсэн сүүлчийн тэмцлийн тухай шалгааснаас болоод бид эхний уулзалтаа зогсоохдоо хүртэл тулсан билээ. Тэр оройноо “WeChat”-аар нь дамжуулан учирлаж, хэрэндээ баахан ятгасны эцэст тэр маргааш нь надтай дахин уулзахаар болсон юм. Ярилцлага өгөхийг зөвшөөрч юуны магад гэсэн горьдлого тээгээд маргаашийн үдээс хойш мөнөөх кофе шопд болзсон цагаасаа эртлэн ирээд хүлээлээ. 
Үргэлжлэл бий. 

2 comments:

  1. Сайхан өгүүлэл байна. Магадгүй ярилцлага нь илүү сонирхолтой байх болов уу?

    ReplyDelete
  2. Ярилцлага нь илүү сонирхолтой болсон ч байж магадгүй. Маргааш үзээрэй хө.

    ReplyDelete